"Глоб Интернэшнл" төв "Иргэдийн мэдэх эрх хангагдаж байна уу?" сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яам(ЦХХХЯ), Хүний Эрхийн Үндэсний Комисс(ХЭҮК), Авлигатай Тэмцэх Газар(АТГ), Монголын Эмнести Интернэшнл байгууллагын төлөөллүүд оролцож хуулийн хүрээнд иргэдийн мэдэх эрхийг хангах чиглэлээр өөрсдийн авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулан байр сууриа илэрхийллээ.
Энэ үеэр ЦХХХЯ-ны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Билэгдэмбэрэл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт сэдвээр илтгэл тавив.
Тэрбээр "Мэдээллийн ил тод байдлын тухай хууль хэрэгжээд багагүй хугацаа өнгөрлөө. Хууль зүйн яамнаас зөвлөлдөн ажиллах ёстой журмуудыг гаргасан.
Бүх төрийн байгууллагын хувьд мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт хэр байгаа нэгдсэн тайланг ирэх дөрөвдүгээр сарын 1-ний дотор Засгийн газарт танилцуулна. Тайлангаа гаргахдаа Хууль зүйн яамны дэргэдэх хараат бус зөвлөл бүх ТББ-уудын хэмжээнд мэдээлэл ил болж, иргэдийн хүртээмжтэй байдлыг хангаж чадсан эсэх дээр хийсэн дүгнэлт дээр үндэслэнэ.
Бид урьдчилсан байдлаар нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд явцын үнэлгээ хийхэд дундаж үнэлгээ 41 хувь гэж гарсан.
Яагаад ийм үнэлгээтэй байна гэвэл нэгдүгээрт хууль хэрэгжээд үнэлгээ хийх, эргээд шаардлага тавих хугацаа хүрэхгүй, хоёрдугаарт иргэдийн хуультай холбоотой мэдлэг, мэдээлэл дутмаг байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.
Төрийн байгууллагуудын хувьд хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд зайлшгүй ил болгох мэдээллүүдийг цахим болон самбар хэлбэрээр түгээх, хэрэв иргэд хүсэлт гаргавал тодорхой хугацааны дотор мэдээллийг өгч байх үүрэгтэй.
Энэ хууль өмнө хэрэгжиж байсан мэдээллийн төрлүүдийг нэмэгдүүлж, илүү өргөн хүрээнд түгээх зарчимтай тул огт хэрэгжихгүй байгаа юм байхгүй. Хууль хэрэгжээд явж байгаа, харин хугацаандаа, хүртээмжтэй, давтамжтай байдлаар, шинэчилж, ил болгох явц жаахан удаашралтай байгаа учраас бид анхаарч шахаж ажиллана" хэмээлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!