Энэ долоо хоногт нэгэн онцлох үйл явдал болсон нь Юнител групп Монголд анх удаа 5G сүлжээний туршилтын станцыг асаасан үйл явдал юм. Анхны станцын хамрах хүрээ нь одоогоор Сүхбаатарын талбай байгаа ба энэ жилдээ багтаад нэлээдгүй олон шинэ байршилд нэвтрүүлэхээр ажиллаж байгаагаа мэдэгдэв. Тэгвэл бидний дунд цоо шинэ байгаа 5G сүлжээний баримтуудыг тоон үзүүлэлтээр хүргэе.
Уг сүлжээ нь бидний өргөн хэрэглэдэг хөдөлгөөнт сүлжээний 5 дахь үеийн дэвшилтэт технологи юм.
2020 оны эхний хагас гэхэд 38 оронд 5G сүлжээ нэвтрээд байв.
Дэлхийн 193 орноос 72 улсад нь сүлжээ нэвтрээд байсан бол ийнхүү Монгол улс нэмэгдэж 73 боллоо.
5G сүлжээ нь бидний одоо ашиглаж байгаа 4G LTE сүлжээнээс 500 дахин хурдан интернэтэд холбогдох хүчин чадалтай.
Хэрэв та Huawei P40, P40 Pro, P40 Plus гар утастай бол Сүхбаатарын талбайд очин Юнителийн 5G сүлжээг ашиглаж үзэх боломжтой. Apple болон Samsung брэндийн гар утаснуудад 5G сүлжээг Монгол улсад ашиглах зөвшөөрлийг хараахан олгоогүй байгаа ба тун удахгүй ашиглагддаг болох юм байна.
Хамгийн анх 5G сүлжээ нь 2019 онд дэлхий нийтэд танилцуулагдаж байв.
2022 оны төгсгөл гэхэд 5G сүлжээг 1 тэрбум хүн ашиглах тооцоолол гарав. 3G сүлжээг 1 тэрбум хүн ашигладаг болохын тулд 12 жил, 4G сүлжээг ашигладаг болохын тулд 4 жил зарцуулж байсан бол 5G сүлжээ ердөө 3 жил гаруйн хугацаанд 1 тэрбум байнгын хэрэглэгчтэй болж байна.
Дэлхий даяар харилцаа, холбооны компаниуд ирэх 7 жилд нийт 1.3 их наяд ам.долларыг 5G сүлжээ нэвтрүүлэх үйл ажиллагаанд зарцуулах төлөвтэй байна.
5G сүлжээ нь хүн төрөлхтөнд маш том дэвшилт авч ирэх гол шалтгаан бол “ping” буюу хоцролтыг багасгаж байгаа нь. 4G сүлжээнд холбогдсон үедээ та аливаа үйлдлийг хийхэд дунджаар 30-50 милсекундын дотор мэдээлэл серверт очиж, танд хариу үйлдэл үзүүлдэг. Харин 5G сүлжээ нь 29 болон түүнээс бага “хоцролт” үзүүлж чадна. Хэдий цаасан дээр буухад их зөрүү биш мэт боловч энэ нь эрүүл мэндийн салбарт томоохон өөрчлөлт авч ирэх юм. Тоглоомчид “ping”-ний зөрүү их байхыг андашгүй мэднэ. Тэгвэл эрүүл мэндийн салбарт “ping” багассанаар Япон улсад байгаа эмч Монгол дахь өвчтөнд алсын зайнаас хагалгаа хийх боломж бүрдэж байгаа гэсэн үг юм. 5G сүлжээ ашиглан хийсэн анхны алсын зайн хагалгааг 2019 оны 3-р сард БНХАУ-ын Фужаны их сургуулийн лаборатори дотроос 50 км-ийн зайд байсан Мэнчаогийн мал эмнэлэгт байсан гэрийн тэжээвэр амьтанд амжилттай хийж гүйцэтгэсэн байдаг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!