Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

Хүн төрөлхтөн Ангарагийн оронд эхлээд Сугар руу аялах нь илүү тохиромжтой гэж хэсэг судлаачид зөвлөжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Тугалга хайлуулахуйц халуун гадаргуутай, өндөр даралттай агаар мандал нь хүхрийн хүчлээр дүүрэн Сугарыг хүмүүс зочлоход таатай гараг биш гэж үздэг.

Өнгөрсөн долоо хоногт Парис хотод болсон Олон Улсын Астронавтикийн Конгрессын үеэр хэсэг судлаачид хүн төрөлхтний хамгийн түрүүнд зочлоход тохиромжтой гараг нь Ангараг биш, Сугар гэж зөвлөжээ.

Хөрсөн дээр нь хөл тавих боломжгүй ч аюулгүй зайнаас хөлөг дотроосоо Сугарыг ажиглах, судлах боломжтой гэнэ.

Бас нарны аймгийн гарагуудаас дэлхийд хамгийн ойр байрлалтай тул нэг жилийн дотор хүрээд буцаж ирэх боломжтой юм байна. Харьцуулбал Ангарагийн аяллын урт гурван жил үргэлжлэх юм.

“Сугар гарагийн гадарга нь маш хатуу нөхцөлтэй тул анхаарал татдаггүй. NASA одоогоор сараар дамжин Ангарагт хүрэх талаар төлөвлөж байгаа. Харин бид энэ аяллын замд Сугарыг нэмж оруулахыг хичээж байна” гэж уг санааг дэмжигчдийн нэг, Жон Хопкинсийн их сургуулийн хэрэглээний физикийн доктор Ноам Айзенбэрг ярьж байна.

Түүний тайлбарласнаар дэлхийтэй тун ойролцоо масс, хэмжээтэй, нарнаас бараг ижил зайд оршдог Сугар гараг яагаад халуун там болж хувирсныг судлах нь харь гарагаас амьдрал хайх судалгаанд чухал ач холбогдолтой гэнэ.

Гэхдээ зарим эрдэмтэд энэ санааг дэмжихгүй байгаа ажээ. Тухайлбал Лондоны Коллежийн сансар судлалын лабораторийн профессор Эндрью Котес “Энэ бол зочлоход таатай гараг үнэхээр биш. Тамын халууныг тэсвэрлэх нь хүн төрөлхтний элч төлөөлөгчдийн хувьд тун хүнд сорилт байх болно” гэж ярьсан байна.

Сугар гараг шинжлэх ухааны судалгааны чухал объект мөн боловч сансрын аяллын хувьд ач холбогдолгүй гэж тэр дүгнэжээ.

 

Эх сурвалж: The Guardian