Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оюун ухааны дэлхийн дэвжээнд онцгой амжилт гаргаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн сурагчид, удирдан бэлтгэсэн багш нарт нэрэмжит шагналаа гардуулав.
Өнгөрсөн жил Монголын баг 15 медальт байр, 3 тусгай байр эзэлж байсан бол, 2022 онд олон улсын таван төрлийн олимпиадад 23 сурагч оролцон 17 медаль хүртэж, хоёр тусгай байр эзэлсэн байна.
Олон улсын олимпиадаас медаль хүртсэн сурагчид дэлхийн тэргүүлэх 100-д багтдаг их, дээд сургуульд элсэх эрх авснаар “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хамрагдах боломжтой болж байна.
Ерөнхийлөгч сурагчид болон багш нарт сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.
Олон улсын математикийн олимпиад долдугаар сарын 6-16-ны өдрүүдэд Норвегийн Осло хотод, Биологийн олимпиад долдугаар сарын 10-18-ны өдрүүдэд Армени улсын Ереван хотод, Химийн олимпиад долдугаар сарын 10-18-нд БНХАУ-ын Тяньжин хотод, Физикийн олимпиад Швейцар улсын Цюрих хотод наймдугаар сарын 7-15-ны өдрүүдэд, Олон улсын мэдээлэл зүйн 34 дүгээр олимпиад Индонез улсын Ёогякарта хотноо наймдугаар сарын 7-15-ны өдрүүдэд болж, Монгол Улсаас 23 сурагч, 13 дасгалжуулагч багш оролцсон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч монгол хүний оюун ухааны үнэлэмжийг дээшлүүлж, олон улсын түвшинд шинжлэх ухааны мэдлэгээр өрсөлдөх чадварыг хөхиүлэн дэмжиж, олон улсын олимпиадад сурагчдыг оролцох нөхцөлийг бүрдүүлэх, урамшуулахаар 2021 оны наймдугаар сарын 27-ны өдөр Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг буулгасан юм.
Эх сурвалж: ЕТГ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
|