Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Оны эхний есөн сард 19 сая тонн нүүрс экспортолжээ

Б.Жаргалмаа, IKON.MN
2022 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Энэ оны эхний есөн сарын гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 15.3 тэрбум доллар болж, 2.6 тэрбум долларын ашигтай буюу эерэг гарсныг Гаалийн ерөнхий газар мэдээллээ. 

Тодруулбал, есдүгээр сард Монгол Улс экспортод 8.9 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үеэс 39.3% өссөн байна. 

зураг
 
Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар

Экспортод нийлүүлсэн барааны 99.5 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлжээ.

Нийт экспортын барааны 50% буюу 4.5 тэрбум ам.долларыг нүүрсний экспорт, 24.4% буюу 2.17 тэрбум ам.долларыг зэсийн баяжмалын экспорт эзэлсэн байна. 

Оны эхний есөн сарын байдлаар 19 сая тонн нүүрс экспортолжээ. Энэ нь төсөвт тусгасан 28 сая тоннын 68%-д хүрч буй дүн бөгөөд 2020 оны түвшнээс 4.1% доогуур байна. 

зураг
 
Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар

Зэсийн баяжмалын экспорт өмнө хоёр орны мөн үеэс өссөн дүнтэй байгаа юм. Эхний есөн сард нийт 1.1 сая тонн зэсийн баяжмал экспортод гаргажээ. 

Экспортын барааны нийт дүнд

  • эрдэс бүтээгдэхүүн 7603.7 сая ам.доллар буюу 85.2 хувь;
  • сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 754.0 сая ам.доллар буюу 8.5 хувь;
  • нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 400.1 сая ам.доллар буюу 4.5  хувийг тус тус эзэлж

эдгээр нь нийт экспортын дүнгийн 98.2 хувийг эзэлж байна.

2022 оны эхний 9 сард экспортолсон хар тугалганы хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал, цайрын баяжмал болон түүхий нефтийг 100.0 хувь, чулуун нүүрсний 90.8 хувийг БНХАУ-д; үхэр адууны боловсруулсан ширний 80.9 хувь, самнасан ноолуурын 81.9 хувийг Италид; ямааны угаасан ноолуурыг 100.0 хувь БНХАУ-д тус тус экспортолж дээрх нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 82 хувийг эзлэжээ.

Монгол Улс дэлхийн 63 оронд бараа экспортолсноос  БНХАУ-д  84.5 хувь, Швейцарт 7.8 хувь, Сингапурт 3.6 хувь тус тус ногдож нийт экспортын 95.9 хувийг эдгээр улс эзэлж байна.