Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Дулмаа: Настнуудыг ганцаардал, түгшилт, айдсаас сэргийлж, нийгмийн бүхий л амьдралд оролцох боломжоор хангах шаардлагатай

Б.Даваабазар, iKon.mn
2022 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
2020 оны байдлаар манай улсын нийт хүн амын 7.3%-ийг 60 ба түүнээс дээш насны иргэд эзэлж байгаа. Энэ тоо 2050 он гэхэд 18%-д хүрч таван хүн тутмын нэг нь ахмад настан ангилалд багтах тооцоолол байна.

Дэлхийд 65 ба түүнээс дээш насны 700 сая гаруй хүн амьдарч байгаа ба 2050 он гэхэд энэ тоо хоёр дахин нэмэгдэхээр байгааг “Номхон далайн баруун бүсийн эрүүл насжилтын арван жилийн төлөвлөгөө”-г танилцуулж, настанд ээлтэй нийгмийг бий болгоход салбар дундын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Геронтологийн үндэсний төв, ЭМЯ-тай хамтран зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр онцоллоо.

Тус уулзалтаар салбар тус бүр Номхон далайн баруун бүсээс эрүүл насжилтад бэлдэн гишүүн орнууддаа зөвлөмж болгож буй төлөвлөгөөнд уялдуулан үндэсний хэмжээнд эрүүл насжилтад бэлдэн хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулахад нөлөөтэй аж.

Мөн настны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого чиглэл, геронтологи гериатрын салбарын чиг хандлага, анхан шатны түвшинд салбар дундын оролцоог хангасан нэгжийг бэхжүүлэх замаар настанд хүрч үйлчилж буй тусламж үйлчилгээний байдал болон настанд ээлтэй орчин бүрдүүлэхэд тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцсэн юм.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүн амын насжилт болон дундаж наслалт дэлхий нийтэд, нэн ялангуяа Номхон далайн баруун бүсийн улс орон, газар нутгуудад хурдацтай явагдаж байгаа одоо цагт хүн амын насжилтад бэлдэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь чухал болохыг онцлов. 

Учир нь хүмүүс илүү чанартай урт удаан амьдарч, олон жилийн турш мэдлэг, туршлага хуримтлуулснаар нийгэмд ихээхэн боломж, үр өгөөжтэй. Өөрөөр хэлбэл, хүний насан туршид хуримтлагдсан, эрүүл мэндийн салбарын мэдлээс хальсан улс төр, нийгэм, эдийн засаг, орчны хүчин зүйлсийн харилцан үйлчлэл нь настны эрүүл мэнд, сайн сайхан байдлыг тодорхойлдог байна.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Геронтологийн үндэсний төвийн дэд захирал, анагаах ухааны магистр, зөвлөх зэргийн эмч Т.Дулмаа хэлэхдээ "2013 оноос эхлэн ДЭМБ-аас Номхон далайн баруун бүсийн орнуудад хэрэгжүүлсэн эрүүл насжилтын төлөвлөгөө үргэлжлэн хэрэгжиж байна. 2019 онд энэхүү төлөвлөгөө дуусгавар болсонтой холбоотойгоор чуулга уулзалт зохион байгуулж гишүүн орнууд эрүүл насжилтын төлөвлөгөөг дахин боловсруулах нь зүйтэй гэх саналыг ДЭМБ-д дэвшүүлсэн. Улмаар 2020 оны наймдугаар сараас ДЭМБ-аас 2020-2030 оныг насжилтын арван жил гэж зарласан.

Энэ арван жилийн хүрээнд хэрэгжүүлэх Номхон далайн баруун бүсийн эрүүл насжилтын арван жилийн төлөвлөгөөг бид хэрхэн хэрэгжүүлэх, монгол настнуудаа хэрхэн дэмжвэл эрүүл, идэвхтэй нийгмийн оролцоотой болох вэ гэдгийг өнөөдөр шийдвэр гаргагч нарын түвшинд хэлэлцэж байгаа онцлогтой.

Геронтологийн үндэсний төв үндэсний хэмжээнд халдварт бус өвчний тархалт, нас баралтын тэргүүлэх шалтгаан, монгол настнуудын доройтлын түвшин, эрүүл насжилтын хэрэгцээний талаар олон судалгааг хийсэн.

Судалгааны үр дүнгээс дурдвал:

  • Халдварт бус өвчин ирэх арван жил настнуудын дунд нэмэгдэх хандлагатай байна.
  • Доройтлын төвшнийг тодорхойлсон судалгааны дүнгээс харвал настнуудын 53.7 хувь нь доройтлын өмнөх түвшинтэй, 16.3 хувь нь доройтолтой байна.
  • ДЭМБ-тай хамтран хийсэн насжилтын хэрэгцээний судалгаан дээрх дүгнэлтээс харвал насан туршийн боловсролын хэрэгцээ тэдний 92 хувьд шаардагдаж байна гэж гарсан" гэв. 

Ковидын дараах байдлыг харвал настнуудад айдас, түгшүүр зэрэг сэтгэцийн эмгэгүүд ажиглагдаж байна

Үргэлжлүүлэн тэрбээр "Бид бол гэр бүлсэг өв удамтай ард түмэн. Гэтэл нийгмийн хөгжил дэвшил, хүмүүсийн оюун санааны бэлтгэл, настнаа хүлээж авах, асрах, халамжлах байдал нь ялгаварлалтай байдаг учраас настныг насаар ялгаварлан гадуурхах, орхигдуулах, хаягдуулах зүйл манай нийгэмд байгааг бид үгүйсгэхгүй.

Эмнэлэгт өөрийн биеэр ирээд эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй настнуудад зориулсан урт хугацааны тусламж үйлчилгээ үзүүлэх загвар төв байгуулагдахаар төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа.

Гэхдээ цаашид хэнийг ч орхигдуулахгүйгээр жендэрийн тэгш байдлыг хангаж настнуудад цогц үйлчилгээ хүргэхийн төлөө бүгд зорих ёстой. Энэ нь ганц төвийн үйл ажиллагаа биш ба Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, асаргаа халамж, нийгмийн талаас оролцох хэрэгтэй юм. 

КОВИД-19-ийн цар тахалд ахмадуудын дийлэнх нь өртсөн. Ковидын дараах байдлыг харвал настнуудад айдас, түгшүүр зэрэг сэтгэцийн эмгэгүүд ажиглагдаж байна. Бид цаашид 10 жилийн төлөвлөгөөндөө настнуудын сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг түлхүү тусгаж, ганцаардал, түгшилт, айдсаас сэргийлэх арга хэмжээнүүдийг сайн дурын нийгэмлэг болон олон нийтийн оролцоотой байдлаар авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна" хэмээв.

Нийгмийн орчныг настанд ээлтэй болгохын тулд салбар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлж, настнуудын хувь нэмрийг үнэлдэг, нийгмийн бүхий л амьдралд оролцох боломжийг нь хангасан орчин бүрдүүлэх шаардлагатай юм.