Уншиж байна ...

Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт 80%-д хүрсэн. Айл өрхийн орхиж явсан хог шороог цэвэрлэх ажил ид өрнөж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2 цаг 20 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын утааг бууруулах төслүүдийн нэг нь Сэлбэ дэд төв гэж эрэмбэлээд буй.

Уг төслийг хэрэгжүүлснээр эхний ээлжид Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны гэр хорооллын айл өрхүүд орон сууцтай болох юм. Уг төслийг хэрэгжүүлэх газар чөлөөлөлтийн явц 80 гаруй хувьтай үргэлжилж байгаа аж.

Энэ талаар Нийслэлийн Газар Зохион Байгуулалтын Албаны хэлтсийн дарга Н.Мөнхбаяр "Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, түгжрэлийг бууруулах тухай хууль 2024 онд батлагдаж, Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн ажил өнгөрсөн дөрөвдүгээр сард эхэлсэн юм.

Сэлбэ дэд төвийг 158га газар дээр байгуулах бөгөөд төслийн нөлөөлөлд 2,200 иргэн, хуулийн этгээд өртсөн. Үүнээс өнөөдрийн байдлаар 1,670 иргэнтэй нөхөн олговрын гэрээг байгууллаа. Ингэснээр газар чөлөөлөлтийн ажлын явц 80 гаруй хувьд хүрээд байна.

Хот Тохижилтын Газраас айл өрхийн орхиж явсан хог шороог цэвэрлэх ажил ид өрнөж байна" гэж мэдээллээ.

Газар чөлөөлөлт бүрэн дууссаны дараа орон сууцны барилгын ажлууд эхлэх юм байна.

2024-2028 онд Сэлбэ дэд төвд 12,000, Баянхошуу дэд төвд 8,000 айлын орон сууцыг 2.3 их наяд төгрөгөөр барихаар төлөвлөжээ. Орон сууцнуудыг барих хөрөнгийг гадаадын бонд, хөнгөлөлттэй зээл, тусламжаар санхүүжүүлнэ гэж тооцоолсон байна.

Харин энэ онд газар чөлөөлөлт, нөхөн олговорт ₮359 тэрбумыг зарцуулахаар баталжээ.