УИХ-ын намрын ээлжит чуулганы үдээс хойших хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна.
Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы танхимд тус хуулийн төслийн талаар танилцууллаа.
Тэрбээр "Засгийн газраас 14 мега төсөл хэрэгжүүлж хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулахад үндсэн анхаарлаа хандуулж, үе шаттай ажиллаж байна. 2021 онд 43 их наяд төгрөг байсан Монгол Улсын эдийн засгийн багтаамж, дотоодын нийт бүтээгдэхүүн 2024 оны төгсгөлд 82 их наядад хүрч хоёр дахин тэлсэн.
Цаашид эдийн тогтвортой тэлж, шинэ бүтцийг бүрдүүлэхийн тулд хүний нөөц, хиймэл оюун ухаан, ногоон шилжилт хийж хөрөнгө оруулалтын орчныг эрс сайжруулах шаардлагатай байна.
Бахрейн улсын сайн жишиг туршлагад үндэслэсэн эдийн засгийн төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих, бизнесийн орчныг сайжруулахаар "Business friendly" хөтөлбөрийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол баталсан. Ерөнхий сайдын дэргэдэх эдийн засгийн зөвлөлд олон улсын экспертүүдийг урьж ажиллуулах улс төрийн шийдвэр гаргалаа.
Дэлхийд үнэлэгдсэн шилдэг мэргэжилтнүүдийг Монгол Улсад урьж ажиллуулахад алт, мөнгө, хүрэл гэрэгэ өгч байхаар тус тогтоолд тусгагдсан. Хөрөнгө оруулалт, татварын орчин, бизнес эрхлэхэд бүртгэлээс эхлээд дампуурах орчин хүртэлх эрх зүйн орчинд цогц байдлаар дүн шинжилгээ хийж УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.
Төрийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалын сайжруулах хуулийн төслийг өнөөдөр УИХ-д өргөн барьж байна. 2012 оноос хойш төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөл болон бизнес төлөвлөгөө санхүүгийн гүйцэтгэлийн оновчгүй байдал, улс төрийн нөлөө бүхий томилгоо, хүний нөөцийн бүтээмжгүй байдлаас болж нийт төрийн өмчит компанийн 44 хувь засаглалын хямралд орсон. 120 гаруй төрийн өмчит компани үйл ажиллагаа явуулж байгаа боловч 10 компани нийт ашгийн 80 хувийг бүрдүүлж байна. Харин 43 хуулийн этгээд нь алдагдалтай ажиллаж байгаа.
Өмнө нь энэхүү хуулийн төсөлтэй адил гурван хуулийн төслийг боловсруулан Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлсэн боловч төрийн өмчит компаниудын лоббид хөтлөгдөж эрх зүйн орчныг шинэчлэх реформ бүтэлгүйтэж байсан" хэмээн ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!