Уншиж байна ...

Олон Улсын Боксын Холбоо (IBA) Дональд Трампаас дэмжлэг хүсэв

Э.Тэмүүлэн, iKon.mn
6 цаг 1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Олон Улсын Боксын Холбоо (IBA) 2028 оны Лос-Анжелесын олимпын хөтөлбөрт боксыг оруулахад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампаас дэмжлэг хүслээ.

Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ) авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдсон IBA-гийн эрхийг 2019 оноос хойш хязгаарлаад буй. Түүнээс хойш 2020, 2024 оны олимпын боксын төрлийг зохион байгуулах ажлыг ОУОХ-ноос томилогдсон тусгай баг хариуцаж байсан юм.

IBA-гийнхан энэ асуудлаар спортын арбитрын шүүхэд хандаж, давж заалдсан ч нэмэр болоогүй.

Мөн зохион байгуулах шинэ холбоо гарахгүй бол боксын төрлийг олимпын хөтөлбөрөөс хасах арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа. Одоогийн байдлаар бокс АНУ-д болох олимпын хөтөлбөрт багтаагүй ч эцсийн шийдвэрийг ирэх гуравдугаар сард гаргах юм.

Энэ төрлийн спортод санаа нь зовнисон мэргэжилтнүүд Дэлхийн Боксын Холбоо (WBO)-г байгуулаад өдгөө 60 гаруй гишүүнтэй болжээ.

Гэвч удирдах статусаа сэргээх хүсэлтэй байгаа Умар Кремлёв АНУ-ын Ерөнхийлөгчийн суудалд хоёр дахь удаагаа заларсан Дональд Трампаас тусламж гуйв. 

У.Кремлёв АНУ-ын төрийн тэргүүнд хандсан ил захидалдаа "ОУОХ сүүлийн 12 сард олимпын хөтөлбөрт оруулахгүй гэж мэдэгдсэн. Хэрвээ та энэ байдлыг анхаарч үзвэл ихэд талархах болно. Бокс нь олимпын нэг хөтөлбөр нь байх болно гэж найдаж байна" гэж бичсэн аж.

1990-ээд оны үед мэргэжлийн боксод багагүй хөрөнгө оруулж явсан Д.Трампын дөрвөн жилийн эрхийн хугацаа 2028 оны олимпын үеэр дуусгавар болно. 

Мөн IBA хүйсийн асуудлаарх Трампын байр суурийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. 

2024 оны Парисын олимпын үеэр жендэрийн маргаан бокс сонирхогчдыг талцуулсан билээ. Тэгвэл Трамп тангараг өргөх үедээ “Цаашид эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёрхон хүйстэй байх нь АНУ-ын засаг захиргааны албан ёсны бодлого байх болно” гэж онцолж байв. 

 

Эх сурвалж: BBC