Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

"ДЭМБ-аас Монгол Улсад хэрэглэсэн вакцинуудын үр дүнд анализ хийж хамтарч ажиллахад бэлэн байгаа"

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв хамтран хийсэн коронавируст халдварын эсрэг вакцин нэвтрүүлсний дараах үнэлгээний урьдчилсан тайланг танилцуулах уулзалт өнөөдөр боллоо.

Тодруулбал, Монгол Улсын 2021 оны хоёрдугаар сараас эхлэн зорилтот бүлгийн хүн амаа үе шаттайгаар вакцинжуулж эхэлсэн бөгөөд ​ДЭМБ улс орнуудад шинэ вакцин нэвтрүүлснээс хойш 6-18 сарын дараа вакцинжуулалтын үйл ажиллагааг үнэлэхийг зөвлөдөг аж. Энэ дагуу дээрх үнэлгээг энэ сарын 12-29-ний өдрүүдэд зохион байгуулсан байна.

Үнэлгээг есөн бүлэг сэдвийн хүрээнд ХӨСҮТ болон, нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэг, Баян-Өлгий, Өвөрхангай, Хөвсгөл, Сүхбаатар аймагт явуулжээ.

"Манай улсын вакцинжуулалтын бүртгэлийг цахимжуулсан зэрэг нь бусад улсад сайн туршлага болохуйц явдал гэж үнэлсэн"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үнэлгээний урьдчилсан дүнгээр вакцины хангамж, хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийн хангалт, багтаамж сайжирсан, эрүүл мэндийн ажилчдыг тасралтгүй сургасан, түр цэгийг иргэдэд ойрхон олноор байгуулсан, вакцинжуулалтын бүртгэл, мэдээллийг цахимжуулсан, салбар хоорондын хамтын ажиллагаа сайжирсан зэрэг олон арга хэмжээг бусад улс орнуудад сайн туршлага болохуйц зохион байгуулсан гэж үзсэн гэдгийг ДЭМБ-ын Үнэлгээний зохицуулагч Д.Нарангэрэл хэллээ.

Мөн тэрбээр "Бидний хийсэн үнэлгээ нь коронавирусийн эсрэг вакциныг Монгол Улс дархлаажуулалтад нэвтрүүлснээс хойших хугацаанд ямар үр дүнд хүрсэн, ямар бэрхшээл байгаа болон цаашид юу анхаарах ёстой вэ гэдэгт чиглэгдэж байна. Үнэлгээг хийхдээ ДЭМБ-аас баталсан аргачлалаас гадна вакцинд хамрагдаж буй иргэд, эмч нараас асуумж авах ажиглалт хийх зэргээр  судалсан.

Үүний гол зорилго нь бусад улсад туршлага болохуйц ололт амжилтууд болон цаашид анхаарах ёстой асуудлуудыг гаргаж ирэх явдал юм. Манай улсад вакцинжуулалттай холбоотой ямар нэг санхүүгийн гачигдал гараагүй, олон салбарын хамтын ажиллагаа, цахим бүртгэлжүүлэлт, хүйтэн хэлхээний тоног төхөөрөмж зэрэг нь сайн байсан гэж үнэлэгдсэн бол вакцины ач холбогдлыг бүрэн сурталчлах зэрэг иргэд олон нийттэй харилцах эрсдэлийн харилцаа холбоо харьцангуй сул байсан гэсэн урьдчилсан дүгнэлт гарч байна" гэв.

Түүнчлэн цахим сүлжээнд тархсан вакцины талаарх буруу ташаа ойлголтоос болж иргэдийн вакцинд итгэх итгэл буурч буй нь тухайн мэдээлэл бүрд эрүүл мэндийн байгууллага залруулах арга хэмжээ сайн авч чадахгүй байна гэх дүгнэлттэй санал нэг байгаагаа илэрхийлэв.

"ДЭМБ-аас Монгол Улсад хэрэглэсэн вакцинуудын үр дүнд анализ хийж хамтарч ажиллахад бэлэн байгаа"

ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Хөтөлбөрүүдийн менежмент хариуцсан мэргэжилтэн Д.Содбаяр “Бид Монгол Улсад хийгдсэн коронавирусийн эсрэг дөрвөн вакцины аль нь илүү үр дүнтэй гэхээс илүү энэ вакциныг нэвтрүүлэхэд тухайн улсын дархлаажуулалтын төлөвлөлт нь хэр оновчтой байсан эсэхийг үнэлсэн.

Ингэхэд манай улсад бусад улс оронтой хуваалцахуйц тэргүүн туршлагууд нэлээд олон байгаа нь харагдсан. Үүний үргэлжлэл болоод ДЭМБ-аас Монгол Улсад хэрэглэсэн вакцинуудын үр дүнг одоо байгаа тоон мэдээлэлд үндэслээд урьдчилсан байдлаар анализ хийж хамтарч ажиллахад бэлэн байгаа" гэлээ.

Коронавируст цар тахлын эсрэг вакцин дэлхий дахинд нэвтэрснээс хойш ДЭМБ-ын зөвлөмжөөр ийм үнэлгээ хийлгэж буй хоёр дахь орон Монгол Улс болж байгаа юм. Уг үнэлгээний тайланг өнөөдөр хэлэлцэж, бүрэн нэгтгэсний дараа үр дүн нь бусад улсад туршлага болж үлдэх юм.

Манай улс коронавирусийн эсрэг вакцинжуулалтыг нэвтрүүлэхдээ 21 аймаг, есөн дүүрэгт хүйтэн хэлхээний тоног төхөөрөмж, агуулах зэрэг асуудлаа бүрэн шинэчилсний зэрэгцээ вакцин хийх хөдөлгөөнт цэгүүдийг ажиллуулж, малчны хотонд хүртэл хүрч ажилласнаар өнөөдөр хүн амынхаа дийлэнх хувийг бүрэн тунд хамруулсан улс орны нэг болсныг гаднын мэргэжилтнүүд дүгнэж байгаа аж.

Одоогоор зорилтот бүлгийн хүн амын 87 хувь нь коронавируст халдварын бүрэн тунд хамрагдсан байгаа гэдгийг ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд мэдээллээ.