УИХ-ын чуулганы хуралдаанаар Зөвшөөрлийн хуульд нийцүүлэх Стандартчилал, техникийн зохицуулалт тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай, Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн биологийн нэмэлт бүтээгдэхүүний зөвшөөрлийг хүчингүй болгосон асуудлаар УИХ-ын гишүүн, хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуягаас асуулт асуув.
-Төрийн зүгээс эмийн үнийг тогтворжуулахад тодорхой бодлого баримталдаг ч бодит байдал дээр үнэ нь өссөөр байна. Тиймээс нэгэнт импортолсон эмийн зөвшөөрөл, лицензээ авсан байхад түүнийг бүртгэлжүүлэх ямар хэрэгтэй вэ?
-Тухайн эмийг шинжилгээнд оруулаад, бүртгэлжүүлээд, эм нийлүүлэгч компанитайгаа гэрээ хийсний дараа эм импортлох зөвшөөрөл авдаг. Ингэхдээ эмийн ширхэг бүрээр нь зөвшөөрөл авах шаардлага үүсдэг.
Улмаар хоёр давхар зөвшөөрөл авдаг байсныг халж, ширхэг эм болгоны зөвшөөрлийг энгийн бүртгэл болгож байгаа. Ингэснээр импортын эмийн үнэ буурах боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, эм импортлогч нь хэдэн ширхэг эмийг ямар боомтоор оруулж ирэх вэ гэдэг хүсэлтээ цахимаар л илгээнэ гэсэн үг.
-Биологийн нэмэлт бүтээгдэхүүн буюу витаминыг импортоор нэвтрүүлэхэд ямар ч зөвшөөрөл шаардахгүй гэж байна. Витамин бүр сайн биш. Доторх найрлага, агууламж, биед шингэх байдал зэрэг нь асар ялгаатай. Үүнийг бүртгэлжүүлэхгүй зөвшөөрөл олгох нь асуудал дагуулна. Үүнд тайлбар өгнө үү?
-Дэлгүүрүүдэд витаминуудыг ямар ч жоргүйгээр зардаг. Тэгэхээр хяналтгүй жижиглэнгээр зарагдаж байгаа витаминуудыг импортоор оруулж ирэхдээ зөвшөөрөл авах шаардлагагүй гэж үзсэн. Тиймээс энэ төрлийн зөвшөөрлийг хүчингүй болгосон.
Хилээр витаминууд оруулж ирэхэд мэргэжлийн хяналтын газраас шаардлагатай шинжилгээг хийдэг. Үүний дараа гаалийн бүрдүүлэлтээ хийлгээд витаминаа оруулах боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
25 СЭТГЭГДЭЛТЭЙ
|