Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

Ходорковский эхнэр хүүхдүүдтэйгээ Берлинд уулзав

П.Булган, Өдрийн шуудан
2013 оны 12 сарын 27
Өдрийн шуудан
Зураг зураг

“ЮКОС”-ын тэргүүн асан Михаил Ходорковский Берлин хотод эхнэр Инна, 14 настай хоёр ихэр хүү Глеб, Илья болон 22 настай охин Анастаси нартайгаа уулзав.

Олон жилийн турш хол хөндий байсан гэр бүлийн гишүүдийн уулзалт энэ сарын 24-ний үдэш болсон бөгөөд Ходорковский том хүү Павелийнхаа хамт энэхүү халуун уулзалтад иржээ.

Ходорковский урьд нь өөрийн төрөл төрөгсөдтэйгөө 21-нд уулзсан бөгөөд энэ үеэр түүний өмнөх эхнэр Елена ч тэнд байлцсан билээ.

Энэ сарын 20-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин түүнд өршөөл үзүүлсний дараа тэрбээр шууд Германд очжээ. Түүний буудалласан зочид буудалд хэвлэл мэдээллийн олон сурвалжлагчид ирсэн байв.

Ходорковский тэдэнд ярилцлага өгөхийн зэрэгцээ нээлттэй болон хаалттай хэвлэлийн бага хурлыг хоёр ч удаа зохион байгуулсан юм.

Михаил Ходорковский 10 орчим жилийг төмөр торны цаана өнгөрүүлсэн. Түүнийг 2003 онд эдийн засгийн гэмт хэрэгт, тухайлбал татвараас зайлсхийсэн, улсын мөнгө завшсан гэх хэрэгт холбогдуулан ялласан билээ.

Түүний ялын хугацаа 2014 онд дуусах байв. Хоригдож байх үедээ тэрбээр өршөөл хүссэн, цагаадах өргөдөл бичихээс татгалзаж байсан ч Оросын эрх баригчид түүнийг буруутай хэмээн үзсээр ирсэн юм.

Эцэст нь тэр ээжийнхээ бие муу байгаа учир өршөөл хүссэн өргөдөл бичсэн ч өөрийгөө буруутай, буруугүй талаар өргөдөлдөө ганц ч үг дурдаагүй аж. “ЮКОС”-ын экс тэргүүн дөрвөн хүүхэдтэйгээс гадна ач охинтой гэнэ.

Түүний хүү Павел 2009 онд Диана нэртэй охинтой болсноор тэр “өвөө” гэсэн тодотголтой болсон гэнэ.

Зураг