Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Баярсайхан: Бид сорилтыг боломж болгохоор ажиллаж байна

ikon.mn
2022 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Хөрөнгийн зах зээлтэй холбоотой цаг үеийн асуудлаар Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/-ны дарга Д.Баярсайхантай ярилцлаа.

- Дэлхий даяар “Ковид-19” цар тахал, геополитикийн хурцадмал асуудлуудтай тэмцэж байгаа өнөөгийн нөхцөл байдалд дэлхийн эдийн засаг, санхүүгийн зах зээл, тэр дундаа манайх шиг хөгжиж буй орнуудын зах зээлийг ямар сорилт хүлээж буй талаар ярилцлагаа эхлүүлье.

- Цар тахлын үеийн хүндрэл, үүний эсрэг хэрэгжүүлсэн засгийн газруудын бодлого, хөл хорионы дараах эдийн засгийн сэргэлт, геополитикийн асуудал зэрэг олон хүчин зүйлсээс шалтгаалж дэлхий даяар үнийн өсөлт буюу инфляцтай тэмцэж, эдийн засаг санхүүгийн зах зээлд тодорхой бус, эмзэг байдал үүсээд нэлээдгүй хугацааг үдээд байна.

АНУ тухайлбал сүүлийн 40 жилд тохиогоогүй үнийн хурдтай өсөлттэй тэмцэн бодлогын хүүгээ он гарснаас хойш 5 удаа нэмэгдүүлсэн бөгөөд цаашид ч мөн үргэлжлүүлэн өсгөнө гэсэн хүлээлттэй байна. Төв банк бодлогын хүүгээ нэмэгдүүлэх нь санхүүжилтийн зардлыг өсгөх, санхүүгийн зах зээлийн нөхцөлийг чангаруулах, эдийн засгийн үйл ажиллагааг хумих нөлөөтэй байдаг. Уг нөлөөний улмаас томоохон улс орнуудын бодлогын хүүгийн шийдвэр, тэр ч бүү хэл бодлогын хүү өсөж болзошгүй гэсэн хүлээлт нь л өөрөө дэлхийн хөрөнгийн зах зээлд савлагаа үүсгэдэг.

Хэрэв та бүхэн санаж буй бол цар тахал эхэлснээс хойш АНУ-ын хөрөнгийн зах зээл баавгай зах руу 2 ч удаа нэвтэрлээ. Эхний удаад харьцангуй богино хугацаатай буюу сар гарны хугацаатай үргэлжилсэн ч, өнгөрөгч 6 сард Холбооны нөөцийн банкны бодлогын шийдвэртэй холбоотойгоор ахин баавгай зах зээл эхлээд одоог хүртэл үргэлжилж байна. Энд баавгай зах зээл гэдэг нь хөрөнгийн зах зээлийн томоохон индексүүд хамгийн сүүлд тохиосон оргил үеэсээ 20 болон түүнээс дээш хувиар унахыг хэлж буй. Баавгай зах зээлийн үед хөрөнгө оруулагчид зах зээлд итгэх итгэл алдагддаг учраас хувьцааны зах зээлд дараа, дараагийн үнийн уналтыг бий болгох шалтгаан нь болдог.

Хэдийгээр хувьцааны зах зээл нь нийт эдийн засгийн үйл ажиллагааг дангаар төлөөлж чадахгүй ч, баавгай зах зээл нь эдийн засгийн хүндрэлтэй зэрэг тохиох, хямралыг дохиолох зүй тогтол ажиглагддаг. АНУ-аас гадна Англи, Европын холбооны улсууд бодлогын хүүгээ нэмэгдүүлж Японы төв банк 24 жилийн дараа анх удаа интервенц хийлээ.

Дэлхийн эдийн засаг, худалдаа, санхүүгийн зах зээл хурдтай интеграцчлагдаж буй энэ цаг үед томоохон эдийн засгуудын бодлогын шийдвэрийг дагахаас өөр сонголт хөгжиж буй бусад орнуудын хувьд хомс байдаг.

Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ өсгөснөөр ам.долларын үнэлгээ хурдтай өсөж байна. Гэтэл дэлхий дээр хийгдэж буй нийт гадаад худалдааны эргэлтийн 40 гаруй хувь нь ам.доллароор хийгддэг. Тиймээс ам.долларын өсөлт  эргээд бусад улс орны үнийн өсөлтийн шалтгаан болдог. Үнийн өсөлтөөс гадна хөгжиж буй улс орнуудын хувьд хөрөнгийн гадагшлах урсгал нэмэгдэх, ханшийн эрсдэлийг даган гадаад өрийн дарамт ихсэх зэрэг олон тооны сорилт ам.долларын чангарлыг даган үүсэж байна.

- Дэлхий нийт, улс орон, албан байгууллага, хувь хүний санхүүгийн хувьд ч үнэхээр амаргүй энэ цаг үед Таны сая хэлсэн гадаад эрсдэлээс зайлсхийх, бууруулах, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр СЗХ-ноос бодлого, зохицуулалтын ямар ажлуудыг хийж байна вэ? 

- Мэдээж эдийн засаг, санхүүгийн салбарын орчин амаргүй нөхцөл байдлыг туулж байгаа ч хямрал, сорилт бүрийн ард шинэ боломж, сургамжууд байдаг. Хэдийгээр томоохон улсуудын хувьцааны зах зээл уналттай ч, энэ цаг үе нь эргээд урт хугацааны хөрөнгө оруулалт хэлбэрээр зах зээлд оролцох, ирээдүйд өсөх бүрэн боломжтой хувьцааг хямдарсан үед нь худалдан авахад тааламжтай үе ч байж болно. Гэхдээ дэлхийн санхүүгийн зах зээлд улаан өнгө давамгайлсан цаг үе хэдий ч Монголын санхүүгийн зах зээлийн хувьд эсрэгээрээ амжилттай үзүүлэлтүүд олон байна. Жишээлбэл, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг хэмжих чухал үзүүлэлт болох зах зээлийн үнэлгээ энэ оны эхний хагаст нэг их наядаар өссөн дүнтэй байна.

Хамгийн чухал нь иргэд, аж ахуй нэгж, бизнесийнхэнд эдийн засгийн тодорхой бус байдал давамгайлсан ч хөрөнгийн зах зээлийн оролцоо нь улам бүр нэмэгдэж байгаа нь онцлогтой байна.

Харин зохицуулагч байгууллагын зүгээс энэ цаг үед зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлэх, олон улсын түвшинд хүргэх, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжлийг дэмжих чиглэлээр үе шаттай хэд хэдэн бодлогын арга хэмжээг авч чамлалтгүй үр дүнд хүрээд байна. Ялангуяа цаг үеийн нөхцөл байдалд нийцүүлэн зохицуулалтын салбаруудад гарч болзошгүй болон системийн эрсдэлийг дахин үнэлэх, санхүүгийн зах зээлийн дунд болоод урт хугацааны бодлогоо шинэчлэх замаар сорилтыг боломж болгох, зохицуулалтын цагаа олсон, оновчтой, үр дүнтэй шийдлүүдийг гаргахад онцгойлон анхаарсан. УИХ-аас 2020 онд баталсан “Зээлийн хүүг бууруулах стратеги”-д хөрөнгийн зах зээлийг дунд хугацаанд хөгжүүлэх бодлогын цогц арга хэмжээг тусгасан ба өрсөлдөөнийг бий болгож санхүүжилтийн зардлыг бууруулахыг тэргүүлэх чиглэлээ болгон СЗХ-оос ажиллалаа.

Хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн байгууллагуудын үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны шимтгэл, хураамжийг үе шаттайгаар бууруулж, компанийн бондын зах зээлийн зохицуулалтын эрх зүйн орчныг сайжруулахын зэрэгцээ Банкны тухай хуульд банкны салбарын реформын шинжтэй нэмэлт, өөрчлөлтийг тусгуулсан.

Тодруулбал, СЗХ Монголбанктай хамтран системийн ач холбогдол бүхий томоохон банкууд олон нийтийн компани болох, бусад банкууд нээлттэй болон хаалттай хувьцаат компанийн хэлбэрт шилжих, хувьцаа эзэмшигчдийн хувьцааны эзэмшлийн төвлөрлийг бууруулахтай холбоотой Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийг УИХ-аар баталснаар холбогдох нарийвчилсан дүрэм, журмуудыг боловсруулсан. Ингэснээр системийн нөлөө бүхий банкууд компанийн хэлбэрийг өөрчлөн зохион байгуулж, нээлттэй хувьцаат компани болохоор хуульчлагдсан.  Банкуудын IPO хөрөнгийн зах зээл дээр амжилттай хэрэгжих, Банкны тухай хуулийн хэрэгжүүлэх чиглэлээр СЗХ-оос Монголбанктай хамтран холбогдох зохицуулалтын орчныг боловсронгуй болгох, бодлого, зохицуулалтаар дэмжих ажлуудыг хэрэгжүүлж байна.

- Банкны салбарын реформыг хэрэгжүүлснээр хөрөнгийн зах зээлд ямар давуу талтай вэ?

- Банкны тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд банкууд IPO хийснээр хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өсөх, хөрвөх чадвар өндөртэй шинэ бүтээгдэхүүний тоо нэмэгдэх, цаашлаад зах зээлд мэргэжлийн хөрөнгө оруулагчдын суурь болоод гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын идэвх, оролцоо сайжрахаас гадна арилжааны банкуудын хувьцаа эзэмшигчдийн төвлөрөл буурах, банкны өмчлөл-хяналтын тэнцвэрт байдал бий болох, иргэд, аж ахуйн нэгжүүд биржээр дамжуулан арилжааны банкны хувьцааг худалдан авах, банкны мэдээллийн ил тод байдал, компанийн засаглал сайжрах зэрэг олон давуу талтай. Тухайлбал, арилжааны банкуудын Монголбанк болон СЗХ-нд ирүүлсэн хувьцаат компани болох урьдчилсан төлөвлөгөөнөөс үзэхэд хөрөнгийн зах зээлээс нийт 430 гаруй тэрбум төгрөгийг татан төвлөрүүлж, хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 5.6 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой гэсэн тооцоолол гарсан. 

Банкны реформын хүрээнд “Богд банк” анх удаа нийтэд санал болгож хувьцаа гаргах ажиллагааг амжилттай хэрэгжүүлж, нийт 31.75 тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлсэн бол системийн нөлөө бүхий банкнуудаас Төрийн банк нээлттэй хувьцаат компани болох ажлыг түүчээлснээр өнгөрсөн сарын 21-ний өдөр хувьцаат компани болох зөвшөөрлөө СЗХ-ноос авч, мөн сарын 30-ны өдрөөс анхдагч зах зээлийн арилжаагаа эхлүүлсэн өдрөө захиалга нь 100 гаруй хувь давж амжилттай боллоо. Энэ нь УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж буй төрийн болон орон нутгийн өмчийн компаниудыг олон нийтийн болгох ажил бодитоор хэрэгжиж буйн илрэл юм. Мөн Хаан банк, Голомт банкнаас хувьцаагаа олон нийтэд санал болгон гаргахтай холбоотой хүсэлт, үнэт цаасны танилцуулга болон аудит, хууль, үнэлгээний тайлан зэрэг IPO гаргахтай холбоотой бүхий л баримтаа СЗХ-нд ирүүлснийг холбогдох хууль, журмын дагуу хянаж байна. 

зураг
 

- СЗХ-оос үнэт цаасны арилжааны шинэ платформ үүсгэсэн нь богино хугацаанд ихээхэн амжилттай ажиллаж байгаа тухай сонслоо. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

- Дэлхийн олон оронд ОТС \Over-the-Counter\ зах зээл буюу биржийн бус зах зээл гэж тухайн орныхоо хөрөнгийн биржтэй өрсөлдөхүйц арилжааны бүтэц ажилладаг. Харин манайд зохицуулалтын хувьд хэдийгээр нээлттэй боловч ажиллаж эхлээгүй, шийдлээ хүлээсэн асуудал байсан. Иймд СЗХ-оос биржийн бус зах зээлийн удирдлага, зохион байгуулалт, бүртгэл, арилжааны иж бүрэн платформ, гишүүдийн статус зэрэг харилцааг цогцоор нь зохицуулсан зохицуулалтын журмыг баталж, биржийн бус зах зээлийг үүсгэх, хөгжүүлэх чиглэлээр өөрийгөө зохицуулах байгууллага болох Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой сүүлийн 1 жилийн хугацаанд хамтран ажиллалаа.

Энэ хугацаанд 67 компанийн 1.1 их наяд төгрөгийн дүн бүхий компанийн бонд бүртгэгдэж, 680 гаруй тэрбум төгрөгийг мэргэжлийн хөрөнгө оруулагчдаас татан төвлөрүүлээд байна. Өөрөөр хэлбэл дотоодын олон аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч санхүүжилтийн эх үүсвэрээ шийдвэрлэсэн нь нэгхэн жил болж буй зах зээлийн хувьд чамлахааргүй үзүүлэлт хэдий ч бид цаашид бүртгэл, төлбөр тооцоо, хадгаламжийн бүтэц, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын чадавх зэрэг олон асуудлыг сайжруулах, тогтолцоог бүрдүүлэхээр зах зээлийнхээ мэргэжлийн холбоотой хамтран ажилласаар байна.

- Нээлттэй хувьцаат компанийн засаглалын тогтолцоо их чухал гэж боддог. Энэ чиглэлээр Та бүхэн ямар ажил хийж байна вэ?

- Компанийн засаглалын удирдлага, хяналтын үр дүнтэй, зохистой тогтолцоотой байх нь тухайн компанийн урт хугацааны тогтвортой хөгжлийг, цаашлаад салбарын тогтвортой байдлыг хангагч суурь нөхцөлийн нэг. СЗХ анх 2007 онд “Монгол Улсын компанийн засаглалын кодекс”-ийг баталсан бол 2014 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Харин энэ оны 3 дугаар сард “Компанийн засаглалын кодекс”-ийг СЗХ шинэчлэн баталж, мөрдүүлж эхлээд байна. Шинэчлэгдсэн кодекст бусад орнуудын сайн жишиг болон манай орны нөхцөл байдалд үндэслэн компанийн засаглалын гол субъект болох төлөөлөн удирдах зөвлөлийн бүтэц, үйл ажиллагааны зарчим, эрх, үүргийг илүү нарийвчлан зааж өгсөн.

Нээлттэй хувьцаат компаниас гадна даатгагч, итгэлцлийн үйлчилгээ эрхлэгч банк бус санхүүгийн байгууллага болон хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниудад кодексийг үйл ажиллагаандаа мөрдөхийг СЗХ-ны тогтоолоор үүрэгжүүлснээр хамрах хүрээ өргөссөн. Түүнчлэн ТУЗ-ийн хараат бус гишүүний чиг үүргээ хэрэгжүүлэх нөхцөлийг сайжруулах, зөрчлийг мэдээлэх болон комплайнсын хяналтын тогтолцоо, хувьцаа эзэмшигчдийн хурлыг зохион байгуулахдаа технологийн дэвшлийг ашиглах, нэвтрүүлэх зэргийг үүрэгжүүлсэн. Үүний зэрэгцээ ТУЗ-ийн дарга, гишүүдийн олонх нь хараат бус байх, ТУЗ-ийн зүгээс гадаад болон жижиг хувьцаа эзэмшигчид эрхээ хэрэгжүүлэхэд нь онцгой анхаарах зөвлөмжүүд ч туссан.

Компанийн ТУЗ нь кодексийн хэрэгжилтийг жилд нэгээс доошгүй удаа маягтын дагуу тайлагнахаас гадна түүнийгээ жилийн үйл ажиллагааны тайландаа тусгаж, цахим хуудсаараа дамжуулан олон нийт, хувьцаа эзэмшигчдэдээ танилцуулах, хэрэв кодексийн хэрэгжилт хангалтгүй гэж үнэлэгдсэн тохиолдолд тухайн компанийн хөрөнгийн биржийн бүртгэлийн ангиллыг бууруулах зэрэг хүртэл арга хэмжээ авахаар зохицуулагдсан.

- Засгийн газраас Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулан ирэх оны төсөвт хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр ямар онцлох арга хэмжээ тусгагдсан бэ?

- Санхүүгийн зах зээл, түүний дотор хөрөнгийн болон даатгалын зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр Засгийн газар, Сангийн яамтай СЗХ-ны зүгээс нягт хамтран ажиллаж байна.

Үүний нэг илрэл нь УИХ-д өргөн баригдсан Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн төсөлд олон жил яригдсан боловч бүрэн хэрэгжиж чадаагүй байсан нээлттэй хувьцаат компаниудын ногдол ашгийн орлогын албан татварыг бууруулах, хөрөнгийн зах зээлийн хөгжилд нэн чухал шаардлагатай мэргэжлийн хөрөнгө оруулалтын тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр хөрөнгө оруулалтын сангуудын орлогыг татвараас чөлөөлөхөөр тусгагдсаныг онцлох нь зүйтэй. Тухайлбал, хөрөнгийн зах зээлийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, дотоодын аж ахуйн нэгжээс нийтэд санал болгон үнэт цаас гаргах замаар урт хугацааны хөрөнгө оруулалт, санхүүжилт татах идэвх сонирхлыг өсгөх хүрээнд Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийг дагалдуулж Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд үнэт цаас гаргахтай холбоотой гарсан зардлыг 20 хувиар нэмэгдүүлэн албан татвар ногдох орлогоос хасаж тооцох, хөрөнгө оруулалтын сангийн орлогыг татвараас чөлөөлөх, нээлттэй компанийн ногдол ашгийн татварыг 50 хувиар бууруулах зохицуулалтыг тус тус тусгасан.

Хөгжиж байгаа болон хөгжингүй орнуудын сайн туршлагаар хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд татварын дэмжсэн бодлого чухал нөлөөтэй

Хөгжиж байгаа болон хөгжингүй орнуудын сайн туршлагаар хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд татварын дэмжсэн бодлого чухал нөлөөтэй ба энэ нь урт хугацаанд татварын бааз суурийг нэмэгдүүлж, нийгмийн баялгийн дахин хуваарилалтыг эрчимжүүлэх боломжийг бүрдүүлдэг төдийгүй олон нийтэд үнэт цаас гаргах ажиллагааг идэвхжүүлж, үнэт цаас гаргахад гадаадын мэргэжлийн хөрөнгө оруулалтыг татах, компанийн засаглал, мэдээлэл, тайлагналын ил тод байдал, өрсөлдөх чадвар сайжрах, дотоодын аж ахуйн нэгжүүдийг хямд, урт хугацаат санхүүжилт татах хөшүүргийг бий болгож, мэргэжлийн хөрөнгө оруулагч болох хамтын болон хувийн хөрөнгө оруулалтын сангуудын тоо нэмэгдэж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын зах зээлд оролцох идэвх, сонирхлыг эрс нэмэгдүүлэн улс орны эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр, дэмжлэг болох учиртай. 

- Хөрөнгийн зах зээлийн хууль, эрх зүйн шинэчлэлийн талаар бидэнд мэдээлэл өгнө үү?

 - Хөрөнгийн зах зээл сүүлийн жилүүдэд огцом тэлэхийн зэрэгцээ зохицуулалтын шинэчлэл, өөрчлөлт зайлшгүй хийх шаардлагатай болж байна. Иймд СЗХ, Сангийн яамтай хамтран Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан олон нийтээс санал авах ажлыг зохион байгуулж ажиллаж байгаа ба үнэт цаасны зах зээлд оролцогчид, ялангуяа мэргэжлийн оролцогч байгууллагаас ирүүлсэн саналуудыг төсөлд тусгаад байна.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор дотоодын аж ахуй нэгжээс нийтэд санал болгон үнэт цаас гаргах ажиллагаа хялбар, шуурхай болж, зохицуулагч болон арилжаа эрхлэх байгууллагын бүртгэлийн харилцан уялдаа олон улсыг жишигт нийцэх, санхүүгийн технологид суурилсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэмэгдэх, үнэт цаас гаргагч, андеррайтерын компанийн үүрэг, оролцоо өсөх, үнэт цаасны арилжаа, төлбөр тооцоо, төвлөрсөн болон тухайлсан бүртгэлтэй холбоотой зохицуулалт боловсронгуй болох зэрэг эерэг нөлөөг хөрөнгийн зах зээлд авчрах юм. Мөн хуулийн төсөлд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор хувьцааны хамтын санхүүжилт /equity crowdfunding/-ийн зохицуулалтыг шинээр нэмж тусган, нарийвчилсан зохицуулалтыг ч мөн тусгаад байна. Ингэснээр Монгол Улсад жижиг, дунд бизнес эрхлэгч, гарааны компаниудад шаардлагатай санхүүжилтээ хөрөнгийн зах зээлд хямд өртгөөр түргэн хугацаанд татах боломж эрх зүйн хувьд бүрдэх юм

Харин Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хөрөнгө оруулалтын сангийн хуулийн этгээдийн хэлбэрийг өргөтгөж, гэрээний буюу хуулийн этгээдийн эрхгүй хэлбэрээр хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах, биржээр арилжаалагддаг сан \ETF\-тай холбоотой зохицуулалтыг шинээр нэмж тусгасан. Мөн хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгө оруулах хэрэгслийн нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр хөрөнгө оруулалтын сан бусад сангийн нэгж эрхэд хөрөнгө оруулалт хийх зохицуулалтыг ч нэмж тусгаад байна.  Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд эдгээр нэмэлт, өөрчлөлт орсноор сангийн үйл ажиллагааг өргөтгөн олон улсад хэрэглэгддэг олон сонголтот хэлбэрийг бий болгох замаар гадаадын хөрөнгө оруулалтыг татах, улмаар хөрөнгийн зах зээлд мэргэжлийн хөрөнгө оруулагчдын суурийг бэхжүүлж, хөгжүүлэх зах зээлийн эрэлт талыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлнэ гэж үзэн хуулийн төслүүдийг боловсруулан өргөн барихад бэлэн болоод байгаа ба УИХ-ын энэ намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад батлагдан орсон байгаа.