Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

М.Цэцэнбилэг: Надад үүнийг давах хүч өгөөч...

ikon.mn
2022 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Шөнийн галт тэрэг... Энэ нэр хэлэгдэх төдийд чихэнд дуу хөгжим нь сонсогдон, үг нь аманд хэлхэгддэг. Үргэлжлүүлээд тэд тарсан уу, эргэн нийлэх үү,  шинэ уран бүтээл хийх үү гэх сонгодог гурван асуулт “хариулт” мэт дагадаг...

1998 онд байгуулагдаж, 2004 онд “Цэнхэр шувуу” хэмээх цор ганц цомгоо хэвлүүлснээс хойш шинэ уран бүтээл хийгээгүй ч  дуу хөгжим 24 жилийн турш эхэн үеийн сонсогчдын  хагацашгүй найз, залуу сонсогчдын хувьд “шинэ нээлт” болсоор иржээ. “Манай цомог гарч байхад дөнгөж төрж байсан болов уу гэмээр залуус пянз авч,богино хэмжээний киноны нээлт дээр ч тэр насны үзэгчид их байхыг хараад бид үнэхээр гайхахын зэрэгцээ баярласан” хэмээн М.Цэцэнбилэг дурдсан юм. Яг одоод бүтээгдсэн биш цаг хугацааны хэмжүүрээс хэтийдэн хүмүүст хүрч чанартай, давтагдашгүй, уйдашгүй мөн чанарыг агуулан байдаг зүйл л өөрөө “шинэ” юм. Энэ л мөн чанар Шөнийн галт тэрэг хамтлагийг уран бүтээлд шингээтэй. Тиймээс тэд тарсан, эсвэл зогсонги байдалд орсон биш тасралтгүй уран бүтээлээ хүргэсээр буй хамтлаг гэвэл илүү онох мэтээ.

Шөнийн галт тэрэг хамтлаг энэ сарын 12-ны 20:00 цагт Улаанбаатар зочид буудлын концертын танхимд бүрэн хэмжээний тоглолтоо хийх гэж байна. Ингээд хамтлагийн дуучин М.Цэцэнбилэгтэй ярилцсанаа хүргэж байна.



- Олон жилийн дараа хамтлаг бүрэн хэмжээний тоглолтоо хийх гэж байна. Сонсогчдын асар их хүлээлт дор болох гэж буй  тоглолтын тухай яриагаа эхэлье.

зураг
 

Тоглолтын зохион байгуулалтын ажил дуусчихсан, хамтлаг маань ч бэлтгэл хангагдсан байгаа. Сүүлийн нэг жил гаруй үргэлжилсэн пянзны төслийн  хүрээнд хэдэнтэй арга хэмжээ зохиогдсон ч оролцож чадаагүй гэх үзэгчдийн хүсэлт их байсан тул илүү хүртээмжтэй тоглолт хийе гэж шийдсэндээ. Түүнээс анхнаасаа тийм сэдэл байгаагүй гэхэд болно.

Капитрон банк, Broscode дэмжсэний хүчинд энэ том ажлыг зориглон хийх боломж гарсан учир талархлаа илэрхийлмээр байна.  Зочин хамтлагаар Even Tide байхаас өөр нэг гэнэтийн бэлэг байгаа. Мөн цомогт ороогүй өмнө нь зохиогдсон дуунуудаа тоглоно. Урьд нь тэр бүр тоглож байгаагүй дуунууд гэсэн үг. Пянзны худалдаа, Michel&Amazonka брэндтэй хамтарсан мерчиндайзер борлуулагдана. Манай хамтлаг сошиал сувгууд Fb, Instagram-р дамжуулан тоглолтын мэдээлэл авах мөн Youtube сувгаас Monolith Pictures-ийн хийсэн богино хэмжээний кино, live session үзэх боломжтой.

зураг
 

- Зарим хөгжимчдийн хувьд шинэ бүрэлдэхүүн. Хөгжмийн хувьд хуучин цомгоос хэр өөр дуугарах бол?

Сонсогчдын сонссон найруулга, дуугаралт яг л хэвээрээ байна. Хөгжимчид тэр л дуугаралтыг тоглохоос шинээр өнгө аяс оруулж тоглохгүй.

- Пянзны төсөл нь олон бүтээлч санааг араасаа дагуулсан. Богино хэмжээний баримтад кино, тоглолт гээд л.  Үргэлж асуудаг эргэн нийлж шинэ уран бүтээл хийх үү гэсэн асуултад ч хариулт өгсөн болов уу. Энэ тухайд?

Хоёр жилийн өмнөөс пянз гаргах тухай ярилцаж эхэлсэн юм. ХААН банк пянзны төслийг маань ивээн тэтгэж, өнгөрсөн хавраас бичлэгээ бичүүлэх үйл явцаас эхэлсэн төсөл маань өнөөдрийг хүртэл үргэлжлэн хаалт болгож энэ сарын 12-нд тоглолтоо хийж байна. Энэ хугацаанд төрөл бүрийн шинэ хүмүүстэй хамтран ажиллаж, маш сонирхолтой цаг хугацааг өнгөрлөө. Миний хувьд цаашид  дуу хөгжимдөө илүү их цаг зарцуулах урмыг олж авсан. “Тарсан уу, эргэж нийлж шинэ бүтээл хийх үү” гэх асуултын хариултыг пянзны тухай баримтад кинон дээр дэлгэрэнгүй хариулсан байгаа. Товчхондоо манай хамтлаг  ажил биш шүү дээ. Тарлаа, нийллээ гэх нь өөрөө бидний хувьд хэзээ ч байгаагүй зүйл учир “байхгүй” зүйлд хариулах боломжгүй гэх үү дээ. Хамтлагаас илүү бид хөгжмөөр холбогдсон найзууд, уран бүтээл хийгээгүй үедээ ч найзууд байсан. Хуучин бүрэлдэхүүнээс Баясаа бид хоёр дээр нэмэгдээд шинэ хөгжимчидтэй дараагийн цомгийн асуудал яригдаж байгаа. Бүх зүйл болох үедээ л цаанаасаа бүрэлддэг. Тийм ч учраас шинэ цомгийн хувьд  гарах он сарыг ч  тодорхой хэлэх боломжгүй.  

- Пянзны соёл эргэн ирснээр олон уран бүтээлчид шинээр дуу хөгжмөө бичүүлж буй нь сайшаалтай хэрэг. Та өөрөө пянз цуглуулагч уу?

Пянзыг хэдхэн жилийн өмнө үзэгдэл болоод дуусах байх гэж бодсон ч бүр хэрэглээ болоод тогтож байна. Би пянз цуглуулагч бол бишээ. Гэхдээ мэдээж пянзаар сонсохын гоё зүйл байгаа.  Би CD цуглуулах илүү дуртай. Canon зургийн аппаратыг бүх хүний хэрэглээ болгосон шиг CD гарч ирснээр хөгжмийг сонсох хүртээмжийг нэмэгдүүлсэн шүү дээ. Цуглуулахад авсаархан, үнийн хувьд ч боломжийн.

зураг
 

- Пянзны ковер сонирхолтой санагдсан. Зураг сонголтын тухайд?

Би гэрэл зураг авах сонирхолтой. Өөрийн авсан зургаа санал болгоход манайханд бас таалагдаад зөвшөөрсөн.  Сайн харвал өмнөх цомгийн шувууг шингээсэн байгаа. Барилга нь хуучны боловч одоо ч байгаа тэр  утгаар хамтлагийн түүхтэй нийцэхээр. Зураг нь хар цагаан ч доторх дуу нь өнгөлөг гэх мэтээр олон утгаар тайлбарлаж болох байх.

- Таны сэтгэлд хамгийн тод үлдсэн тайз?

Чингис зочид буудалд хийж байсан цомгийн анхны тоглолт. Дараагийнх нь Нисванис, Булсара, Отгоо нэг тайзнаа гарсан маш олон үзэгчтэй болсон 2005 оны Их завсарлага. 2008 онд C1 телевизийн “Их завсарлага”  манай  сонсогчдын хувьд хамгийн сэтгэлд үлдсэн тоглолт гэж ярьдаг. Удахгүй болох тоглолтоо ч мөн адил хүмүүсийн сэтгэлд үргэлж дурсагдахаар үлдээсэй гэж хүсэж байна.

зураг
 

- Сэтгэлд үлдэх “гоё” тоглолт болоход ямар хүчин зүйлүүд нөлөөлдөг бол?

Хамтлагийн тоглолт, үзэгчдийн уур амьсгал, зохион байгуулалт гээд олон зүйлс байх. Манай хувьд нэлээдгүй олон жил тайзан дээр тогложээ. Үзэгчдээ мэдрэх, тэдний юу хүсэж байгааг уур амьсгалаас нь ойлгож хариу үйлдэл үзүүлэх тал дээр туршлагатай болсон байж магад. Тоглолтоос гадна үзэгчдээ мэдрэх чухал юм болов уу.

- Шөнийн галт тэрэг огт тайзнаа гарахгүй байж байгаад энэ тоглолтыг хийж байгаа гэвэл өрөөсгөл. Playtime наадмын Хаан банкны асарт тоглосон гэх мэт тоглолтууд байсан. Энэ тоглолтын гэхдээ хамгийн гол онцлог юу бол. Илүү их хариуцлага мэдрэгдэж байна уу?

Хариуцлагын хувьд ямар ч тайз адилхан. Харин энэ тоглолт зохион байгуулалтын хувьд л илүү том юм байх. Өмнө нь бид дандаа бэлэн зохион байгуулалт дээр тоглодог байсан бол энэ тоглолт тал талаас өөрсдөө багаа бүрдүүлж байгаа тул “нүсэр” гэж хэлж болохоор. Үзэгчид бас зөвхөн манайхыг сонсох гэж зорьж ирнэ. Тиймээс урмыг нь хугалахгүй юм сан гэх бодол бас надад үүнийг давах хүч өгөөч гэдэг шиг л сэтгэл хөдлөл, мэдрэмж төрж байна даа.

- Шинэ залуу үед ч танай дуу хүрсээр байгаа хөгжмийн сүнс нь юу бол?

Ямар ч уран бүтээлчид сүнсгүй зүйл хийе гэж бодохгүй бүхий л сэтгэл зүрхээ шингээж хийдэг. Магадгүй манай хөгжим олон талын үзэл бодол, өөр өөр хөгжмүүд шингэсэн байдаг учир янз бүрийн насны хүмүүс сонсоход,  нийцэл нь олон салаатай байдаг юм болов уу.

зураг
 

- Танд яг ямар сэдэл, санаагаар хөгжим бүтээх нөхцөл бий болдог бол?

Хүнд ямар нэг зүйлээ хуваалцахыг хүсэж байгаа тэр мэдрэмж, хүслээс л хөгжим бий болдог.

- Танай хамтлагийн дуугаралт өнгө төрхөд хамгийн их нөлөөлсөн уран бүтээлчид?

Ер нь манай хамтлагийн хөгжим их холимог. Би The Prodigy гээс авхуулаад поп дуучин хүртэл сонсож өссөн.  Баясаа метал, Төөгөө гранж гэх мэт бүгд өөр өөр. Бүх талаас санаа нийлдэг нь Radiohead. Тийм ч болохоор сонсогч нар бас тэгж тодорхойлох нь бий.

- Та хамтлагийнхаа дууг сонсдог уу?

Яг өөрийнхөө хоолойг сонсоод байдаггүй ч, хамтлагийнхаа хөгжимд дуртай.

- Урлаг, дуу хөгжим хүний амьдрал ямар үүрэгтэй вэ гэх асуулт хэдхэн жилийн өмнө чухал агуулга байсан бол одоо “утгагүй асуулт” болтлоо цаг үе өөрчлөгдөж байна. Урлагийн үүрэг гэхээс илүү таны амьдралд ямар байр суурь эзэлж байна?

Бусад хүмүүсийг мэдэхгүй ч өөрийнхөө амьдралаар төсөөлөхөд зөвхөн дуу хөгжим ч биш урлагийн бүх төрөл байгаагүй амьдрал саарал, хөшингө болж хувирах байх. 

зураг
 

- Монголын хөгжмийн салбарын өнөөгийн хөгжлийн тухай таны бодол?

Биднийг анх тоглож байхад цөөхөн хамтлаг байдаг байв. Одоо бол шинэ залуу уран бүтээлчдийг сонсож амжихааргүй олон байна. Энэ нь ч өөрөө сайн зүйл байх. Өрсөлдөөн дундаас л сайн чанартай хөгжим гарна. Дуугаралт нь  их өөр болчихсон, зөвхөн амьд хөгжмийн зэмсэг гэхээс илүү электро дуугаралт ашиглаж байгаа нь сонирхолтой. Ер нь  бүх төрлийн хөгжим л баялаг, сонирхолтой болж байх шиг байна.

- Ямар хөгжмийн фестиваль байгаасай гэж хүсдэг вэ?

Хүн бүр мэдээд байдаггүй ч сонирхолтой, чанартай хөгжим хийдэг зөвхөн рок гэлтгүй эксперминтал тоглодог уран бүтээлчдийн андерграунд фестиваль байвал хамгийн түрүүнд очно.

- Таны хувьд хэзээ ч уйдашгүй сонсдог хөгжмөө хуваалцвал?

Ер нь олон доо. Санаанд орж буйгаа нэрлэвэл Radiohead,  Boards of Canada, Burial, Massive Attack, Portishead гээд олон олон.

- Удахгүй болох тоглолтоос үзэгчид юу мэдрэх бол?

Бид сонгодог утгаар нь альтернатив рок тоглолт хийх гэж зохион байгуулалт, хөгжмийн тоглолт гээд бүхий л зүйлсийг цогц байхаар хичээн ажиллаж байна. Хамтлагийн хувьд ч сайн тоглолт болох тал дээр бүхий л бэлтгэлээ хангаж байгаа. Бас хүн бүрд догдлол бий.  Тэр өдрийн уур амьсгал гоё байх болов уу.

 

Сэтгүүлч Д.Оюунномин