Уншиж байна ...

ФОТО: Шинэ Зеланд аялагчдын Монголын тайгыг зорин ирсэн шалтгаан

П.Сайнжаргал, IKON.MN
6 цаг 6 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Аялал жуулчлал зөвхөн зуны урин дулаан улиралд эрчээ авдаг салбар биш болжээ. 

Монгол орны өвлийн үзэмж, нүүдлийн ахуй соёл, давтагдашгүй амьдралын хэв маягтай танилцан, дурсамж бүтээж, дараагийн адал явдлаа эрэлхийлэх зорилготой жуулчдын хөл тасралтгүй үргэлжилж байна. 

Энэ он гарсаар манай улсыг 14,990 гадаадын жуулчин зорин ирэв.

Зураг:  Жуулчдын ерөнхий мэдээлэл

зураг
 
Эх сурвалж: Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо
зураг
 
Эх сурвалж: Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо

Идэр ес эхэлсэн өвлийн улиралд Монгол орон, тэр дундаа Хөвсгөлийн тайгыг зорин ирсэн Шинэ Зеландын аялагч Н.Хэнритэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна. 

Тэрбээр дэлхийн 30 гаруй орноор аялсан бөгөөд дараагийн адал явдал, аяллын дурсамжаа бүтээхээр ийнхүү Монголыг зорьсноо хэлж байв. 

Түүний хувьд "Хүйтнийг мэдрэх нь ч  адал явдлын нэг хэсэг" гэж хэлсэн нь сонирхолтой. 



Аяллынхаа талаар тэрбээр "Монголын ахуй соёлтой танилцах аялал минь үргэлжилж байна. 

Ялангуяа нүүдлийн соёл, иргэншил миний сонирхлыг ихээхэн татдаг. Тиймээс ч Хөвсгөлийн Цагааннуур сумыг зорьж явна. Цаатан ардын ахуй амьдралтай танилцаж, цаан сүргийг дэргэдээс нь харах ховор тохиол. Өмнө нь амьтны хүрээлэнд л цаа бугыг үзэж явснаас ийнхүү зэрлэг байгальд харах боломж гарахыг төсөөлж байсангүй.

Амьдралынхаа хэзээ ч мартагдашгүй дурсамжийг бүтээхээр найзуудтайгаа аялж явна. Монголын соёл уламжлал, хоол хүнс, хөгжмийн зэмсгийг нэг үгээр илэрхийлбэл "гайхамшиг"-тай юмаа. 

Бусдаас ялгарах соёлын энэ өвөрмөц хэсгийг өмнө нь хаанаас ч харж, сонсож, мэдэрч байсангүй. Мэдээж бага зэрэг хүйтэн байна. Хүйтнийг мэдрэх нь ч бас адал явдлын нэг хэсэг.

Гэхдээ гадаа хүйтэн ч монголчуудын зан чанар дулаан юм аа" хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв. 

Үргэлжлүүлэн "Шинэ орчинд ирж, шинэ хоол хүнс идэж, шинэ найз нөхөдтэй болж байна. 

Гэр рүүгээ дурсамж дүүрэн буцах нь ээ. Хөвсгөл нуурыг үзлээ, өвлийн үзэмж нь гайхалтай. Хөдөөгөөр аялж явахдаа монголчуудын зочломтгой зан чанарыг танин мэдлээ. 

Гадаа жаахан хүйтэн байгаа ч монголчуудын зүрх сэтгэл дулаан юм. Биднийг цай хоолоор дайлж, уриалагхан хүлээн авдаг. 

Ялангуяа хөдөө амьдарч буй иргэд үндэсний хувцсаа өдөр тутам өмсөж харагдана. Уламжлалт хонины арьсан дээлийг өвлийн цагт өмсдөг юм байна. 

Бусад аялал маань ч адал явдалтай өрнөж байсан. Гэхдээ ихэнх нь дулаан орон. 

Индонез, Самоа, Балигаас ялгаатай мэдрэмжийг өгөх аялалд гарсандаа баяртай байна. Бодож, төлөвлөж, төсөөлж, сайтар зохион байгуулж чадвал дэлхийн өөр нэгэн улсад таны дараагийн дурсамж бүтдэг юм байна" гэлээ. 

ФОТО:

Гэрэл зургийг MPA.mn