Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

“ЮНЕСКО”-ын тайзнаа "Нүүдэлчдийн домог" тоглолт болов

А.Төгөлдөр, iKon.mn
2022 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Бүгд Найрамдах Франц Улсад болж буй “Монголын соёлын өдрүүд” цогц арга хэмжээ үргэлжилж байна.

Өнөөдөр НҮБ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллага болох ЮНЕСКО-ын тайзнаа Монголын Үндэсний Урлагийн Их Театрын уран бүтээлчдийн “Нүүдэлчдийн домог” тоглолт болов. Тоглолтыг нээж Монгол-Францын парламентын найрамдлын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Соёлын дэд сайд М.Батбаяр, Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү, “ЮНЕСКО”-ын Нийгэм хүмүүнлэгийн шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Ерөнхий захирлын орлогч Габриела Рамос нар үг хэллээ.

Соёлын дэд сайд М.Батбаяр хэлсэн үгэндээ Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэн 1961 оноос хойш “ЮНЕСКО”-ийн дэвшүүлсэн үзэл санаа, санал санаачилгыг дэмжиж хүн төрөлхтний сайн сайхны төлөө боловсрол, соёл, шинжлэх ухаан, харилцаа холбоо , мэдээлэл технологийн салбарт идэвхтэй хамтран ажиллаж, хувь нэмэр оруулсаар ирснийг онцлов. Мөн Франц улсын иргэдийг Монголд зочлохыг урьсан юм.

Харин “ЮНЕСКО”-ын Нийгэм хүмүүнлэгийн шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Ерөнхий захирлын орлогч Габриела Рамос “ Монгол Улс НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77-р чуулганд оролцохдоо тогтвортой хөгжил, ногоон хөгжил цахим шилжилтийг асуудлыг хөндөн тавьсан нь чухал байсан. Монгол Улсын дэвшүүлж буй “Дижитал нэйшн” хөтөлбөрийг дэмжин хамтран ажиллах болно” гэв.

“ЮНЕСКО”-ын тайзнаа тоглогдсон “Нүүдэлчдийн домог” тоглолтыг Франц улсын иргэд, Европ дахь Монголчууд үзэж сонирхлоо. 1,200 хүний суудалтай ЮНЕСКО-ын заал дүүрэн үзэгчтэй байв. Түүнчлэн энэ өдөр “ЮНЕСКО”-д гэрэл зурагчин Н.Бат-Эрдэнийн монголын аж байдал, байгалийн онцлог, соёлын биет бус өвийг илэрхийлсэн “Үзэсгэлэнт Монгол орон”  гэрэл зургийн цахим үзэсгэлэн гарлаа.

Франц Улсад болж буй “Монголын соёлын өдрүүд” цогц арга хэмжээ нь цар тахлын дараах үеийн эдийн засгийг сэргээх, аялал жуулчлалыг татах, Монгол Улсыг гадаадад сурталчлах зорилгын хүрээнд болж байгаа юм. Энэхүү арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурал дахь Монгол, Францын парламентын найрамдлын бүлэг, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монгол Улсаас Франц Улсад суугаа Элчин сайдын яам, ЮНЕСКО-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар, Монголын Үндэсний урлагийн их театр, Монгол Улсын их сургууль зэрэг  байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

 

Эх сурвалж: Соёлын яам