"Фантастик" продакшныхан Өргөө кино театраас уран бүтээлчдэд хүчээр тулгадаг гэрээний нөхцөлийн талаар мэдээлэл хийлээ.
Тус продакшны найруулагч Б.Тамир "Өргөө кино театрын гэрээний нөхцөлтэй бид санал нийлээгүй. Үндсэндээ давуу эрх эдлэх гэсэн хандлага гаргадаг байсан. Энэ тал дээр бид өөрсдийн саналаа хэлж, тохиролцоод байна.
Хуульд кино уран бүтээлээс олсон орлогын 50 хувийг уран бүтээлчид, 50 хувийг кино театрт олгоно гэж заасан. Гэтэл Өргөө кино театр 56.8 хувийг авдаг байсан. Үүн дээр нэмээд бусад зардал гэхээр орлогынхоо 70 орчим хувийг зарцуулах нь уран бүтээлчдэд хүндрэлтэй байлаа.
Тус кино театрыг бусад кино театртай адил байгаач гэдэг саналыг тавьсан юм. Ганцхан "Фантастик" продакшн биш, бүх уран бүтээлчидтэй энэ жишгээр гэрээ хийхээр болсонд баяртай байна" гэлээ.
Өргөө кино театрын 56 хувийн тухайд "IMAX кино театрыг Өргөө кино театрынхан Монголд анх оруулж ирсэн. Тус кино театрын үйл ажиллагааны зардал нь өндөр. Ийм байдлаар уран бүтээлийн орлогын 56 хувийн авах гэрээ хийгээд байсан. Иймээс бид гэрээндээ өөрчлөлт оруулах саналыг тавьсан" гэдгийг "Фантастик" продакшны жүжигчин Б.Ганчулуун хэллээ.
Тус продакшны 15 дахь уран бүтээл болох “Зура II Цурам Ажиллагаа” УСК есдүгээр сарын 9-нд нээлтээ хийх юм байна. Уг кинонд Малайз, Сингапур, Хонконгийн жүжигчид оролцон тоглосноороо онцлог аж. Холливүүдийн түвшинд хүргэхийг зорьж тус киног бүтээсэн гэдгийг уран бүтээлчид онцолсон юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!