УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн байнгын хорооны хуралдааны үеэр "Сангийн сайд Б.Жавхлан нүүрс тээврийн бөмбөлгийн асуудлыг шийддэг үү?" хэмээн асуув.
Түүний асуултад УИХ-ын гишүүн Г.Ганболд "Бөмбөлөг тээвэртэй холбоотой асуудал нэг үеэ бодоход харьцангуй цэгцэрсэн. 300 гаруй нүүрсний бөмбөлөг байна. Энэ бөмбөлгүүд хүрдний системээр буюу дундуур нь дайрдаг зүйл байхгүй болсон.
Гэхдээ БНХАУ-ын "Чалко" компанийн хүсэлтийн дагуу өдөр бүр хилээр гардаг 100 машин байна. Боомтын ерөнхий зөвлөлөөс асуухад Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг нүүрс тээврийг нэмэгдүүлэх чиглэлээр тухайн машинуудыг шууд гарга гэсэн чиглэл өгсөн гэж байна.
Уг асуудлыг цэгцлэхийн тулд хянан шалгагчид ажиллаж байгаа. Бөмбөлөгт орсон 7,000 орчим машин байна. Цаана нь орж чадаагүй 10 мянга гаруй машин байгаа. Миний яриад байгаа өдөр бүр хилээр нүүрс тээвэрлэдэг 100 машины жолооч Монголд ч PCR шинжилгээ өгдөггүй. Эхлээд 30, 40 машин гардаг байсан бол одоо 100 машин болсон. Тухайн асуудлыг цэгцлэх гэж ажиллаж байна.
Бөмбөлгийн зөвшөөрлийг боомтын зөвлөл өгдөг. Зөвлөлийн дарга нь Сангийн сайд Б.Жавхлан. Дахиад өчнөөн олон бөмбөлөг үүсгэх хүлээлттэй байгаа. Цаашид бөмбөлөг хэлбэрээрээ байх уу, тоог нь нэмэх үү үгүй юу гэдэг асуудал түр хорооны хяналт шалгалтаар шийдэгдэнэ" гэсэн юм.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!