Аюулгүй байдал судлалын хүрээлэн, Монголын олон улс судлалын Алтан аргамж холбоо хамтран "Аюулгүй байдал судлал Монголд" эрдэм шинжилгээний хурал зохион байгуулав. Уг хурлаар Монгол Улс дахь аюулгүй байдал судлалын хөгжлийн өнөөгийн төлөв байдлыг хэлэлцсэн юм.
Энэ үеэр Монгол Улс үндэсний аюулгүй байдлаа эдийн засгийн аргаар хангах ёстой гэдгийг Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн доктор Д.Уламбаяр онцолсон юм.
Тэрбээр “Монгол Улс өнөөгийн үндэсний аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар хангах чиг шугам баримталдаг. Үүнд Монгол Улс үндэсний аюулгүй байдлаа эдийн засгийн аргаар хангах асуудал маш чухал юм. Ингэхдээ шинэ сэргэлтийн бодлого, уул уурхайн хөгжил, боомтын сэргэлт, эрчим хүчний сэргэлтийг эрчимжүүлэх үндсэн дээр эдийн засгийнхаа аюулгүй байдлыг бэхжүүлэх нь ач холбогдолтой.
Үүний тулд тухайлбал, манай гурав дахь хөрш, стратегийн түнш Энэтхэг улсаас хөнгөлөлттэй зээлээр барих Дорноговь аймгийн Алтанширээ суманд газрын тос боловсруулах үйлдвэр 2025 онд ашиглалтад орно. Энэ ашиглалтад орсноор Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал маш ихээр бэхэжнэ. Үгүй бол үндсэндээ бид түлш, эрчим хүч, шатахуунаараа хойд хөрш орноосоо хамааралтай байна.
Судлаач хүний хувьд, олон улсын байдал буюу Монгол Улсын хоёр хөрш болон гуравдагч хөрш орнуудад маш том геополитикийн сөргөлдөөн явагдаж байгаа нь Монгол Улсын хувьд шинээр гарч ирэх сорилт болж байна.
Гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал дээр Монгол Улс нь хоёр хөрш оронтойгоор тэнцвэртэй харьцах, гурав дахь хөршийн бодлогыг хэрэгжүүлнэ гэсэн байдаг. Үүн дээр бид хоёр хөрштэйгөө тэнцвэртэй харьцахын зэрэгцээ гурван хөршийн хамтын ажиллагаа, гурав дахь хөршийн бодлогын хооронд эрх ашгийн тэнцвэр нь цоо шинээр гарч ирж байгаа хүчин зүйл.
Өөрөөр хэлбэл, манай улс олон улсын харилцаанд хүчний тэнцвэр барина гэж байхгүй. Энэ бол зөвхөн их гүрнүүдийн л бодлого. Харин Монгол Улсын хувьд эрх ашгийн тэнцвэрийг л зохистой хэмжээнд барьж, тэнцвэрийг хүчээ болгоно гэдэг нь чухал.
Өнөөдөр олон улсын харилцаанд тодорхойгүй зүйлс маш их нэмэгдэж байна. Геополитикийн орчин эрс доройтож байна гэх дүгнэлтүүд дэлхийн хэмжээнд гарч ирж байна.
Мөн дэлхийн цаг уурын өөрчлөлт Монголд хамгийн том эрсдэл дагуулж байгааг онцолж байв. Цаг уурын өөрчлөлтөөс үүдсэн газар хөдлөлт, байгалийн гамшгийн эрсдэлийг манай улс бүс нутгийнхаа орнуудтай хамтын ажиллагааг хөгжүүлсний үндсэн дээр бууруулах хэрэгтэйг хэллээ. Тэр дундаа цөлжилттэй тэмцэж, ногоон байгууламжаа хөгжүүлэхэд бүс нутгийн орнуудтай хамтран ажиллавал ахиц дэвшил гарна гэдгийг онцоллоо.
Түүнчлэн тухайн хурлаар Дилав хутагт бол 20 дугаар зууны Монголын тагнуулчдын бодит төлөөлөл бөгөөд түүний эх орныхоо гадаад аюулгүй байдлыг хангахад оруулсан хувь нэмрийг алдаршуулж, олон жил өнгөрсөн хойно сая нууцаас гаргаж байгаа талаарх зарим судлаачид итгэлт хэлэлцүүлэв.
Энэ тухай Ж.Чойжамц “Дилав хутагтын тухай Монголын ард түмэн, тэр дундаа лам нар маш их сонирхдог. Учир нь лам нарын дунд түүн шиг маш олон эх орончид байсан.
Орчин үеийн ардчилсан, нийгмийн олон ургалч үзлийг хүлээн зөвшөөрсөн, аль нэг үзэл баримтлалыг сурталчилгаагүй нийгэмд бүх зүйл баримт болж, түүхийг өгүүлж байна. Тодруулбал, Монголын аюулгүй байдал, эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тэмцэж явсан маш олон хүн байсан. Түүний дунд Дилав хутагт манлайлж байсан тухай яриа өнөөдрийн эрдэм шинжилгээний хурлаар улам лавширлаа.
Эх орныхоо төлөө ил, далд ямар ч хэлбэрээр зүтгэсэн тэдгээр хүмүүсийн тухайн үедээ нэр нь гарахгүй байсан ч үнэн бол хэзээд илэрдэг гэдгийг Дилав хутагтын жишээ дээрээс харж болно. Түүний тухай баримт өдгөө 100 жилийн дараа монголын ард түмэнд ил болсон байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
Мөн аюулаас хамгаалах байгууллага өмнөх нийгмийн үед хуульгүй, харин МАХН-ын Төв хороо, Сн3-ийн нууц тогтоол, шийдвэрээр намч зарчмыг баримтлан, 3ХУ-ын шууд оролцоотой ажилладаг байсан бол өнөө үед хууль, тогтоомжийг ягштал баримтлан, үйл ажиллагааны өөрийн гэсэн онцлог бүхий орчин үеийн байгууллага болон хөгжиж байгааг судлаачид хэлж байв.
Энэ тухай доктор, профессор А.Түвшинтөгс “Монгол Улсад аюулгүй байдлын орчин үеийн судлал 1990-ээд оноос үүссэн. Түүнээс өмнө тагнуул гэхээр хүмүүс нэрээс нь хүртэл цэрвэдэг байсан бөгөөд хүйтэн дайнаас хойш тагнуулын байгууллагууд илүү нээлттэй болсон. Өөрөөр хэлбэл, өнөө цагт олон улсад тагнуул судлал нээлттэй шинжлэх ухааны олон салбар дундын шинжтэй болсон юм.
Мэргэжлийн 20 гаруй сэтгүүл хүртэл интернэтээр ороход байж байх жишээтэй. Ер нь тагнуулыг урлаг болон шинжлэх ухаан талаас нь судлах хандлагууд байна. Иймд өнөөдрийн хурлаар гаднын улсын жишээ дээр тулгуурлан манай улс тагнуул судлалаа цаашид хэрхэн хөгжүүлэх тал дээр хувийн саналаа дэвшүүллээ.
Тухайлбал, тагнуул судлал одоо олон улсад нээлттэй болсон учраас манайд ч зөвхөн тагнуулын байгууллагын ажилтан, судлаач бус иргэний боловсролтой шинжлэх ухааны олон салбарын эрдэмтэд судлах нь нээлттэй байх шаардлагатай. Үүний тулд тагнуул судлалын асуудлаар нээлттэй хурал, семинар хэлэлцүүлэг хийж байх нь зүйтэй. Үүнд бусад эрдэмтэн судлаачдыг татан оролцуулах, цаашид тагнуул судлалын холбоо мэт төрийн бус байгууллага байгуулж ажиллуулах ч боломжтой. Үүнийг төр засгийн байгууллага дэмжих хэрэгтэй гэж үзэж байна.
Учир нь тагнуул судлал гэдэг бол зөвхөн нэг байгууллагын төлөө биш, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангахад тагнуулын байгууллагын үүрэг, оролцоог өсгөх, үйл ажиллагааг нь нийгэмд таниулах шаардлагатай.
Түүнчлэн ТЕГ нь үндэсний тагнуулын академид тагнуул судлалын хүрээлэнтэй болох хэрэгтэй. Үзэл хандлагын хувьд энэ нь зөвхөн тагнуулчид бус нийтийн чөлөөтэй судлах сэдэв гэх хандлагатай болгож хэвшүүлэх хэрэгтэй" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!