Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Петрочайна Дачин Тамсаг" компанийн төлөх ₮312 тэрбумын татварын актыг түдгэлзүүлжээ

Т.Саран, iKon.mn
2022 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын улсын байцаагч нар “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн 3 их наяд 600 гаруй тэрбум төгрөгийн зөрчилд 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 312 тэрбум төгрөгийн татварын акт тавьжээ. 

Тус компани энэхүү актыг хүлээн зөвшөөрөхгүй, ТЕГ-ын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байна. Улмаар зөвлөл гомдлыг хэлэлцэн, нөхцөл байдлыг шалган тодруулах ажиллагаа нь бидний магадлан судлах боломжоос хэтэрсэн хэмээн үзэж, дээрх татварын актыг түдгэлзүүлжээ. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Татвар тавьж барьцтай болно. Татварын маргаан үүсгэж барьцаа ахиулна. Татварыг цуцалж “уучлал” үзүүлнэ. Татварын гэмт хэрэг, зөрчлийг прокуророор хянуулахгүй өөрсдөө шийднэ гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар байнга саад болдог. Авлигаа хянуулахгүй, өөрөө шийдэх л амбиц байгаа" хэмээн байр сууриа илэрхийлэв.

Харин Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Б.Энхбаяр аа татварын гэмт хэрэг үйлдэгдсэн бол мөрдөн байцаагчид, прокурор, шүүх ажлаа хийх нь нээлттэй хэвээрээ байгаа.

Мэдсээр байж нийгэмд гүтгэлэг тараах хэрэг байгаа юм уу. Харин татварын жижиг зөрчлөөр хэдэн ААН-үүдээ эрүүгийн гэмт хэрэгтэн болгож шоронжуулах шаардлагагүй" гэж хариу тайлбар бичжээ.

Татварын маргаан шийдвэрлэлтийн талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Сангийн сайдад асуулга хүргүүлээд байна. 

Тодруулбал, “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-д тавьсан татварын акт, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх хуралдааны тэмдэглэлүүд болон гарсан шийдвэрүүдийн мэдээллийг ирүүлэхийг хүсжээ. 

Татварын актыг түдгэлзүүлсэн тогтоол /БҮРЭН ЭХЭЭРЭЭ/