Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

Жуулчдыг татах зорилгоор Дубай хот архины татвараа тэглэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Арабын Нэгдсэн Эмирт Улсын (АНЭУ) томоохон хот Дубай шинэ оны эхний өдрөөс архи, согтууруулах ундааны борлуулалтаас авдаг байсан 30 хувийн татвараа цуцалжээ.

Бас согтууруулах ундаа зарж, борлуулахад авдаг тусгай зөвшөөрлийг үнэ төлбөргүй болгосон байна.

Энэ бол Персийн булангийн бүс нутагт олон улсын аялал жуулчлалын гол төв болох, энэ салбарт Саудын Араб, Катар зэрэг хөрш орнуудтай өрсөлдөх бодлогын хүрээнд гаргасан шийдвэр юм.

Бас олон жилийн турш тансаг ангиллын жуулчдыг татах бодлоготой байсан Дубай одоо илүү өргөн хүрээнд ажиллах болсныг харуулж байна.

Согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүний олдоц Дубайд хангалттай байдаг ч үнэ өртөг нэлээд өндөр байсан юм. Тухайлбал аяга шар айраг $15-аас дээш, лонх дарс $100-аас дээш үнээр олддог байжээ.

Үүний улмаас жуулчид боломжийн үнэтэй хатуу ундаа олж уухын тулд Дубайгаас 80 км зайтай Умм Аль Куваин зэрэг АНЭУ-ын бусад мужууд руу явдаг байв.

Согтууруулах ундаа зарж борлуулах тусгай зөвшөөрөл жилийн $70-ын хураамжтай байсныг тэглэжээ. АНЭУ даяар муслим хүмүүст согтууруулах ундаа борлуулах хориотой байдаг тул тусгай зөвшөөрлийг бүрмөсөн устгаагүй юм байна.

Архи, согтууруулах ундааны татвар Дубайн засаг захиргааны гол орлого байсан юм. Гэхдээ энэ дутагдлаа зургаадугаар сараас хэрэгжиж эхлэх 9 хувийн бизнесийн ашгийн татварын орлогоор нөхөх төлөвлөгөөтэй байна.

АНЭУ-ын 10 сая хүн амын 80 гаруй хувийг гадаадын иргэд эзэлдэг ба хамгийн том хот нь Дубай юм.

Тус улсын эрх баригчид аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд сүүлийн жилүүдэд олон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа. Тухайлбал гэрлээгүй хосуудыг хамт амьдрахыг зөвшөөрч, долоо хоногийн ажлын өдрүүдийг олон улсын жишгээр Даваагаас Баасан гараг болгон өөрчилжээ.

Бас цагаачлалын бодлогоо сулруулж, гадаадын иргэдэд зориулан хэн нэгний батлан даалтгүйгээр ажиллаж, амьдрах боломжтой “алтан виз” бий болгосон юм.

Харин бүс нутгийн бусад улс орнуудад согтууруулах ундааны бодлого хатуу хэвээр байна. Тухайлбал Саудын Арабт бүрэн хориотой байдаг бол Катар, Оманд өндөр татвартай байдаг.

 

Эх сурвалж: Bloomberg