Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Вьетнам улсад айлчилж байна.
Тэрбээр өнөөдөр Вьеатнамын Гадаад хэргийн сайд Бүй Тхань Сөн-д бараалхаж, дараагаар нь Вьетнамын талаас тус улсын Гадаад хэргийн тэргүүн дэд сайд Нгүен Минь Вүтэй улс төрийн зөвлөлдөх уулзалт хийлээ.
Манай улсын зүгээс улс төрийн зөвлөлдөх уулзалтад иж бүрэн түншлэл, тээврийн асуудал, визгүй зорчих зэрэг зургаан асуудлыг чухалчилж байгаа аж.
Манай улсын хувьд олон тулгуурт гадаад бодлогын чухал багана бол Зүүн Өмнөд Азитай харилцах харилцаа юм. Тэр дундаа Вьетнам улстай харилцах харилцаа маш чухал юм.
Монгол Улсын хувьд цар тахлын хүнд үеүдэд ч Вьетнам улстай харилцах харилцаагаа тасалдуулахгүйгээр төлөвлөгөөт уулзалт, зөвлөлдөх механизмуудаа амжилттай хэрэгжүүлээд ирснийг Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин онцолсон юм.
Мөн тэрбээр “Энэ удаа цар тахлын нөхцөл байдал харьцангуй намдсан учраас биеэр уулзах нөхцөл бүрдлээ. Вьетнам улстай хамтын харилцаа тогтоосны 70 жилийн ойг бид 2024 онд угтана. Энэ хугацаанд хоёр тал хамтын ажиллагаа болон идэвхжлээ нэмэгдүүлсэн тодорхой цагийн шалгуурыг хэрхэх болон худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа хэрхэн хөгжүүлэх тухай ярилаа.
Энэ хүрээнд Монголын талаас 2023 онд өндөр дээд түвшний айлчлалыг зохион байгуулах бөгөөд Вьетнамын талаас Ардын Их Хурлын Тэргүүлэгчийн даргыг Монгол Улсад айлчлуулах асуудлыг ярилцаж, тохиролцлоо.
Мөн Вьетнам улсын боомтыг ашиглах асуудлаар Вьетнам, Монгол Улсын тээврийн сайд нарын зөвлөлдөх уулзалт хийхээр тохиролцлоо. Монгол Улс төмөр замаар дамжин Зүүн Өмнөд Азитай холбогдох нь стратегийн өндөр ач холбогдолтой.
Ямар тарифаар БНХАУ-ын төмөр замаар дамжиж Монгол Улсад Вьетнамын бараа бүтээгдэхүүн ирэх, Монголын бараа бүтээгдэхүүн БНХАУ-ын төмөр зам, авто замаар дамжиж Зүүн Өмнөд Азийн зах зээлд гарах талаар БНХАУ, Вьетнам болон Монгол Улс хоорондоо зөвлөлдөх асуудлыг санал болголоо.
Бид сая цар тахлын үед ганц боомтоос хэт хамааралтай байх нь ямар эмзэг болохыг харсан. Бид боомтоо төрөлжүүлэх нь Монгол Улс дэлхийтэй худалдаа наймаа хийх боломжийг нэмэгдүүлнэ гэж харж байна. Тэр утгаараа Вьетнамын талд боомтыг нь ашиглах бололцоог хамтарч судалъя, тээврийн яамд хооронд энэ асуудлыг зөвлөлдөх санал дэвшүүлсэн” хэмээлээ.
Вьетнам улс бүс нутагтаа гадаад харилцаа, эдийн засаг, үйлдвэрлэл, аялал жуулчлал, үйлдвэрлэл зэргээрээ тэргүүлж байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!