Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Отгончимэг: Хөгжлийн Банкны шүүх хурлыг нээлттэй хийнэ гэж шийдвэрлэвэл нөхцөлийг нь чадлынхаа хэмжээнд хангана

Б.Бадамгарав, IKon.mn
2023 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сэтгүүлч нар нэгдэн Хөгжлийн Банкны хэргийн шүүх хуралдааныг нээлттэй зохион байгуулах хүсэлтийг өнөөдөр Шүүхийн Ерөнхий Зөвлөл(ШЕЗ)-д албан бичгээ өгч, биечлэн уулзав.

Энэ үеэр "Шүүх дээр очоод бүдгэрдэг, алга болдог, хэрэгсэхгүй болдог, уддаг ийм жишээнүүд баримтаар ил байгаа. Тодруулбал, "Эрэл"-ийн Д.Эрдэнэбат гэдэг хүн Хөгжлийн Банканд 197 тэрбум төгрөг төлөх ёстой. Энэ шүүх хурал 2018 оноос хойш 17 удаа хойшилж байгаа. 

Үүнтэй зэрэгцээд хөдөөгийн сумдад хуурай сүүний үйлдвэр барина гэж "Монгол драй милк" компани, тод манлай уяач Х.Бат-Эрдэнэ Хөгжлийн Банкнаас 47 тэрбум төгрөг авсан. Зээлээ төлөх ёстой. Маргаан үүсээд бас таван жил болж байна. Нэг шүүгч дээр очоод 17 удаа хойшилдог. 

Хойшилж байгаа шалтгааны ард компаниуд хожиж байдаг. Учир нь маргаан үүсээд эхлэхээр хүү нь зогсчихдог. Тэд хүүгүй мөнгө ашигладаг, бас хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэг хаагдаад, Хөгжлийн Банкны өрийг иргэд татварын мөнгөөрөө төлөх эрсдэлтэй" хэмээн сэтгүүлч Н.Өнөрцэцэг ярив. 

Иймд зээл олголт ямар байдлаар өрнөсөн, ямар хүмүүс зээл аваад, яагаад төлөөгүйг олон нийт мэдэх ёстой гэж сэтгүүлчид үзэж, шүүх хуралдааныг нээлттэй зохион байгуулах хүсэлтийг гаргаж байгаа юм.

Шүүх хуралдаанд оролцогчид, өмгөөлөгч нар, хууль хяналтын байгууллагынхныг оролцуулан тооцвол нэг хэрэг дээр 200 орчим хүн оролцож магадгүй байгаа аж. Үүн дээр нэмээд сонирхсон бусад иргэн болон хэвлэл мэдээллийнхэн гээд үндсэндээ 300 орчим хүн багтаах танхимыг бэлдэж өгөхийг ШЕЗ-өөс хүсэв.

"Хүссэн хэмжээний олон хүнийг багтаах шүүх хуралдааны том танхимд Монголд байхгүй"

ШЕЗ-ийн гишүүн Н.Отгончимэг "Шүүх хуралдааныг зөвхөн шүүхийн байранд хийдэг. Олон хүнийг оролцуулаад аль нэг сургуулийн зааланд зохион байгуулж болохгүй гэж үү гэх бодол тээж байж болох юм. Гэхдээ энэ бол тийм биш. Бид эрх зүйт төртэй улс. Хуульдаа захирагдаж, шүүн таслах ажиллагаагаа явуулах ёстой. Өнөөдрийн байдлаар харамсалтай нь хүссэн хэмжээний олон хүнийг багтаах шүүх хуралдааны том танхимд Монголд байхгүй.

Талууд, өмгөөлөгч, прокурор зэрэг дээр нэмэгдээд сонирхсон хүмүүс, сэтгүүлчид оролцоно гэвэл бүгдийг нь багтаах шүүх хурлын танхим гэж байхгүй. Гэхдээ бодит байдлаа ярьж байгаа нь нөхцөлийг нь хангаж өгөхгүй гэж байгаа хэрэг огт биш. Шүүх хурал нээлттэй явна гэж шийдвэрлэвэл нөхцөлийг нь чадлынхаа хэмжээнд хангана" гэлээ.