Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

Цагаан ордны зөвлөх асны амийг хөнөөх Ираны нууц ажиллагааг АНУ илрүүлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 8 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтоны амийг хөнөөх Ираны талын нууц ажиллагааг илрүүлснээ АНУ-ын хууль зүйн яам өчигдөр мэдээлжээ.

45 настай Шахрам Поурсафи гэгч Ираны иргэн Болтоны амийг хөнөөвөл $300,000-ын шагнал өгөх саналыг АНУ-ын иргэнд тавьж байсан тухай уг мэдэгдэлд өгүүлсэн байна.

2020 оны нэгдүгээр сард Ираны зэвсэгт хүчний элит нэгж болох Исламын Хувьсгалт Гвардын командлагч, генерал Кассем Солейманигийн амийг хөнөөх дроны ажиллагааг АНУ-ын тусгай алба Иракийн нутаг дэвсгэрт зохион байгуулж байсан юм.

Болтоны амийг хөнөөх оролдлого нь дээрх аллагын “өшөө авалт” байж болзошгүйг АНУ-ын хууль зүйн яам мэдээлжээ.

Тегераны цөмийн зэвсгийн хөтөлбөрийг зогсоох 2015 оны гэрээг сэргээх яриа хэлэлцээ Вена хотод үргэлжилж байгаа.

Яриа хэлэлцээний үеэр Ираны тал Исламын Хувьсгалт Гвардыг терроризмыг дэмжигч байгууллагын жагсаалтаас хасахыг АНУ-аас шаардаж байгаа.

“Энэ нь Ираны тал АНУ-ын нутаг дэвсгэрт хэн нэгнээс өшөө авах ажиллагаа явуулах гэж байсныг илрүүлсэн анхны тохиолдол биш юм. Бид цаашдаа ийм оролдлого бүрийг илрүүлж, таслан зогсоохын төлөө уйгагүй ажиллах болно” гэж АНУ-ын ерөнхий прокурорын орлогч Мэттью Олсен мэдэгджээ.

Жон Болтоны аминд халдах ажиллагааг Поурсафи өнгөрсөн оны аравдугаар сараас эхлүүлсэн байна.

Тэр эхлээд Болтоны гэрэл зургийг худалдах хүнийг хайж байснаа сүүлд захиалгаар аллага үйлдэх санал тавьжээ.

Үнэ хөлсөө $250,000-аас ярьж сүүлд $300,000 болгон нэмэгдүүлсэн байна.

Гэвч төлбөрийн урьдчилгааг шилжүүлэх ажил нэлээд хугацаагаар саатаж, энэ оны дөрөвдүгээр сарын сүүлээр л мөнгө нь шилжжээ.

АНУ-ын хууль зүйн яам аллага зохион байгуулахыг оролдсон Шахрам Поурсафид 15 жил шоронд хорих эчнээ ял оноосон байна.

АНУ-ын гадаад бодлогын хамгийн хатуу үзэл баримтлалтай хүмүүсийн нэг гэгддэг Жон Болтон нь 2018 оны дөрөвдүгээр сараас 2019 оны есдүгээр сарыг хүртэл ерөнхийлөгч Дональд Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр ажиллаж байжээ.

Тэрбээр Тегераны дэглэмийг хүчтэй шүүмжлэгчдийн нэг юм.

Бас ерөнхийлөгч Жорж Бушийн засаг захиргааны үед буюу 2005-2006 онд НҮБ-д АНУ-ыг төлөөлдөг байв. Өөрийг нь устгах ажиллагааны талаар Болтон мэдэж байсан бөгөөд мөрдөгчидтэй хамтран ажилласныг АНУ-ын хууль зүйн яам мэдээлжээ.

 

Эх сурвалж: AFP