Өнөөдрийн байдлаар 20,800 ялтан этгээдэд хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн талаар ШШГЕГ-аас мэдээлэв.
Эрүүгийн хууль 2015 онд батлагдаж, улмаар 2017 оноос хэрэгжиж эхэлснээс хойш хорих ялаас татгалзаж, хоригдлын тоог бууруулах үүднээс ял шийтгэлийн бодлогод энэхүү арга хэмжээг түлхүү хэрэглэх болсон байна.
Энэ талаар ШШГЕГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны Албадлагын арга хэмжээ хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Г.Ижилмөрөн дараах мэдээллийг өгөв.
Албадлагын арга хэмжээ жил бүр тодорхой хэмжээнд өсөж байгаатай холбоотойгоор үүнд хяналт тавих алба хаагчийн ачаалал нэмэгдэж байна. Нийслэлд 120 ялтан этгээдэд нэг шийдвэр гүйцэтгэгч, орон нутагт 160 ялтан этгээдэд нэг шийдвэр гүйцэтгэгч оногдож байгаа.
Албадлагын арга хэмжээ гэдэг нь тухайн хүнийг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх нөхцөл боломжийг бүрдүүлж тухайн нийгэмд, гэрийн орчинд нь албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэхийг хэлнэ.
Тэрбээр "Албадлагын арга хэмжээ 2017 оноос өнөөдрийг хүртэл жил тутам өсөж байна. Үүнтэй холбоотойгоор хяналт тавих алба хаагчдын орон тоо нэлээд шаардлагатай болж буй. Дээр дурдсанчлан шүүхээс долоон төрлийн албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэж байна. Мөн дөрвөн төрлийн үүрэг хүлээлгэж, дөрвөн төрлийн эрхийг хязгаарлаж байгаа. Үүний хэрэгжилтэд Албадлагын арга хэмжээ хяналтын хэлтсээс хяналт тавин ажиллаж байна.
Эрх хязгаарлах, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд биечлэн болон техникийн хяналт тавина гэж хуульд заасан байдаг. Гэхдээ техникийн хяналт тавих боломж нөхцөл хангалтгүй байна.
Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний хэрэгжилтийг өөр байгууллага буюу Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв хэрэгжүүлдэг. Улмаар ШШГЕГ-аас тухайн хэрэгжилтэд хяналт тавьдаг. Үүний уялдаа холбоог сайжруулах нь чухал. Өсвөр насныханд оногдуулсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээний хэрэгжилтийг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар болон орон нутгийн салбарууд хариуцдаг. Манайхаас мөн хяналт тавьж ажилладаг. Тиймээс ч төрийн байгууллагууд хоорондын уялдаа холбоо чухал" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!