ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн сайн жишээ №10 “Имарт” Хайпермаркет

ikon.mn
2022 оны 12 сарын 21
ikon.mn
зураг
 

-Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ-

Монгол Улс 2009 онд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод нэгдэн орж, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах, нийгмийн оролцоог дэмжихэд чиглэсэн “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-ийг 2016 онд батлан хэрэгжүүлж байна. 2017 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг үндэсний хөтөлбөрт оруулж, хууль эрх зүйн тогтолцоог хангаснаар 2021 онд Монгол Улсын Засгийн газар Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл (DPUB2)”-ийг хэрэгжүүлж байна.

Энэхүү цуврал нийтлэлээр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллаж буй байгууллага, гэр бүл, хамт олны төлөөлөл зэрэг олон талын байр суурийг онцлон тэмдэглэж, Монгол Улс дахь хөдөлмөр эрхлэлтийн сайн жишээг түгээхийг зорьж байна.

Хамт олныхоо хайр хүндлэлийг хүлээн ажиллаж буй сонсголын бэрхшээлтэй хосууд

“Имарт”-д ажиллаж эхэлснээс хойш бүх зүйл зөв голдиролдоо орсон

зураг
 
Түгээлтийн агуулахын хамт олныхоо дунд инээмсэглэл тодруулан зогсох Б.Энхтүвшин /Арын эгнээнд баруун гар талаас хоёр дахь нь/ болон гэргий Д.Долгормаа /Арын эгнээнд баруун гар талаас гурав дахь нь/ нар. Зургаа даруулж байхдаа бүгд л хөгжилтэй яриа өрнүүлж байсан нь ямар дотно сайхан хамт олон болохыг харуулж байлаа.

Гэр бүл, хүүхэд залуус бужигнасан дэлгүүр

Сүхбаатарын талбайн хойд талаар чигээрээ зүүн тийш үргэлжилсэн өргөн замын хоёр талаар их дээд сургуулиуд эгнэн байрладаг билээ.

зураг
 
2016 нээгдсэн анхны “Имарт Чингис” салбар

МУИС, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Этүгэн их сургууль, ШУТИС, Монгол улсын консерватори гээд өглөө өдөргүй оюутан залуус алхална. Тэрхүү замаар чигээрээ зүүн тийш явахад улаан хүрэн өнгийн сүрлэг барилга байх нь БНСУ-ын хайпермаркетын франчайз Имартын Чингис салбар юм. БНСУ төдийгүй Вьетнам, БНХАУ зэрэг оронд нийт 160 гаруй салбартай бөгөөд, Монгол улсад Имарт хайпермаркетын үйл ажиллагааг 2014 онд Алтай Холдинг ХХК-ийн 90% хувийн хөрөнгө оруулалттайгаар Скай Хайпермаркет ХХК эрхлэн явуулах болжээ.

Анхны салбар болох “Имарт Чингис” 2016 оны 7-р сард нээлтээ хийв. Нийт 7600 мкв талбай бүхий тус салбар дэлгүүрт хүнсний бүтээгдэхүүнээс гадна хувцас, ахуйн бараа, цахилгаан бараа, гоо сайхны бүтээгдэхүүн, хүүхдийн тоглоом гээд олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүн борлуулагддаг бөгөөд, ресторан болон кофе шоп, түргэн хоолны газрууд, банкны АТМ болон гар утасны оператор компаниудын салбар, гоо сайхны салон гэх мэт үйлчилгээний байгууллагууд байрладаг тул өдөр бүр, өглөөнөөс орой болтол хүүхдээ дагуулсан гэр бүл, залуусаар дүүрэн байдаг. 

зураг
 
Скай Хайпермаркет ХХК-ийн Бүрдүүлэлт хариуцсан менежер А.Гантулга

“Имарт Чингис” салбарын 6 давхарт байрлах оффистоо биднийг найрсгаар угтсан хүн бол Бүрдүүлэлт хариуцсан менежер А.Гантулга юм. Тэрбээр 2018 онд Скай Хайпермаркетад ажилд орсон ба, хүний нөөц бүрдүүлэлт хариуцан ажиллаж байна.

Тэрбээр, “Улаанбаатар хотод одоогийн байдлаар нийт 3 салбар дэлгүүр, Хан-Уул дүүрэгт агуулах буюу Түгээлтийн төв байдаг. Нийт 1000 орчим үндсэн ажилтантай бөгөөд цагийн ажилтан болон түрээслэгч байгууллагуудын ажилтнуудыг оруулбал нийтдээ 2000 гаруй ажилтантай” хэмээн байгууллагаа танилцуулав. Тэдний 35 ажилтан нь хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд тархины саажилт, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй. Ажлын агуулгын хувьд, тэрэг болон сагс цэгцлэх, зогсоолын мөнгө хураах, агуулахад барааны тайлбар наах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэдэг байна. Мөн салбар компани болох цэвэрлэгээ үйлчилгээний компани нь нийт 130 гаруй ажилтантай ба тэдний 10 ажилтан нь хөгжлийн бэрхшээлтэй ажээ.

Скай Хайпермаркет ХХК өмнө нь Скай Хайпермаркетад ажиллаж байсан хөгжлийн бэрхшээлтэй ажилтнуудаа үргэлжлүүлэн ажиллуулж байгаа ба шинээр ч мөн авч ажиллуулж байна. Хөгжлийн бэрхшээлтэй ажилтантай ажлын ярилцлага хийхдээ, эхлээд тухайн хүний ямар ажил хийх хүсэлтэй байгааг сонсоно. Дараа нь нэгээс хоёр сарын хугацаатай дадлагажуулж, үндсэн ажилтнаар томилдог байна. Түүнчлэн, ХНХЯ-наас зохион явуулдаг ажлын байрны нээлттэй өдөрлөгт тогтмол оролцож, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраар дамжуулан ажилтан авах зэрэг төрийн байгууллагуудтай хамтрах тал дээр ч идэвх санаачилгатай ажилладаг байгууллага ажээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүн авч ажиллуулж байгаа шалтгааныхаа талаар Гантулга менежер, “Хөгжлийн бэрхшээлтэй ажилтнууд маань их урт удаан хугацаанд тууштай ажилладаг. Харамсалтай нь зарим ажилтнуудын дунд гэнэт хэл сураггүй ажилдаа ирэхгүй алга болох, ажлаас гарах тохиолдол байдаг. Харин хөгжлийн бэрхшээлтэй ажилтнуудын хувьд тийм зүйл байдаггүй” гэв. Тэрбээр үргэлжлүүлэн, “Тэтгэвэрт гарах хүртлээ 10 гаруй жил ажилласан хоёр ч хөгжлийн бэрхшээлтэй ажилтан бий” хэмээн бахархан ярьсан юм.   

БНСУ-аас импортлон оруулж ирдэг ойролцоогоор 12000 төрлийн бараа бүтээгдэхүүнийг хадгалж, мөн салбар дэлгүүрүүд рүү түгээдэг Түгээлтийн төвд  барааны солонгос хэл дээрх тайлбар дээр монгол тайлбар наадаг ажил хийдэг сонсголын бэрхшээлтэй эхнэр нөхөр хоёр ажилладаг гэж сонсоод энэ оны 10 сарын дундуур уулзахаар зорьж очсон юм. 

12,000 гаруй төрлийн бараа агуулж, түгээдэг “Имарт”-ын “Түгээлтийн төв”

зураг
 
Хан-Уул дүүрэгт байрлах “Түгээлтийн төв”. БНСУ-аас импортолсон бараа бүтээгдэхүүн энд төвлөрч, монгол хэл дээрх тайлбар наагдсаны дараа Имартын салбар дэлгүүрүүдэд хүргэгддэг байна.

“Түгээлтийн төв”-ийн ажил өглөө их эрт эхэлдэг. Өглөө 7 цагаас өмнө бүгд ажилдаа цуглаж, өглөөний яриа хийсний дараа тус тусын ажилдаа орно. Биднийг өглөө 10 цагийн үед очиход, орох хаалганы хажууд цаасан хайрцгуудыг эмх цэгцтэй хураасан байв.  Дэргэд нь цаасан хайрцгийг багцалж боодог машин их дуу чимээ гарган ажиллаж байх ба, багласан цаасан хайрцгуудыг өргөгч машинаар ачааны машинд зогсолтгүй ачиж байлаа.

Имартад борлуулагддаг ихэнх бараа бүтээгдэхүүнийг БНСУ-аас импортолдог ба хамгийн түрүүнд энэхүү Түгээлтийн төвд хүргэгдэж ирдэг. Барааны тайлбар солонгос хэл дээр байдаг учраас, гоо сайхны бараа зэрэг цөөн төрлийн бүтээгдэхүүнээс бусад ихэнх бараан дээр урьдчилан захиалж бэлтгэсэн монгол тайлбарыг наасны дараа салбар дэлгүүрүүдэд тараагддаг.  

Түгээлтийн төвд бараа бүтээгдэхүүний хадгалалтын горимыг баримтлах үүднээс жилийн 365 хоног сэрүүн байлгах шаардлагатай байдгаас гадна, гэрэлтүүлэгтээ ч мөн анхаардаг байна. Өглөө оройдоо 0 градусаас доош хүйтэрч байгаа энэ үед ч халаалтын систем ажиллуулаагүй байсан болохоор ярилцлага хийж байх үед хөл хэсгээр бага зэрэг жиндэж байлаа.

зураг
 
Б.Энхтүвшин 5 жилийн өмнө Имартад ажилд орсон ба одоо Түгээлтийн төвд барааны тайлбар наадаг ажил хийж байна.

Б.Энхтүвшин нь сонсголын бэрхшээлтэй бөгөөд 5 жилийн өмнө Имартад ажилд оржээ. Одоо Түгээлтийн төвд долоо хоногийн таван өдөр барааны тайлбар наах ажлыг хийдэг байна. Тэр одоо 30 настай. Анх Имартын Чингис салбарын агуулахад  ажиллаж байгаад, гурван жилийн өмнө Түгээлтийн төв байгуулагдсанаар энд  шилжин ажиллах болжээ. Эхний үед ажил руугаа алхаж явдаг байсан бол хоёр жилийн өмнө машин худалдан авч, ажилдаа ирж очиход амар болжээ.

Түүний ээж нь орос хэлний багш мэргэжилтэй, аав нь хувийн бизнес эрхэлдэг байжээ. Гурван сартай байхад нь тэднийх гэр бүлээрээ Улаанбаатар хот руу нүүжээ. Харин долоон настай байхад нь аав ээж хоёр нь Солонгос улс руу ажиллахаар явсан тул, тавдугаар анги хүртлээ эмээгийндээ амьдарч, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай сургуульд суралцдаг байв. Энхтүвшин зуны амралтаараа Солонгос улс руу явж аав ээжтэйгээ өнгөрүүлэхийн зэрэгцээ эмчилгээ хийлгэдэг байжээ.

Мөн Солонгост байхдаа ч сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай сургуульд суралцдаг байсан болохоор солонгос дохионы хэл болон солонгос үсэг бага зэрэг сурсан байна. Түүний ээж хүүгийнхээ тухай бидэнд ингэж ярьсан юм. “Хүүхэд байхаасаа л маш идэвх санаачилгатай хүүхэд байсан. Каратэ, бэйсбол, таеквондо зэргээр хичээллэдэг, зураг зурах маш дуртай, байнга л зураг зурдаг хүүхэд байсан. Солонгост сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн сургуульд явдаг байхдаа ганцаараа гадаад хүүхэд байсан ч бүх зүйлээ бие даагаад хийчихдэг байсан ” гэж ярив.

Монголдоо буцаж ирээд ахлах сургуулиа төгсөөд Соёл урлагийн их сургуульд элсэн оржээ. Тус сургуулийг мэргэжлийн зураачаар төгсөн, мэргэжлээрээ хэсэг хугацаанд ажиллаж байсан ч, амьдралын шаардлагаар газар шорооны ажил хийх, бэйкерид ажиллах зэргээр ихэвчлэн цагийн ажил хийдэг байв. 

зураг
 
Энхтүвшин өөрийн гэсэн ажлын арга барилаа бидэнд хийж үзүүлсэн юм

Ээж нь түүнийг, “Солонгосын хөрөнгө оруулалттай компани болохоор өмнө нь сурсан солонгос хэлний мэдлэгээ ашиглах боломж гарч магадгүй” гэж бодон анх Имарт руу дагуулж очсон гэнэ. “Имартад үндсэн ажилтан болсных нь дараа ажлын хувцас олгогдож, нийгмийн даатгалд хамрагдан эдийн засгийн хувьд бие дааж эхэлсэн” гэж нэмж ярив.

Энхтүвшин өглөө 7 цагаас үдээс хойш 4 цаг хүртэл ажилладаг. Өдөрт ойролцоогоор 2500 ширхэг, их үедээ 3000 ширхэг барааны тайлбар наах тохиолдол ч байдаг гэнэ. Энэ таван жилийн хугацаанд ажилдаа дадлагажиж, хэдийн өөрийн гэсэн ажлын арга барилтай болжээ. “Барааны тайлбарыг нэг нэгээр нь салгаж наахын оронд бүгдийг нь цааснаас нь салгаж, гар болон цээжиндээ наасныхаа дараа нэг нэгээр нь авч наавал илүү бүтээмж өндөртэй байдаг” гээд бидэнд бодитоор хийж үзүүлсэн юм.

Барааны тайлбар наах ажлаа хамтдаа хийдэг

зураг
 
Энхтүвшин, Долгормаа хоёр анх фэйсбүүкээр танилцаж, видео чат ашиглан дохионы хэлээр ярьдаг байв. Удалгүй бие биедээ дасан хагас жилийн дараа гэхэд гэр бүл болжээ.

Энхтүвшингийн хувьд, өдөр бүр хичээнгүйлэн ажиллахад нь хамгийн их дэм болдог хүн бол долоон насаар дүү түүний эхнэр Долгормаа юм. Долгормаа ч бас сонсголын бэрхшээлтэй бөгөөд, тэд нэг жилийн өмнө фэйсбүүкээр танилцжээ. Тэр үед Долгормаа Булган аймагт амьдарч байсан болохоор видео чат ашиглан дохионы хэлээр харилцдаг байв. Тэд аажим аажмаар дотносож, хагас жил өнгөрсний дараа Энхтүвшин Долгормаатай уулзахаар Булган аймгийг зорьжээ. Уулзаад шууд л Улаанбаатарт дагуулж ирэхээр шийдэж, Долгормаа ч зөвшөөрсөн байна. Ингэж тэр хоёр гэр бүл болжээ.

Булган аймагт сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тусгай сургууль байдаггүй тул Долгормаа дунд сургуулиа төгсөөд шууд мал маллах болсон гэнэ. Долгормаа хүүхдэрхүү зантай эгдүүтэй бүсгүй бөгөөд, тэр Энхтүвшинтэй гэрлэх үедээ нялх хүүхэдтэй байсан болохоор эхлээд гэрлэх эсэхдээ үнэндээ эргэлзэж байсан гэнэ. Гэвч, Энхтүвшин хүүг нь өөрийн хүүхэд шигээ эрхлүүлж байхыг хараад тайвширч, ихэд баярласан гэв. Хүү нь удахгүй хоёр нас хүрэх ба хэвийн сонсголтой, өөрөөр хэлбэл CODA /Children of Deaf Adults/ буюу эцэг эх нь сонсголын бэрхшээлтэй ч өөрөө сонсголын бэрхшээлгүй хүүхэд бөгөөд, дохионы хэл бага зэрэг ойлгож эхэлж байгаа гэнэ. 

зураг
 
Жижигхэн биетэй, бага зэрэг ичимхий зантай Долгормаа хаана ч явсан Энхтүвшинтэй хамт байдаг

Шинэ амьдралаа эхлүүсэн хосууд одоо Энхтүвшингийн өвөө эмээгийнд амьдарч, өглөө эрт 6 цаг хагас гээд гэрээсээ гаран хамтдаа машинаараа ажилдаа ирж очдог. Долгормаа хүүгээ өөрийн эмээ өвөө дээрээ үлдээгээд ирсэн ба одоо Имартад цагийн ажилтнаар ажиллаж байна. Түгээлтийн төвд Энхтүвшинтэй хамт барааны тайлбар наах ажлыг хийж гүйцэтгэдэг.

Долгормаа “Ажлын дараалал болон хийх аргыг бүгдийг нь нөхөр маань зааж өгсөн” гээд Энхтүвшин рүү ичингүйрэн харахад, хариуд нь Энхтүвшин “Гэртээ ч, ажил дээрээ ч үргэлж хамт байдаг болохоор маш аз жаргалтай байдаг” хэмээн нүүрэндээ инээмсэглэл тодруулан ярьж байлаа. Хамт олон нь ч тэднийг элэгсэгээр дэмжин ажилладаг нь биднийг ярилцлага хийж байх үед мэдрэгдэж байсан юм.

Тав тухтай ажиллах орчныг бүрдүүлэх нь чухал

зураг
 
Барааны тайлбар нааж бэлтгэх ажлыг гүйцэтгэдэг ажилтнуудыг хариуцдаг Ахлах менежер Б. Навчаа

Энхтүвшин, Долгормаа хоёрыг ахалж ажилладаг менежерийг Б.Навчаа гэдэг. Тэрбээр их сургуульдаа солонгос хэл сонгон суралцсаныхаа дараа, Солонгос улсын хөрөнгө оруулалттай компанид борлуулалтын ажил хийж байгаад, Имартыг  илүү ирээдүйтэй байгууллага гэж үзэж ажилд орсон гэнэ. Хоёр сарын өмнө Түгээлтийн хэлтэст томилогдож, барааны тайлбар нааж бэлтгэх ажил хийдэг цагийн ажилтныг оруулаад нийт 8 ажилтныг хариуцан ажилладаг.

Б.Навчаа өмнө нь сонсголын бэрхшээлтэй хүнтэй хамт ажиллаж байгаагүй гэнэ. “Анх ажлаа аваад, 5 дахь жилдээ ажиллаж байгаа сонсголын бэрхшээлтэй ажилтан байгаа гэдгийг сонсоод, сайн ойлголцож чадах болов уу гэж битүүхэн санаа зовж байсан. Гэвч, Энхтүвшингийн хичээнгүй, ажилдаа нямбай, бусад ажилтнуудтайгаа төвөггүй ойлголцож байгааг хараад шууд л тайвширсан. Энхтүвшин бидэнд эхнэрээ танилцуулаад, бас цагийн ажилтнаар ажиллуулах хүсэлтэй байгаагаа хэлэхэд нь, бид шууд л баяртай хүлээн авсан. Ойлголцохгүй үедээ гар утасны мессэж ашиглан ойлголцдог” хэмээн ярив.

Навчаа ажлынхаа тухай “Манай Түгээлтийн хэлтэст хамгийн чухал нь, аюулгүй ажиллагаа юм. Үүнд хөгжлийн бэрхшээлтэй эсэх үл хамаарна” хэмээн онцоллоо. Тэрбээр үргэлжлүүлэн, “Цаашид ч бид хөгжлийн бэрхшээлтэй хүнээс ажилд орох хүсэлт ирвэл, тухайн хүнд ямар ажил тохиромжтой байна вэ гэдэгт үнэлгээ хийж, хамтран ажиллах тал дээр татгалзах зүйл огт байхгүй” гэдгээ илэрхийлэв. Энэ бүхнээс үзэхэд, Энхтүвшин, Долгормаа хоёр хамт олондоо хэрхэн үнэлэгдэж, хүлээн зөвшөөрөгдсөн бэ гэдэг нь тод харагдаж байна.

зураг
 
Менежер Н. Соёлмаа /Зүүн гар тал/ болон ахлах менежер Б. Навчаа нар

Навчаа менежертэй хамт ажилладаг Н.Соёлмаатай мөн ярилцсан юм. Соёлмаа Түгээлтийн хэлтэст 3 сарын өмнөөс шилжин ирж ажиллаж байгаа ба өмнө нь Имартын хороолол дахь салбарт, үйлчилгээний хамгийн сүүлийн шат болох кассын ажлыг 3 жил хийж гүйцэтгэжээ. Тэр кассын ажлаа маш дуртай, хариуцлагатай хийдэг байсан ч нурууны өвдөлтийн улмаас удаан зогсдог ажил хийх боломжгүй болсон тул энэхүү Түгээлтийн төвд ажиллах болжээ.   

“Хорооллын салбарт ч гэсэн хэд хэдэн хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилладаг тэд ажилдаа маш зүтгэлтэй, удирдлага менежерийнхээ үг даалгаврыг яс биелүүлдэг, ажлыг дутуу хагас хийнэ гэсэн зүйл огт байдаггүй байсан” хэмээн ярих Соёлмаа менежер Энхтүвшингийн ажилдаа хандах хандлага зэргийг хараад цаашид ч үр бүтээлтэй ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хэлж байлаа. 

зураг
 
Хамт олонтойгоо дохионы хэлээр ярьж буй Энхтүвшин

Гэхдээ л бодит байдал дээр Монголын нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх ойлголт, хандлага их дутмаг байдаг.  

Бүрдүүлэлт хариуцсан менежер Гантулга “Хөгжлийн бэрхшээлтэй ажилтан, үйлчлүүлэгч хоёрын дунд асуудал гарах тохиолдол байдаг. Юм асуухад сонсохгүй байна, хариулахгүй байна, үл тоомсорлолоо, ийм хүнийг зааланд ажиллуулах нь зохисгүй, гэх мэт гомдол, санал цөөнгүй ирдэг. Эдгээр асуудлыг огт байхгүй болгоно гэвэл хэцүү” хэмээн ажлынхаа бэрхшээлтэй талыг ч ний нуугүй ярьсан юм.

Тэрбээр үргэлжлүүлэн, “Гэвч нөгөө талаараа, сонсголын бэрхшээлтэй ажилтан маань тэрэгнүүд цэгцэлж байгааг харсан манай нэгэн үйлчлүүлэгч өөрийн фэйсбүүктээ “Имартад хөгжлийн бэрхшээлтэй хүн ингэж хичээж ажиллаж байна. Бид ч гэсэн өөр өөрсдийн хэрэглэсэн тэрэг, сагсаа цэгцэлдэг байя” хэмээн уриалж, ажилтны маань зургийг тавьсан байсан. Тэр үед маш сайхан санагдаж байсан” хэмээн дурсан ярив. Мөн цааш нь “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажил хөдөлмөр эрхэлж байгаа байдлыг өөр нүдээр хардаггүй, энгийн зүйл гэж хүлээж авдаг тийм нийгэм болоосой гэж хүсдэг” хэмээн хэлсэн юм.       

Имарт нь, Түгээлтийн төвөөс гадна Улаанбаатар хотын гурван салбарын нийт ажилтнуудаа хамруулан зуны зугаалгыг тогтмол зохион байгуулах зэргээр хамт олны уур амьсгалыг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй ажилтнуудаа ч сэтгэл хангалуун ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх тал дээр идэвх санаачилгатай ажиллаж байна. Гантулга менежер ярианыхаа төгсгөлд “Энгийн хялбар ажил болон ачаалал ихтэй, биеийн хүчний ажлуудыг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст оногдохгүй байхаар бодолцож, аль болох техник, тоног төхөөрөмж ашиглах, автоматжуулах зэрэг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил их байна” хэмээн онцолсон юм.

Бүх зүйл зөв голдиролдоо орсон

зураг
 
Энхтүвшин бага байхаасаа л зураг зурах дуртай байсан бөгөөд, СУИС-ийг мэргэжлийн зураачаар төгсчээ. Одоо ч гэсэн ажлынхаа цаг заваар зургаа зурсаар байгаа юм.

Энхтүвшин “Имартад ажилд орсноос хойш бүх зүйл зөв голдиролдоо орсон мэт санагддаг” гэж ярив.  Хүүхэд байхын л зураг зурах дуртай байсан тэрбээр одоо ч ажлынхаа хажуугаар зургаа зурдаг.

Сүүлийн үед тэр шинэ зорилготой болсон бөгөөд, өөрийн гэсэн орон сууц худалдан авахыг хүсдэг гэнэ. “Ая тухтай сайхан амьдрах байр худалдан авч, гэр бүлээрээ аз жаргалтай амьдрахыг хүсэж байна. Ингэхийн тулд улам илүү их хичээх хэрэгтэй байна” гэж ярих нь өөртөө итгэлтэй, шийдвэртэй байгаа нь түүний царайнаас тод харагдаж байлаа.   

Имарт бол хүн бүрийн амьдралд нэн шаардлагатай жижиглэн худалдааны сүлжээ дэлгүүр юм. Худалдан авалт хийхээс гадна, хими цэвэрлэгээ, угаалга, банк, гар утасны үйлчилгээ гээд олон ажлаа нэг дор амжуулах боломжтой тул өглөө оройгүй хүний хөл хөдөлгөөн тасардаггүй.

Имартад ажиллаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй ажилтнуудыг харсан, тэднээс үлгэр дуурайлал авсан  үйлчлүүлэгчдээр дамжин нийгэмд эерэг хандлага бий болно гэдэгт итгэлтэй байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг урт хугацаанд тууштай хөдөлмөр эрхлэх нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж буй Имарт Хайпермаркет болон DPUB2 төслөөс бэлтгэж буй ажлын байрны дадлагажуулагч нар хамтран, үнэлгээ болон тохируулгыг илүү бодитоор хэрэгжүүлэх системийг бүрдүүлэн ажиллаж чадвал, тус байгууллага цаашид ч илүү олон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулахад үр дүнгээ өгөх нь гарцаагүй юм.

Байгууллагын  мэдээлэл: 

Байгууллагын нэр

Скай Хайпермаркет ХХК

Үйл ажиллагааны чиглэл

Хайпермаркет

Нийт ажилтны тоо /Скай Хайпермаркет ХХК/5

Ойролцоогоор 2000 ажилтан /2022 оны 10-р сарын байдлаар/

Ажилтны тоо /Имарт/

Ойролцоогоор 1850 ажилтан

Ажилтны тоо /Түгээлтийн төв/

Ойролцоогоор 30 ажилтан /2022 оны 10-р сарын байдлаар/

Ажилтны тоо /Охин компани/ Цэвэрлэгээ үйлчилгээний компани/

Ойролцоогоор 130 ажилтан

Хөгжлийн бэрхшээлтэй ажилтны тоо /Скай Хайпермаркет ХХК-ийн хэмжээнд/

Ойролцоогоор 30 ажилтан /2022 оны 10-р сарын байдлаар/
/Сонсголын бэрхшээлтэй, харааны бэрхшээл, бие эрхтний бэрхшээл гэх мэт/

Хөгжлийн бэрхшээлтэй ажилтны тоо /Имарт/

Ойролцоогоор 20 ажилтан

Хөгжлийн бэрхшээлтэй ажилтны тоо /Түгээлтийн төв/

2 ажилтан /2022 оны 10-р сарын байдлаар/

Хөгжлийн бэрхшээлтэй ажилтны тоо /Охин компани/ Цэвэрлэгээ үйлчилгээний компани

10 ажилтан

Хөгжлийн бэрхшээлтэй ажилтан ажиллуулах болсон шалтгаан

Өмнөх Скай Их Дэлгүүрийн үед ажиллаж байсан болон шинээр ажилд орсон хөгжлийн  бэрхшээлтэй ажилтнууд ажиллаж байна.

Авч хэрэгжүүлж буй арга хэмжээ

  • Ажилд авах үедээ үнэлгээ хийдэг.
  • Ажилтнуудын дунд аялал зохион байгуулж, хамт олны харилцааг идэвхжүүлэн, таатай сайхан орчин бүрдүүлэх тал дээр анхаардаг.  

Ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ:

2022 оноос ХНХЯ, ЖАЙКА-ийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран “ААНБ болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг холбон ажиллах ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ”-ний загвар төслийг хэрэгжүүлж эхэллээ.

Тус үйлчилгээний үр дүнд илүү олон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тогтвортой ажлын байраар хангана. Нөгөөтэйгүүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах боломжгүй ААНБ-ын хувьд ажлын байрны төлбөрийг төлж, нийгмийн хариуцлагаа хүлээх шаардлагатай.

Холбоо барих хаяг:

Ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар холбогдоно уу.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар

И-мэйл хаяг: info@gadpwd.gov.mn

Утасны дугаар: 77073008, 77032222

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.179.21.223] 2022/12/21
Зурдаг бол чи англи хэл сайн сурах хэрэгтэй. За тэгээд л баяжих зам чинь Имарттай мартгүй эхэлнэ.
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.120] 2022/12/21
Түвшээтэйгээ 4н жил гаран хамт ажилласан. Хөөрхөн ааштай, хөдөлмөрч, муу зуршилгүй сайн залуу шүү. Гэр бүлтэй болсонд нь баяр хүргээд цаашдын ажил хөдөлмөр, амьдралд нь аз жаргал хүсье.
0 | 0 Хариулах