Доорх номуудыг 9 дүгээр сарын 16, 17, 18-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах Номын баярын үеэр 51 дүгээр асраас худалдан аваарай.
Хүүе, философи чинь аймаар сонирхолтой юм байсан байна. Уйтгартай гэж боддог байсан зүйлийг сонирхолтой байдлаар бичсэн юм уу эсвэл угаасаа философи гэдэг нь ийм амттай юм байсан эсэхийг хэлж мэдэхгүй ч онолын мэдлэгийг яаж ийм сонирхолтой бичиж чаддаг байна гэж бодогдсон. Тэр утгаараа, аливаа мэргэжлийн ойлголтыг хялбарчлахыг оролддог хүмүүс уншвал тун сайн гарын авлага болох буй заа.
Энэхүү ном нь Нийтийн Тооллын Өмнөх үеэс орчин үе хүртэлх философичдын үзэл санааг нэг бүрчлэн тайлбарласан байх юм. Ингэхдээ, тэдний үзэл бодлыг тив тивийн хүчтэнүүд ирж хэн нь илүүгээ үзэж байгаа тулаанаар дүрслэн үзүүлсэн нь үйл явдлыг зөрчлөөр баяжуулсан нь нэг амьсгаагаар уншиж дуусгахад хүргэнэ.
Түүнчлэн философичдын зарим онолыг инфографик болон зургуудаар тайлбарласан нь ойлгоход улам дөхүү болгосон байна. Дизайн сайтай номыг уншихад цаанаа л урамтай байдаг. Энэ номонд хэн бүхэн хүлээн зөвшөөрөхгүй байхын аргагүй онолын эрэл хайгуулд амьдралаа бүхэлд нь зориулсан философичдын түүхийг эл номд тун энгийн, ойлгомжтой бүр яагаад ч уйдамгүй дүрсэлжээ.
Унших тохиромжтой нас: 12 наснаас дээш. Тийм энгийн бас сонирхолтой.
Унших тохиромжтой хүн: Маргаанд ялахыг хүсдэг, илэрхийлж буй санаагаа хүлээн бусдаар зөвшөөрүүлэх сонирхолтой хүмүүс.
Энэ ном бол чиний эрүүл амьдралын анхны хөтөч юм. Энэ ном чамд сайн мэдэхгүй инфлүенсэрийн амьдралд үл нийцэх, өртөг өндөртэй, элдэв гаж арга заахгүй, харин шинжлэх ухаан болон олон жилийн туршилт, ажиглалтын үр дүнд шалгарсан эрүүл амьдралын хэв маягтай болоход чинь туслах энгийн атлаа үр дүнтэй, үнэн бас зөв олон зуун аргуудыг хэлж өгнө. Мөн эрүүл, зохистой хооллох, өдөр бүр дасгал хөдөлгөөн хийх, унтаж амрах, стрессээ даван туулахтай холбоотой олон зөвлөмж бий.
“Саяхан л эелдэг, зөөлөн ааштай байсан хүүхдүүд маань гэнэтхэн үг сөрж, бухимдал, уцаартай, яасан нь мэдэгдэхгүй гунигтай болох үед томчууд бид “гэнэт юу болов яав, зүв зүгээр байж байгаад, энэ хүүхдийн аашийг ойлгохоо байлаа, ээж аавдаа энэрэлгүй, муухай зан гаргаж байна” гэх хөндий хүйтэн үгсийг хайр найргүй хэлж, тэднийг ойлгохоосоо урьтаж, шүүж, зэмлэдэг тохиолдол бий. Харин энэ номыг уншсаны дараа өсвөр насны хүүхдүүдийн гаргадаг олон араншны тухай шинжлэх ухааны үндэслэлтэй мэдлэгтэй болж, үүссэн нөхцөл байдлыг эцэг эх ба хүүхдийн аль аль нь үл ойлголцол, маргаан багатай даван туулахад тусална”.
Уншигчийн сэтгэгдэл
Унших тохиромжтой нас: 8 наснаас дээш.
Унших тохиромжтой хүн: Өөрийгөө хайрлах тухай огт бодож амждаггүй хүмүүс, үр хүүхдээ өөрийгөө хайрладаг нэгэн болгохыг хүсдэг эцэг, эхүүд, найздаа “өөрийгөө хайрла” гэж хэлэхийг хүсдэг найзууд
Улс төр бидний өдөр тутмын амьдралын ярианы сэдэв биш юм. Гэхдээ улс төрийг судлах нь амьдарч буй нийгмээ ойлгоход тусална. Нийгмийг ойлгоход хүүхдэдээ яагаад тус болж болохгүй гэж. Эрт ойлгох тусмаа, амьдралд бодитоор бэлтгэгдэх бус уу?
2018 онд анх Англи улсад хэвлэгдсэнээсээ хойш 14 хэлээр орчуулагдсан, Английн “Хүүхдийн шилдэг ном” шагналын эзэн энэ ном шинжлэх ухааны судалгаа шинжилгээгээр батлагдсан, хүүхэд гэлтгүй, томчууд ч өдөр тутмын амьдралдаа ашиглах боломжтой зөвлөгөөнүүдийг багтаасан бөгөөд тэдгээрийг уншсан даруйдаа хэрэгжүүлэх боломжтой нь тунчиг олзуурхууштай.
“Энгийн үг хэллэгээр бичигдсэн учир уншихад хялбар, сонирхолтой байлаа. Бид нийгмээс зугтааж, дэлхийгээс холдох аргагүй. Харин түүнтэй эртнээс танилцаж байх нь зөв”.
Уншигчийн сэтгэгдэл
Унших тохиромжтой нас: 8 наснаас дээш. Тийм л ойлгомжтой бас сонирхолтой.
Унших тохиромжтой хүн: Хүүхдэдээ амьдрал ямар болохыг, нийгэм гэж юу болохыг ойлгуулах хүсэлтэй эцэг эх
Сэтгэл гэдэг эрхтэн юм. Гэтэл бид биеийн эрүүл мэнддээ байнга санаа тавьдаг мөртлөө бодол, мэдрэмж, сэтгэл зовнилдоо төдийлөн ач холбогдол өгдөггүй нь хачирхалтай. Өсвөр насныханд зориулсан “Сэтгэлээ хайрлах ном” хэмээх энэ гарын авлагаас мэдрэмж, түүнд нөлөөлдөг хүчин зүйлс, үерхэл нөхөрлөл, нийгмийн сүлжээ, дээрэлхэл, гэр бүл салалт, хагацал гуниг зэрэг олон сэдвийг хамарсан өргөн хүрээний мэдлэгийг олж авах болно.
“Өсвөр насны хүүхдүүд сэтгэл зүйн хувьд маш эмзэг тогтворгүй болдог. Яг энэ үедээ ихэнх хүүхдүүд хэнтэй ярилцахаа мэддэггүй. Зарим нь найз нөхдөөсөө баталгаагүй, худал мэдээлэл, зөвлөгөө сонсож, түүнд нь автан буруудна. Эсвэл хангалттай мэдлэггүйгээсээ болж томчууд тэдэнд хэрхэн зөвлөж, туслах аргаа олдоггүй. Харин “Сэтгэлээ хайрлах ном”-той учирснаас хойш өсвөр насанд тохиолддог сэтгэл зүйн олон асуудлын цаад учрыг ойлгож, хэрхэн даван туулах тухай хур их мэдлэгтэй дотны хүнтэйгээ ярилцаж байгаа мэт санагдсан”.
Уншигчийн сэтгэгдэл
Унших тохиромжтой нас: 8 наснаас дээш.
Унших тохиромжтой хүн: Үр хүүхдээ сэтгэл гутралд оруулахыг хүсдэггүй, энэ талаар хүүхэдтэйгээ зөв харьцахыг хүсдэг эцэг, эхүүд
Энэ номд шүдний үүрэг, шүдээ бат бөх байлгаж хамгаалахын тулд юу хийх, яагаад шүд хорхойтдог тухай, шүдээ угаах ямар чухал болохыг хүүхдэд тун ойлгомжтой тайлбарлаж өгсөн нь хүүхдийг шүдээ угааж занших, угаалгахдаа дургүйцэхгүй байхад тусална.
“Хүүхдүүдтэйгээ уншихдаа инээж эхлээд инээж дуусгасан хачирхалтай ном. Номын бичвэр нь хүүхдэд шууд хандсан тул уншиж өгч байгаа томчуудаас ур чадвар шаардахгүй. Ийнхүү хүүхдэд хандаж ярьснаар шүдээ яаж хайрлах талаарх хариуцлагыг нь нэмэгдүүлэхэд ач холбогдолтой санагдсан. Манай гэр бүлийн хувьд номоо худалдан авснаас хойш нэг хэсэгтээ номын тавиур дээрээсээ хураагаагүй. Ийнхүү давтамжтай уншиж ярилцсаар төд удалгүй хүү маань чихэр ойрхон идэхээрээ шүдээ толинд харж, шалгадаг болсон”.
Уншигчийн сэтгэгдэл
Унших тохиромжтой нас: 2 наснаас дээш.
Унших тохиромжтой хүн: Үр хүүхдээ эрүүл, цагаан, хорхойгүй шүдтэй болгож өсгөхийг хүсдэг эцэг, эхүүд
Номын сэдэв биологийн сэдэв боловч, зүгээр нэг биологийн анхан шатны мэргэжлийн мэдлэг бус цаанаа хүний оршихуй хийгээд бидний нийгэм, түүний утга учрыг ч хөндсөн философийн ч гэмээр уур амьсгал бүрдүүлсэн.
“Энэ ном бүр аймар нойр хулжааж байгаа. Ген хувилагдахдаа богиносдог талаар эндээс мэдэж аваад судалтал хүний ген ч эс хуваагдах бүрд богиносож байдгийг мэдэж авсан. Нэг ёсондоо гений чинь урт, насыг чинь заана. Хөгшрөөд хүүхэдтэй болох нь хүүхдийнхээ насыг ч богиносгож байгаа хэрэг гэсэн үг”.
Уншигчийн сэтгэгдлээс
Унших тохиромжтой нас: 14 наснаас дээш.
Унших тохиромжтой хүн: Амьд байгалийн түүхээр дамжуулж хүнийг, амьдралыг, зовлон жаргалыг, тэгээд бас өөрийгөө ажиглахыг хүсэж буй бүх хүмүүст тохиромжтой.
Философи бол "Зөв гэж юуг хэлэх вэ?" гэсэн асуулт тавьдаг мэдлэгийн салбар. Энэ номд "шинжлэх ухаанлаг зөв"-үүдийн талаарх цочирдом сэдвүүдийг цуглуулж эмхэтгэсэн нь олзуурхууштай.
“Би өмнө нь шинжлэх ухаанд мухраар сүсэглэдэг байсан. Эрдэмтэд л хэлсэн юм чинь үнэн байх, шинжлэх ухааны судалгаан дээр тулгуурласан юм чинь сайн, зөв гэж боддог. Ойлгоё гээд ч ойлгож чадахгүй гэж боддог байлаа. Тиймдээ ч ямар нэг идэвхтэй үйлдэл хийдэггүй. Нэг удаа уг ном дээр гардаг хос нүхний туршилтын талаар уншаад маш их гайхаж, сониуч зан туйлын их хөдөлж эхлэв. Тэгээд үргэлжлүүлээд бүгдийг нь нэг амьсгаагаар уншиж дуусгасан. Ер нь шинжлэх ухаан анх яаж үүссэн, яг юу юм, яаж хөгжсөн гээд олон сонирхолтой түүх, ойлголтуудыг гарын доорх гал тогооны хэллэг ашиглан, салахын аргагүйгээр тайлбарласан байсан нь амттай.
Шинжлэх ухааны тайлбар ном, хэвлэл, зохиолууд ойлгохын эцэсгүй, бараг залхааж, шинжлэх ухаанд дургүй болгочих гээд байдаг. Харин энэ ном миний хувьд тэр ханыг нэвтлэх гарааны цэг болж чадсан. Шинжлэх ухаан, философид донтуулж, миний аливааг танин мэдэх аяллыг эхлүүлж өгсөн их буянтай ном. Хаосын онол, квант механик, энтропи гээд хамгийн чухал хэдий ч ойлгоход хүнд сэдвүүдийг ингэж сонирхолтой, бас зугаатай бичсэн ном одоогоор би лав уншсангүй. Зузаан ч биш, хурдан уншдаг хүн бараг нэг суултаар дуусгахаар ийм номд яаж ийм их агуулгыг багтаасан нь бүр гайхалтай.
Бичиглэлийн хувьд ном шиг биш, гудамд хоёр хүн зогсоод, аахар шаахар зүйл ярьж, хажуугаар нь зөрсөн хүн чих тавин сонирхохоор маргалдаж байгаа мэт бичигдсэн тул толгой гашилгаад байхгүй. Дээр нь яг миний толгойд орж ирсэн асуултуудыг тавиад, түүндээ хариулаад байгаа нь миний бодлыг уншаад байгаа мэт санагдсан”.
Уншигчийн сэтгэгдлээс
Унших тохиромжтой нас: 11 наснаас дээш.
Унших тохиромжтой хүн: Аливаа зүйлд шинжлэх ухааны үндэслэлтэй хандахыг хүсдэг, шинжлэх ухааны талаар мэдэхийг хүсдэг хэн бүхэнд
Өвөрмөц нэртэй энэ зурагт ном анх 1977 онд Японд хэвлэгдэж байжээ. Япондоо 1 саяас их хувь зарагдсан лонгсэллер бөгөөд англи, хятад, солонгос, франц, испани, каталан, хэбрэй, тайланд, вьетнам зэрэг олон хэлнээ орчуулагдаж, дэлхийн олон хүүхдүүдийн дуртай ном болжээ.
“Том заан том баадаг, жижиг заан жижиг баадаг” гэж эхлээд амьтдын баас янз бүрийн өнгө, хэлбэр, үнэртэй тухай, амьтад хэрхэн баадаг, хаана баадаг, баачхаад баасаа яадаг талаар хүртэл тун хөгжилтэй дүрсэлдэг. Амьтадтай зэрэгцээд мэдээж хүн ч бас гарна. Том хүн, жаахан хүүхэд бүгд баадаг. Амьтад иддэг учраас бүгд баадаг. Хүн ч ялгаагүй амьтан. Байгалийн энэ энгийн хуулийг хүүхдэд хөгжилтэйгөөр зааж өгөх зурагт ном.
Хүүхэдтэйгээ хамт суугаад уншихад хүүхдийн сонирхол татахуйц өнгө будаг хоршсон зурагтай байгаа нь таалагдсан. Баас үнэхээр муухай би л ганцаараа ийм муухай зүйл гаргадаг гэсэн хүүхдийн маань буруу ойлголтыг засаж өгсөн бөгөөд хүү маань өмнө нь баахдаа юмны араар орж нуугдаж баадаг байсан бол энэхүү номыг хэд хэд уншиж өгсний дараа асуудалгүй баадаг болсонд үнэхээр их баяртай байгаа”.
Уншигчийн сэтгэгдлээс
Унших тохиромжтой нас: 2 наснаас дээш.
Унших тохиромжтой хүн: Бид хоол идсэний үр дүнд биеэс ялгаран гардаг өтгөн бол хэвийн зүйл гэж боддоггүй үүнээсээ ичдэг, санаа зовдог хүүхдүүд болон баахдаа асуудалтай хүүхэдтэй эцэг, эхүүд
Уярал романс, өнгө мөнгө, амьдралын утга учир, хүмүүний мөн чанар. Эд бүгдийг танд математикаар дамжуулан хүүрнэхээр эл бүтээл мэндэлжээ. Таны 10 жилдээ үзээд өнгөрсөн "Математик" гэх тэр уйтгартай, ойлгомжгүй, залхмаар хичээлийг яагаад хүн төрөлхтөн энэ олон мянган жилийн туршид тасралтгүй дамжуулан хөгжүүлж ирсний учрыг энэ номоос тайлж мэдээрэй.
“Дунд ангиасаа эхлээд багш нарын нэрлэж заншсанчлан "стандарт бус математик"-аар оролдож эхэлсэн юм. Хүн харахад "Угаасаа л ойлгомжтой юм биш үү?" гэж дорд үзэж хариулахаар Дирихлейн зарчмаас, Коши, Коши-Буняковскийн тэнцэтгэл биш гэх мэтчилэн бага багаар дэгдсээр математикт цойлж шалихгүй юм аа гэхэд аятайхан дөртэй болоод төгсөж билээ. Баахан хүмүүсийн нэр... Нэр бүрийн доор хөврөх хувьсагч болоод тогтмолууд... Хэрэглээг нь гадарлах боловч яаж яваад ийм зохилдолгоонд орсныг нь төдийлөн ойлгодоггүй байлаа. Анх сохор математикч Эйлерийн түүхээр л теорем, баталгаа бүрийн цаана махтай цустай хүний хөлс хөдөлмөр нь золиос дэнчинтэйгээ хамт урсаж байдгийг төсөөлж эхэлж байсан. Харин "Философи, математик, бас бус..." хэмээх энэ ном 350 жил математикчдын үйл лайг үзсэн, шулмын теорем хэмээн алдаршсан Фермагийн сүүлчийн теоремын эргэн тойрон дахь түүхэнд тулгуурлан тун сонирхолтой бичигдэж, математикийн үнэ цэн нь тоо, хувьсагчдаа бус, хүндээ байдгийг улам их ойлгуулсан”.
Уншигчийн сэтгэгдлээс
Унших тохиромжтой нас: 11 наснаас дээш.
Унших тохиромжтой хүн: Математикийг хэцүү гэж боддог, математикт дургүй хүмүүс. Гэхдээ, математик чухал гэж боддог хүмүүс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!