Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хавдрын мэс засал, эмчилгээний хүлээгдлийг бууруулахаар эмнэлгүүдэд ₮2.5 тэрбумын тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Эрүүл мэндийн яамнаас хавдрын мэс засал, хими, хөнгөвчлөх эмчилгээний хүлээгдэл бэрхшээлийг арилгахад төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдэд 2.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий иж бүрэн тоног төхөөрөмжийг өнөөдөр гардууллаа.

Тодруулбал, ДЭМБ-аас тооцоолон таамагласнаар 2040 он гэхэд манай улсад хорт хавдрын 11,647 шинэ тохиолдол, хорт хавдрын шалтгаант нас баралт 8,767 болж өсөн нэмэгдэх тооцоолол гарчээ.

Хүн амын дунд хорт хавдрын шинэ өвчлөлийн тохиолдол 2020 онд 6,702, 2021 онд 5,981 тус тус бүртгэгдсэн байна.

Урьдчилан сэргийлэх үзлэгээр 62 хүүхдэд хорт хавдрын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

зураг
 

Мөн Засгийн газраас хүн амын нас хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, үзлэг, шинжилгээ, оношилгоог өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс эхлүүлсэн.

Түүнээс хойш есдүгээр сарын 15-ны байдлаар улсын хэмжээнд 320,795 хүн үзлэг шинжилгээнд хамрагджээ. Үүний 44.4 хувь нь эрэгтэйчүүд, 55.6 хувь нь эмэгтэйчүүд байна.

Үзлэгээр хүүхдэд бүртгэгдсэн өвчлөлийн сэжигтэй тохиолдлоос хорт хавдрын 62 тохиолдол бүртгэгджээ. Насны ангиллаар авч үзвэл, 0-5 насны 17, 6-17 насны 45 хүүхдэд хорт хавдрын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна.

Харин 31-45 насныхны дунд ходоодны өмөн 38.5%, хөхний өмөн 19.2%, элэг ба элгэн дэх цөсний сувгийн өмөн 15.4%-ийг эзэлж байгаа бол 46-60 насны ангилалд элэг ба элгэн дэх цөсний өмөн 27.9%, ходоодны өмөн 26.5%, хөхний өмөн 8.8%-ийг эзэлж байна.

Мөн 61-ээс дээш насны ангилалд ангилалд хорт хавдрын 92 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж элэг ба элгэн дэх цөсний сувгийн өмөн 38%, ходоодны өмөн 31.5%, улаан хоолойн өмөн 9.8%-ийг эзэлж байна. Дээрх тохиолдлыг тоо цаашид өсөн нэмэгдэх хандлагатай байна.

Гэвч хавдрын төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч Хавдар судлалын үндэсний төвийн оношилгоо, эмчилгээ сүүлийн саруудад 30 ба түүнээс дээш хоногийн хүлээгдэлтэй байжээ.

Иймд хавдрын тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах үйл ажиллагааг эрчимжүүлж чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдэд хавдрын тусламж, үйлчилгээний иж бүрэн тоног төхөөрөмжийг ийнхүү өнөөдөр гардуулсан юм.

Үүнд:

  • 400 сая төгрөгийн үнэ бүхий хавдрын мэс заслын иж бүрэн тоног төхөөрөмж,
  • 34 саяын үнэ бүхий эхоны аппарат,
  • 350 саяын үнэ бүхий баллонтой дуран,
  • 36 сая төгрөгийн үнэ бүхий уушгины дуран,
  • 500 сая төгрөгийн үнэ бүхий чих хамар хоолойн микрескоп
  • 850 сая төгрөгийн мэдрэлийн мэс заслын микроскопи
  • 400 сая төгрөгийн мэдрэлийн мэс заслын багажийг тус тус гардуулж байна.

Түүнчлэн хавдрын тусламж, үйлчилгээ, хөнгөвчлөх эмчилгээ, санхүүжилтийн асуудлыг ЭМДҮЗ-ийн тогтоолд тусган шийдвэрлэж өнөөдрөөс Улаанбаатар хотод ба орон нутагт төр хувийн хэвшлийн 159 эмнэлэгт эрх олгож Эрүүл мэндийн даатгалын сантай гэрээ хийж санхүүжүүлэхээр болжээ.

Ингэснээр хавдрын мэс засал, хими эмчилгээ, хөнгөвчлөх эмчилгээний хүлээгдэл буурч, тусламж, үйлчилгээний чанар нэмэгдэх болно гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

зураг