Өнгөрсөн хоногт COVID-19-ийн 117 тохиолдол батлагдаж, халдварын тоо өсөж эхэллээ
Хоногийн хугацаанд шинээр илрэх коронавируст халдварын тохиолдол нэмэгдсээр 100-г давлаа.
Өчигдөр шинээр илэрсэн халдварын
- 52 нь Улаанбаатарт.
- 65 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 987,631 болж нэмэгдэв.
Орон нутагт бүртгэгдсэн халдварын тухайд, Увс аймагт нэг, Говь-Алтай, Дундговь, Төв аймагт тус бүр хоёр, Сүхбаатарт дөрөв, Дархан-Уулд найм, Дорноговьд 19, Өмнөговьд 27 тохиолдол шинээр илэрчээ.
Мөн хугацаанд эмнэлгээс 13, гэрийн хяналтаас 112 хүн гарч, эдгэрсэн бол одоогоор 1,798 хяналтад байна гэж Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээллээ.
Манай улсад Омикроны шинэ дэд хувилбар BF.7 нэг, BQ.1.2 таван хүнээс илэрсэн тухай ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Үүний улмаас илэрх тохиолдлын тоо өмнөх долоо хоногоос хоёр дахин нэмэгдсэн гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв.
Уг хувилбараар өвдсөн хүмүүс:
- Ядрах
- Халуурах
- Чичрүүдэс хүрэх
- Ханиалгах
- Амьсгал давчдах зэрэг шинж тэмдэг илэрч байгаа аж.
Мөн уг хувилбар дархлаанаас бултах чадвартай байж болзошгүйг таамагласан байна.
BQ.1.2 хувилбар оношлогдсон таван хүний хоёрт нь эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй. Гурван хүнд нь халуурах, хоолой хөндүүрлэх, сэрвэгнэх шинж тэмдэг давамгайлжээ.
Шинэ хувилбараар өвдсөн иргэдээс дөрөв нь КОВИД-19-ийн халдвараар өвдөж байсан. Үүнээс харвал давтан халдвар авах эрсдэл байгааг ХӨСҮТ-ийн дарга хэлж байв.
Иймд супермаркетын ажилтнууд, таксины жолооч, банкны теллер зэрэг дотор орчинд олон хүнтэй харилцдаг ажилтай хүмүүс амны хаалтаа тогтмол зүүх шаардлагатай бөгөөд дээрх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өөрийгөө тусгаарлан шинжилгээ өгөхийг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
