Төрийн байгууллагуудын мэдээллийг нээлттэй өгөгдөл болгож, түүний үр ашгийг нь нэмэгдүүлэх зорилготой “Нээлттэй өгөгдлийн үнэ цэн” сургалт, хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль өнгөрсөн оны арванхоёрдугаар сард батлагдаж, улмаар энэ оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн хэрэгжилтийг хангах буюу төрд байгаа мэдээллийг нээлттэй болгох, нийтлэх зохицуулалтыг хэрэгжүүлэх зорилгоор уг арга хэмжээг зохион байгуулж байгаа гэдгийг Тунгаахуй өгөгдлийн урлангийн үүсгэн байгуулагч Э.Тунгалаг хэлсэн юм.
Мөн үргэлжлүүлэн "Төрд байгаа мэдээллүүд тодорхой стандарт, шаардлагын дагуу өгөгдөл болж, нээлттэйгээр олон нийтэд хүрэх боломжийг бүрдүүлж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл, мэдээлэл авахтай холбоотой үйл ажиллагааг зохицуулахаас гадна нээлттэй өгөгдлийн салбарын суурь ойлголт, хууль эрх зүйн орчин бүрдэж байна.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу төрийн 606 өгөгдлийг нээлттэй болгох жагсаалт гарсан. Энэ хүрээнд төрийн байгууллагууд эхнээсээ ажиллаад явж байгаа. Зөвхөн энэ жагсаалтаар хязгаарлагдахгүйгээр төрийн байгууллага өөрсдийн санаачилгаар болон иргэд олон нийтийн хүсэлтээр өгөгдлүүдийг давхар нээлттэй болгох боломж бүрдсэн" хэмээн хэллээ.
Нээлттэй өгөгдөл түүний ач холбогдлын талаар Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ны Тооллого, өгөгдлийн шинжилгээний газрын дарга Ш.Ариунболдоос тодруулахад "Бид өгөгдлийн боловсролд маш их анхаарал хандуулах хэрэгтэй. Ингэснээр тухайн өгөгдөл мэдээллийг ухаалгаар ашиглаж, түүнээс үнэ цэнийг бий болгох боломжтой.
Нээлттэй өгөгдлийн хөдөлгөөн улс орнуудад хэрэгжиж, шаардлага тавигдаад тодорхой хугацаа өнгөрсөн байна.
Жишээлбэл, Бразил улс 2004 онд төрийн байгууллагуудын зардал, төсвийн зарцуулалтын мэдээллээ веб сайтдаа ил тод нээлттэй тавьсан байдаг. Ингэснээр төсвийн зарцуулалтыг олон нийт шууд хянах боломжтой болсон. Энэ нь эргээд төсвийн зарцуулалтыг оновчтой болгох зорилготой. Сард дунджаар 900 мянган хүн тэр сайт руу нэвтэрч, төсвийн зарцуулалтуудыг хардаг болсноор төрийн байгууллагуудын зардлыг 25 орчим хувиар бууруулж чадсан. Улмаар Бразилын загварыг Латин Америкийн бусад улс орон ашиглаж төсвийнхөө мэдээллийг нээлттэй тавих ажил хэрэгжүүлж эхэлсэн байдаг.
Хамгийн гол нь ард иргэд маань тооны утга учир, өгөгдлийг өөрсдийн үйл ажиллагаандаа оновчтойгоор ашиглаж байж илүү цогц үр өгөөжтэй болох юм" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!