Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Чингис хааны ариун газар шороог, үр хойчийг Монголын мөнх хөх тэнгэрийн алтан гэрэлт цацраг үүрд гийгүүлж байхыг ерөөе"

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Монгол бахархлын өдөр"-ийг тохиолдуулан АНУ-ын иргэн, эрдэмтэн судлаач, доктор, профессор Жэк Уэтерфордод "Чингис хаан" одонгоор шагналаа.

Тэрбээр Чингис хаан, түүнийг залгамжлагчид болон монгол хатдын дэлхий ертөнцийн түүхэнд оруулсан хувь нэмэр, гавьяа зүтгэлийг сурвалжлан судалж, шинжлэх ухаанчаар үнэлэн дүгнэсэн “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан”, “Монголын их хатдын нууц товчоо”, “Чингис хаан ба эрхэм дээд үнэний эрэлд” зэрэг судалгааны бүтээл, ном зохиол туурвисан.

Энэхүү бүтээлүүд нь олон хэлээр орчуулагдан дэлхий нийтийн хүртээл болохдоо монголчуудын талаарх түүхэн бодит ойлголтыг өнөөгийн дэлхий ертөнцөд дахин таниулж, Чингис хаан судлалыг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан эрхэм юм.

"Чингис хаан" одонт Жэк Уэтерфорд "Дэлхийн түүхнээ агуу баатрууд нь ямагт хууль тогтоогчид байдаг. Шагжамуни Будда хүн төрөлхтөнд гэгээрлийн ном буюу хуулийн хүрдийг үлдээсэн. Күнз өрх гэр болон төрийн харилцааг зохицуулах иргэний хуулийг бүтээж өвлүүлсэн. Моисей жүүдүүдийн явдал суртлыг зохицуулах бурхны хуулийг үлдээв. Есүс нь Христийн шашинтнуудад хуулийг түгээж, зөнч Мухамедаар агуу шаждын хууль журам бүтээгчдийн үе дууссан.

Чингис хаан шинэ шашин зохиогоогүй, харин Мөнх тэнгэрийн зарлигаар бүх шашинд эрх чөлөө олгосон. Шашин тус бүр дээр бурхны мутрын хуруу төдий байсныг Чингис хаан нэгэн цул болгож, хүн төрөлхтний нэгдмэл хүсэл мөрөөдөл болох даян дэлхийн амар амгаланг тогтоосон.

Дэлхий өнөөдөр ч тэр хүсэл зорилгодоо хүрэхээр тэмцсээр байна. Чингис хааны хуулийг үргэлжлүүлэхийн төлөөх үйлс тэмцлийнхээ, Монголын их амар амгаланг тогтоох мөрөөдөлдөө тэмүүлсэн ес дэх зуунаа хүн төрөлхтөн элээж явна.

Ес бол үлэмж бэлгэдлийг шингээсэн тоо. Чухам энэ зуунд монголчууд Чингис хааны мөрөөдлийг биелүүлэх замыг дөтлөн, эх дэлхийдээ тусалж чадна гэдэгт би итгэдэг. 

Монгол бол дэлхийн түүхийн голомт, Чингис хааны өлгий нутаг бөгөөд та бүхэн бол энэ түүх, энэ өвийг сахин хамгаалагчид билээ. Энэхүү агуу үйл хэрэгтээ намайг оролцуулж байгааг би нэр төрийн хэрэг гэж үзэж байна.

Чингис хааны ариун газар шороог, Чингис хааны үр хойчийг Монголын мөнх хөх тэнгэрийн алтан гэрэлт цацраг үүнд гийгүүлж байхыг ерөөж залбирч байна. Энэ бол Чингис хааны төрсөн нутаг Монголын сайхан орон" хэмээв.