Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга аймгуудын Засаг дарга нарын асуудлаар мэдээлэл өглөө.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Архангай аймгийн ИТХ хуралдаж Засаг даргаа огцруулсан үйл ажиллагаа өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт болсон байна лээ. Энэ талаарх албан ёсны бичгийг Засгийн газрын зүгээс гар дээрээ хүлээж аваагүй байна.
Мөн хоёр, гурван аймагт ИТХ нь хуралдаж чадахгүй нөхцөл үүсээд буй. Эдгээр нь нэгжийн хуулиар зохицуулагддаг. Хэрэв ИТХ хуралдаж, орон нутгийн төсвийг баталж чадахгүй болсон тохиолдолд хуулиараа дараагийн асуудал нь шийдэгдэнэ.
Засгийн газраас орон нутгийн Засаг даргын үйл ажиллагааг бодитой үнэлж, дүгнэх байр суурьтай байгаа. Нэгжийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайд доод шатныхаа Засаг даргыг огцруулах эрх нь нээгдсэнийг Ховд аймагт болсон үйл явдал харуулж байгаа.
Өгөгдсөн үүрэг даалгавар, ард иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ орон нутгийн удирдлага хэрэгжүүлж чадахгүй байвал Ерөнхий сайдын зүгээс хариуцлага тооцох эрх нь нээлттэй.
Өвөлжилтийн бэлтгэл болон орон нутагт явагдаж буй ажлын тайланг урьдчилж авах хугацаатай үүргийг орон нутгийн удирдлагуудад өгсөн. Энэ тайланг дүгнээд нэгтгэгдсэний дараа зарим удирдлагуудад хариуцлага тооцох эсэх асуудлыг ярина.
Иргэдийн итгэлийг даахгүй, ИТХ-тэйгээ хамтарч ажиллаж чадахгүй нөхцөл байдал үүссэн бол асуудлыг шуурхай шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байгаа" гэв.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|