Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг амжилттай оролцож, зургаадугаар өрөгт хожив.
Манай улсын эрэгтэй шигшээ баг олимпиадын чансааны 75 дугаарт бичигдсэн Африк тивийн төлөөлөл Мароккогийн шигшээ багтай оноолт таарч 4:0 харьцаагаар хожлоо. Зургаадугаар өргийн тоглолтыг их мастер С.Билгүүн өнжсөн. Монголын эрэгтэй баг гурван хожил, хоёр тэнцэл, нэг хожигдол гэсэн үр дүнгээр нийт найман оноотой 38 дугаар байрт жагсаж байна.
Түүнчлэн зургаадугаар өрөгт манай улсын эмэгтэй шигшээ баг энэ удаагийн олимпиадын чансааны 48 дугаарт эрэмбэлэгдсэн Норвегийн шигшээ багтай оноолт таарч 2.5:1.5 харьцаагаар ялалт байгуулав. Энэхүү өргийг их мастер А.Энхтуул өнжсөн. Монголын эмэгтэй баг тамирчид дөрөв хожиж, нэг тэнцэж, нэг хожигдсоноор 16 дугаар байрт бичигдэж байна.
Эх сурвалж: Монголын Шатрын Холбоо
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!