Цаг Уур, Орчны Шинжилгээний Газрын дарга С.Энхтүвшин өнөөдөр агаарын бохирдлын нөхцөл байдлын талаар Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
Тэрбээр "Агаарын бохирдол ихсэх үе нь жил бүр харилцан адилгүй байдаг. 2021 онд арваннэгдүгээр сарын 13-ны үеэр агаарын бохирдол ихэссэн байв. Энэ жил арванхоёрдугаар сарын 7-ноос агаарын бохирдол эрс нэмэгдлээ.
Ялангуяа арванхоёрдугаар сарын 25-наас хойш манай нийт нутгийг хамарсан Хойд туйлын хүйтэн агаар орж ирсэн. Үүнээс хойш хүйтэн агаар тогтвортой хэвээр байна. Салхи байхгүй, газарт шөнөдөө -30, өдөртөө -10 гаруй градустай байна.
Ийм орчинд айлуудын болон станцуудын яндангаас гарч байгаа утаа тухайн орчиндоо бөөгнөрч, тунардаг. Өглөөний цагаар айлууд гэрээ дулаацуулж, цай, хоолоо бэлтгэх үеэр утааны оргил үе таардаг" гэлээ.
Мөн ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин "Энэ жил өмнөх оноос харьцангуй хүйтэн байгаа тул инверс зузаан тогтож байгаа. Газрын гадаргаас эхлээд агаарын давхаргын зузаан нь нэг километр орчим байна. Газрын гадарга ба давхаргын дээд цэгийн температурын зөрүү нь 10 градус. Эрчимтэй инверс тогтсон энэ үед агаарын бохирдол тунарах үзэгдэл ажиглагддаг.
Шинэ оны эхний өдөр болон энэ сарын 3-нд зузаан инверс тогтсон, баруун хойд зүгийн салхитай үед алсын бараа харагдах нь муудсан. Үүнийг иргэд маш их хэмжээний бохирдол байна гэж харсан.
Энэ нь тодорхой шалтгаантай. Тодруулбал, Богд уулын салхины дээд талд байрладаг III, IV цахилгаан станцын яндангаас гарч байгаа утаа, хөргөлтийн уснаас савсах уур холилдож, уулыг давж салхилж чадахгүй учир хөндийгөө даган утаан хөшиг үүсгэсэн. Өчигдөр мөн давтагдсан.
Агаарын бохирдлын 50 хувь нь байгаль цаг уурын нөлөө. Энэ жилийн онцлог нь цасан бүрхүүл их тогтсон. Нийт нутгийн 60 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсон. Цас нь нарны цацрагийн 95 хувийг ойлгодог. Газарт ердөө 5 хувийн дулаан авч байгаа тул олон хоногоор хүйтэн хургадаг" хэмээв.
Мэдээллийг newswire.mn-ий шууд дамжуулалтаас бэлтгэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!