Монгол болон АНУ-ын Засгийн газрын байгуулсан Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээний хүрээнд "Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь" төслийг 2020-2024 онд хэрэгжүүлж байна.
Энэ дагуу Нийслэлийн Боловсролын газар(НБГ)-т өнөөдөр "Ухаалаг хөтөч" болон "Өөрчлөлтийн төлөөх дуу хоолой" хөтөлбөрийн нээлт боллоо.
Дээрх хөтөлбөрүүдийн хүрээнд дунд, ахлах ангийн сурагчдад зориулан хүн худалдаалах гэмт хэргээс өөрийгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдээлэл, зөвлөмжийг хүргэх юм.
Нээлтийн үеэр НБГ-ын дарга Б.Амартүвшин "Хүн худалдаалах гэмт хэрэгт хамгийн их өртөх магадлалтай нь хөгжиж буй орнууд байдаг. Үүний эсрэг тэмцэх сайн арга нь урьдчилан сэргийлэх.
Бид ахлах ангийн хүүхдүүдээс судалгаа авахдаа гадаад улсад очоод эрсдэлийг хянах, урьдчилан сэргийлэх талаар юу мэдэх вэ гэхэд хоёр хүүхэд тутмын нэг нь энэ талаар мэдэхгүй байв. Өөрөөр хэлбэл, хоёр хүүхэд тутмын нэг нь эрсдэлд өртөх магадлал өндөр байна. Иймд бодит байдлыг сайн судлах хэрэгтэй.
Нийслэлийн таван дүүргийн 100 гаруй сургуулийг зорилтот бүлгээр сонгон авч, төслийг хэрэгжүүлэх бөгөөд үүнд дэмжлэг үзүүлж буй АНУ-ын Засгийн газарт талархлаа илэрхийлье " гэлээ.
АНУ-ын Элчин сайдын яамны Улс төрийн хэлтсийн ажилтан "Энэ жил АНУ болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байна. Бид бүхний харилцааны нэгэн тод жишээ болсон Хүүхэд хамгааллын компакт гэрээ бол хоёр улсын ардчиллын үнэт зүйлсийг хамгаалах, тэн дундаа хүүхэд, хүний эрхийг хамгаалах, эрх зүйт ёсыг бэхжүүлэхэд хэрэгжүүлж буй гол ажлуудын нэг нь юм" хэмээв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
|