Ойрын жилүүдэд дэлхийн хүн амын тоо 8 тэрбумд хүрэх тооцоо байдаг. Гэтэл энэ тоо нь дэлхий дээр амьдарч буй шоргоолжны тоо толгойтой харьцуулбал өчүүхэн бага юм байна.
Хэсэг судлаачид уг тоог өндөр нарийвчлалтай тооцоолж гаргаснаа “Proceedings of the National Academy of Sciences” сэтгүүлд саяхан нийтлүүлжээ.
Тэдний тооцоолсноор бол дэлхий дээр амьдарч буй шоргоолжны тоо толгой 20 квадриллион (10-ын 15 зэрэг) буюу хүн бүрд 2.5 сая шоргоолж оногдохоор харьцаатай юм байна.
Шоргоолж хамгийн эртдээ 100 орчим сая жилийн өмнө буюу Цэрдийн галавын үед үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн амьдарч байсныг эрдэмтэд олдвороор баталсан байдаг.
“Хуурай газрын бүх экосистемд маш чухал үүрэгтэй амьтан бол шоргоолж юм. Шим тэжээлийн эргэлт, задралын процесс, ургамлын үр тараалт, хөрсний сийрэгжилтэд шоргоолж маш чухал. Маш олон төрөл зүйлтэй, өргөн хүрээнд үүрэг гүйцэтгэдэг амьтан. Хамгийн гол нь тэдний тоо толгой энэ амьтныг экологийн гол тоглогч болгодог юм” гэж судалгааг ахалсан эрдэмтдийн нэг болох Германы Вюрцбургийн их сургууль, Хонконгийн их сургуулийн энтомологич Патрик Шультхайс ярьжээ.
Шоргоолжны нийт 12,000 гаруй төрөл зүйл байдгийг өнгөөр нь хар, хүрэн, улаан гэж ангилдаг бол биеийн хэлбэрээр нь мөн гурав ангилдаг байна.
Биеийн хэмжээний хувьд нэг миллиметрээс эхлээд 3 см хүртэл байдаг. Шоргоолжны хамгийн ойр төрлийн амьтан нь зөгий юм.
Антарктид, Гринланд, Исланд болон зарим арлын орнуудаас бусад дэлхийн бүх хуурай газарт шоргоолж амьдардаг байна.
“Шоргоолжны биомасс нь дэлхийн бүх зэрлэг хөхтөн амьтад, шувуудынхыг нийлүүлснээс их, хүмүүсийн биомассын 20 хувьтай тэнцдэг нь намайг гайхшируулсан. Энэ амьтны нөлөөг эндээс тодорхой харж болохоор байна” гэж судалгаанд оролцсон Вюрцбургийн их сургуулийн экологич Сабин Нүүтен ярьжээ.
Тэд тив бүрийн шоргоолжны тоо толгойн талаар өмнө нь гарч байсан 489 баримт материалыг судалгаандаа ашигласан байна.
Хамгийн бага мэдээлэлтэй, хамгийн бага судлагдсан тив Африк байсныг судлаачид онцолжээ.
Шоргоолжнууд өөрийн эзэмшлийн газар нутагт зарим тохиолдолд хэдэн саяараа сүрэглэн амьдардаг. Тэд ажил үүргийн хувьд ажилчид, цэргүүд, хатад гэхчлэн хэд хэдэн бүлэгт хуваагддаг байна.
Эмэгчин шоргоолжнуудаас бүрдэх ажилчид хатан шоргоолжоо үр төлийнх нь хамт арчилж, тэжээх үүрэгтэй. Харин эрэгчнүүд нь хатныг хээлтүүлснийхээ дараа үхэцгээдэг байна.
“Ихэнх шоргоолжнууд маш их ашиг тустай амьтад. Бүр хүмүүсийн амьдралд хүртэл. 20 квадриллион шоргоолжны тээвэрлэж, устгаж, боловсруулдаг органик зүйлсийн хэмжээг төсөөлөөд үзэхэд үүнийг ойлгоно. Тэд бол экосистемийн инженерүүд юм. Эрдэмтэн агсан Уилсон нэг удаа шоргоолжийг дэлхийг удирддаг жижиг амьтад гэж нэрлэж байсан удаатай” гэж Шультхайс ярьжээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!