Уншиж байна ...

Гол мөрнүүдийн мөсний зузаан нэмэгдэж байгаа ч зарим газраар өмнөх оны мөн үеэс 5-55 см-ээр бага байна

М.Батчимэг, ikon.mn
1 цаг 58 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол орны гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тоймыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

Номхон далайн ай савын гол, мөрөн:

  • Хэнтий нурууны ар, зүүн хажуугаас усжих Хурх, Барх, Эг, Онон, Балж, Хэрлэн , Улз болон Их Хянганы нуруунаас эхтэй Халх голын дагууд мөсний зузаан нэгдүгээр сарын эхний арав хоногт 5-10 нэмэгдэж, 55-115 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч энэ нь 2024 оны мөн үеэс 5-50 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байна. 
  • Хэрлэн-Мөнгөнморьт ус судлалын харуул орчимд мөсний зузаан өмнөх арав хоногоос 10 см нимгэрсэн байна. Харин Буйр, Дуут, Хөх нуурт 75-115 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон нь өмнөх арав хоногоос 5-15 см нэмэгджээ. 

Төв Азийн гадагш урсацгүй ай сав:

  • Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Булган, Сагсай, Бодонч, Согоог, Дундцэнхэр, Чонохарайх, Төгрөг, Долооннуур зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5-35 см нэмэгдэж, 40-95 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон байна. Алтайн уулсаас эхтэй дээрх голуудын мөсний зузааныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 10-55 см нимгэн харин Буянт, Турган, Үенч, Бодонч, Долооннуур голуудын хувьд 5-25 см ахиу байна. Хар ус нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5 см нэмэгдэж, 65 см зузаан мөстэй болсон.
  • Хангай нурууны өврөөс усжих ихэнх гол ёроолдож хөлдсөн бол Чигэстэй, Богд, Буянт, Хожуул, Завхан, Зүйл, Шарга, Түй, Байдраг, Онги, Таац зэрэг голын мөсний зузаан өмнөх хугацаанаас 5-30 см нэмэгджээ. Хангайн өврийн голуудын мөсний зузаан 2024 оны мөн үеийнхээс 5-20 см нимгэн байна. Хар нуур, Ойгон, Орог, Хөх нуур, Бөөнцагаан нуурын мөсний зузаан өнгөрсөн арав хоногт 5-10 см нэмэгдэж, 45-105 см зузаан мөстэй болсон байна.
  • Увс нуурын савын Чигж, Хархираа, Баруунтуруун, Хариг, Хангилцаг, Намир, Түргэн, Тэс зэрэг голуудын мөсний зузаан өнгөрсөн хугацаанаас 5-20 см нэмэгдэж, 25-110 см зузаан мөстэй болсон ба энэ нь өмнөх оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-20 см ахиу харин Хархираа, Хариг, Түргэн, Баруунтуруун голуудын хувьд 5-35 см нимгэн мөстэй байна. Увс нуурын мөсний зузаан 7 см нэмэгдэж, 47 см орчим зузаантай байна.