Голомт банк болон Худалдаа хөгжлийн банк харилцагчийн үйлчилгээний нөхцөлийг сайжруулах зорилготой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Голомт банкны Мэдээллийн технологи хариуцсан захирал М.Сайнбилэг болон Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын орлогч П.Мөнхнаст нар талуудыг төлөөлөн гарын үсэг зурсан юм.
Энэхүү санамж бичгийн хүрээнд зарлагын гүйлгээний шимтгэлийг багасгаж, хоёр талын өөртөө үйлчлэх банкны төхөөрөмж /ATM, CDM, CRM/ дээр бэлнээр зарлага гаргахад шимтгэл 500₮ байсныг 100₮ болгон бууруулаад байна. Өөрөөр хэлбэл Голомт банкны харилцагч Худалдаа хөгжлийн банкны ATM төхөөрөмжөөс эсвэл Худалдаа хөгжлийн банкны харилцагч Голомт банкны ATM төхөөрөмжөөс бэлэн мөнгө авахад дээрх үнийн дүнгээр шимтгэл төлөх боломжтой боллоо.
Бид энэ удаагийн үйл явдлаар харилцагч төвтэй банкны үйлчилгээг өргөжүүлэхэд нээлттэй, уян хатан хамтын ажиллагааг хэрэгжүүлж, салбарын хөгжилд хамтран хувь нэмрээ оруулахаар зорьж байна. Цаашлаад банк хоорондын үйлчилгээний чанарыг сайжруулах, нийт харилцагчдын сэтгэлд нийцсэн үйлчилгээг үзүүлэхэд чиглэсэн олон асуудлууд дээр хамтран ажиллахаар төлөвлөж буй юм.
Санамж бичигтэй холбоотой гүйлгээний шинэ өөрчлөлтүүд хоёр талын үндсэн системд амжилттай хийгдэж дууссан ба хэрэглээнд нэвтрээд байгаа юм. Ийнхүү шимтгэлийг бууруулснаар харилцагчид Улаанбаатар хот болон орон нутагт байрлах Худалдаа хөгжлийн банкны нийт 290, Голомт банкны нийт 410 ATM төхөөрөмжөөр хөнгөлөлттэй нөхцөлөөр гүйлгээ хийх боломж бүрдэж, харилцагчийн сэтгэл ханамж болон банкны үйлчилгээний хүртээмж илүү сайжирна гэж үзэж байна.
Харилцагч танд зарлагын шимтгэлтэй холбоотой тодруулах зүйл гарвал Голомт банкны лавлах 1800-1646 болон Худалдаа хөгжлийн банкны лавлах 1800-1977 дугаарт холбогдоно уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!