Монгол Улсын Шадар сайдын 2021 оны “Үер, уснаас үрсээ хамгаалъя” аяны удирдамж, нийслэлийн Засаг даргын 2022 оны 06 дугаар 06-ны өдрийн “Үер, уснаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/778 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газраас үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Анхаарахад л болно” нөлөөллийн аяныг 2022 оны долдугаар сарын 7-ноос есдүгээр сарын 15-ны хооронд зохион байгуулж ажилласныг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Он гарснаас хойш 2022 оны есдүгээр сарын 19-ний өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд усны ослын 51 дуудлага мэдээллээр 98 иргэний амь насыг авран хамгаалж, 19 том хүн, найман хүүхэд усанд осолдсоныг цагдаагийн байгууллагад шилжүүлж ажилласан байна.
Усанд осолдож нас барсан хүний тоог өмнөх оны мөн үетэй харьцуулбал 3.5%-иар буурсан дүнтэй гарчээ.
Улаанбаатар хот нь Туул, Тэрэлж, Хэрлэн гурван голын ай сав газар аялал зугаалгын орчин бүхий онцлогтой. Жил ирэх бүр аялал зугаалгын улиралд зорчих иргэдийн тоо нэмэгддэг. Үүнийг дагаад голын усны осолд өртөх иргэдийн тоо өсөх эрсдэлтэй байдаг аж.
Иймд нөлөөллийн аяны хүрээнд иргэдийн аюулгүй байдлыг хангах, голын усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг цахим орчинд олон нийтэд хүргэх чиглэлээр 27 контентыг шинээр хийж “нийслэлийн Онцгой байдлын газар”, “Онцгой байдлын ерөнхий газар” фейсбүүк хуудаснуудад байршуулж давхардсан тоогоор 1,551,300 хүнд хүргэсэн байна.
Урьдчилан сэргийлэх эргүүлээр үүрэг гүйцэтгэх хугацаанд голын усанд боогдсон 19, автомашинтай голд суусан 34, голын усанд живж байсан зургаа, нийт 59 иргэний амь насыг авран хамгаалж, голын усанд суусан 20 автомашиныг татан гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!