Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Европчууд сансраас дэлхий рүү эрчим хүч дамжуулах төсөл хэрэгжүүлэх гэж байна

Р.Түвшин, iKon.mn
2022 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Европын Сансрын Агентлаг (ESA) сансарт үйлдвэрлэсэн эрчим хүчийг дэлхий рүү дамжуулах судалгааны төслийг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Өнөөдөр Парис хотод хуралдах тус байгууллагын удирдах зөвлөл “Solaris Initiative” нэртэй гурван жилийн хугацаатай төслийг хэлэлцэх юм байна. Хэрвээ дэмжигдвэл ESA гишүүн байгууллагуудаасаа санхүүжилт татах асуудлыг цааш ярилцаж шийдвэрлэх гэнэ.

Энэ нь сансарт байрлуулсан аварга том хиймэл дагуулын үйлдвэрлэсэн нарны эрчим хүчийг дэлхий рүү утасгүй холбоогоор дамжуулах тухай ойлголт юм.

Дэлхийн хэд хэдэн улс орон, байгууллагууд энэ санааг судалж байгаа ч Европын Сансрын Агентлаг анхны практик алхмыг хийх гэж байна.

“Бид нүүрстөрөгчгүй эдийн засагт шилжихийн тулд эрчим хүч үйлдвэрлэх арга барилаа өөрчилж, чулуужсан түлшийг шатаахаа багасгах шаардлагатай. Хэрвээ бид үүнийг сансарт хийж чадвал маш олон асуудал шийдэгдэх юм” гэж ESA-гийн ерөнхий захирал Жозеф Ашбакер хэвлэлд ярьжээ.

Нарны эрчим хүчийг сансарт цуглуулах нь дэлхий дээр цуглуулахаас маш их үр дүнтэй байдаг. Учир нь үүнд агаар мандал, үүл, шөнийн нөлөө байхгүй. Ийм санааг сүүлийн 50 орчим жил ярилцаж байгаа ч өртөг зардлын асуудлаас болоод ямар нэг алхам хийж чаддаггүй байв.

Гэвч олон дахин ашиглагддаг пуужингууд бий болж, сансарт роботоор угсралт гүйцэтгэх, алсаас утасгүйгээр эрчим хүч дамжуулах шинэ технологиуд бий болоод байгаа нь өнөөдөр боломжийг нээж байна.

“Сансарт цахилгаан станц байгуулах санаа удахгүй зөгнөлт зохиол биш болно. Технологи нь бэлэн болсон тул одоо бид сансарт ямар нэг зүйл байгуулах шийдвэр гаргахаасаа өмнө ямар төлөвлөгөөтэй ажиллахаа ярилцаж тохирох хэрэгтэй” гэж ESA-гийн “Solaris Initiative” төслийг санаачлагч, доктор Санжай Вижендран ярьж байна.

Сансраас дэлхий рүү эрчим хүч дамжуулахдаа богино долгионы цацраг ашиглах юм.

“Solaris Initiative” багийнхан энэ боломжтойг туршилтаар батлан харуулжээ.

Энэ оны есдүгээр сард тус багийн инженерүүд нарнаас цуглуулсан 2 кВатт эрчим хүчийг 30 метр зайд утасгүйгээр дамжуулах туршилтыг Мюнхен хот дахь Airbus компанийн байранд гүйцэтгэж харуулсан юм байна.

Энэ нь ГигаВатт хэмжээтэй буюу бүтэн цахилгаан станцын үйлдвэрлэх хэмжээний эрчим хүчийг алсын зайд дамжуулах технологийн үндэс болох гэнэ.

Одоогоор АНУ, Хятад, Япон улсууд сансарт цахилгаан станц байгуулах талаар судалж байгаа бөгөөд удахгүй тус тусын төслөө зарлах төлөвтэй байна.

ESA-гаас тусдаа Их Британи улс бас энэ чиглэлд анхны алхам хийж, Space Solar нэртэй компанийг байгуулжээ.

Тус компани сансраас эрчим хүч дамжуулах туршилтыг зургаан жилийн дотор гүйцэтгэж, есөн жилийн дотор амьдралд нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна.

Хөрөнгө мөнгө шийдэгдэж, улс төрийн дэмжлэг авбал “Solaris Initiative” төсөл арван жилийн дотор хэрэгжих боломжтой гэж доктор Вижендран дүгнэжээ.

Тэрбээр үүнийг 1961 онд АНУ-ын ерөнхийлөгч Жон Кеннеди саран дээр хүн буулгах хугацааг зарлаж байсантай адил үйл явдал гэж харьцуулсан юм. “Бидний үеийнхний хувьд энэ нь саран дээр хүн буухтай дүйцэх зорилт байж магадгүй” гэж тэр хэлжээ.

 

Эх сурвалж: BBC