Украины дайнтай холбоотой Өрнөдийн хориг арга хэмжээний нөлөө 2025 онд Оросын эдийн засагт мэдрэгдэж эхэлнэ гэж зарим судлаачид үзэж байгаа.
Кремлийн эрх баригчид ч өөрийн эдийн засагт нь хориг нөлөөлөхгүй байгааг бахархан ярьдаг байснаа сүүлийн үед тулгарч буй хүндрэлийг хүлээн зөвшөөрөх хандлага илэрч эхэлсэн юм.
Тэгвэл өчигдөр буюу Лхагва гарагт Швейцарт үргэлжилж буй Дэлхийн Эдийн Засгийн Чуулганы хэлэлцүүлгийн үеэр Шведийн сангийн сайд Элизабет Свантессон хиймэл дагуулаас авсан зургаар Оросын эдийн засгийн төлөв байдлыг шинжсэнээ танилцуулжээ.
Тухайлбал тэр Москва хотын сансраас авсан шөнийн гэрэл зургаас Оросын эдийн засаг хүндэрснийг мэдэж болох тухай ярьсан байна.
Свантессоны үзүүлсэн 2023 оны гэрэл зураг 2021 оныхоос нэлээд харанхуй байв.
Өөрөөр хэлбэл Украины дайн эхлэхээс өмнө Москва хотын захын дүүргүүд өнөөдрийнхөөс илүү их гэрэлтэй байжээ.
2021 онд NASA-гийн хиймэл дагуулаас авсан Москва хотын зураг.
2023 онд NASA-гийн хиймэл дагуулаас авсан Москва хотын зураг.
“Оросын эдийн засаг Путиний бидэнд итгүүлэхийг хүсэж байгаа шиг хүчтэй биш байгааг эндээс тодорхой харж болох юм” гэж Свантессон тайлбарласан байна.
Оросын төв банк инфляцаа 9.5 хувь гэж зарласан нь бодит байдал дээр хамаагүй өндөр байж болзошгүйг 21 хувийн бодлогын хүү харуулж буйг тэр бас хэлжээ.
Москва хотын харанхуй байдал нь тус улсаас хөрөнгө гадагш урсаж байгаагийн нэг шинж тэмдэг гэж Свантессон үзэж байна.
Кремль эдийн засгаа сайн байгаа мэтээр харуулдаг нь хориг арга хэмжээ үр дүнгүй гэдэгт Украин болон түүний холбоотнуудыг итгүүлэх тактик болохыг тэр хэлжээ.
“Бид Оросын эдийн засгийн бодит байдлыг мэдэхгүй. Гэхдээ өгч буй мэдээлэл нь худал гэдгийг л мэдэж байна” гэж Свантессон дүгнэж хэлсэн байна.
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!