Боодол өвс шатаж байна гэх дуудлага онцгой байдлын албанд ойрын өдрүүдэд бүртгэгдсээр байна.
Өчигдөр л гэхэд энэ төрлийн хоёр дуудлага бүртгэгдэв.
Тодруулбал Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг багийн “Дөрөв жаран нэг” гэдэг газар өвс шатаж байна гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 22-ны 13:22 цагт онцгой байдлын алба хүлээн авсан. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 24 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-гийн хураалттай 2,000 боодол өвс бүрэн шатаж байсныг ажиллаж унтраажээ.
Түүнчлэн Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн “Дух нарс” гэдэг газар автомашин шатаж байна гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 22-ны 22:33 цагт онцгой байдлын алба хүлээн авчээ. Энэ дагуу тус аймгийн Хангал сумын Хялганат тосгон дахь 50 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн “Isuzu Forward” загварын 300 боодол өвс ачсан ачааны автомашины бүхээгийн хойд хэсэг, 100 орчим боодол өвс шатаж байсныг ажиллаж унтраасан хэмээн Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.
Иймд иргэд та бүхэн боодол өвсний ойр орчимд гал гаргахгүй, тамхи татахгүй байхыг сэрэмжлүүлж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!