Уншиж байна ...

А.Амарсанаа: Нэгдүгээр сургуулиас хойш Энхтайвны өргөн чөлөө хүртэлх авто замыг П.Очирбат агсны нэрэмжит гудамж болголоо

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 50 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Сөүлийн гудамжнаас Нэгдүгээр сургуулийн зүүн талаар хойш Цэцэг төвийн баруун урд уулзвар, Энхтайвны өргөн чөлөө хүртэлх 160 метр авто замыг “Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатын нэрэмжит гудамж” болгон нэршүүлжээ.

Энэ тухай "Засгийн газраас 2025 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр гаргасан шийдвэрийн дагуу Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат агсны нэрэмжит гудамжийг нэршүүлэх асуудлыг Нийслэлийн Засаг Даргын/НЗД/ зөвлөлийн хурлаар хэлэлцлээ.

Зөвлөлийн хурлаас Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Сөүлийн гудамж ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулиас хойш Энхтайвны өргөн чөлөө хүртэлх 160 метр авто замыг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат агсны нэрэмжит гудамж болгохоор шийдвэрлэлээ.

Тухайн гудамжийг нэршүүлэхдээ П.Очирбат агсны гэр бүлтэй зөвшилцөж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн өвлийн ордны баруун талын гудамжийг сонгосон байгаа. Энэ нь Ерөнхийлөгч агсны зорчдог байсан гудамж юм.

Улаанбаатар хотод хүний нэрээр нэршүүлсэн гудамжнууд бий. Гудамж, зам талбай, эд хөрөнгийг хаягжуулах тухай Засгийн газрын журамд заасны дагуу Монгол Улсын төрд өөрийн ажил хөдөлмөрөөр онцгой гавьяа байгуулсан хүмүүсийн нэрээр нийслэл хотын гудамжийг нэршүүлэх асуудлыг шийдвэрлэдэг юм" гэж Хот байгуулалт, хотын стандартын газрын Хотын орон зайн мэдээлэл, технологийн хэлтсийн дарга А.Амарсанаа өнөөдөр мэдээллээ.