Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101, Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан Чикаго хотын төв талбайд Монгол Улсын төрийн далбааг мандуулах, Монголын соёл урлагийг сурталчлах арга хэмжээ долдугаар сарын 6-ны өдөр боллоо.
Арга хэмжээг нээж Консул Т.Батцэцэг үг хэлэв. АНУ, Монгол Улсын төрийн далбааг мандуулж, хоёр улсын төрийн дуулал эгшиглэсний дараагаар Чикаго хотод ажиллаж, амьдарч буй уран бүтээлчид монгол дуу, хөгжим, бүжгийн дээжээс сонирхуулсан байна.
Чикаго хот дахь монголчууд долдугаар сарын 10-нд наадмаа хийнэ.
Үүнээс гадна өнгөрсөн долоо хоногт тус Консулын газар 60 гаруй иргэнд итгэмжлэлийн үйлчилгээ үзүүлж, шинээр төрсөн таван хүүхдэд төрсний гэрчилгээ олгожээ.
40 гаруй иргэн, иргэний үнэмлэх, үндэсний гадаад паспорт захиалах, шинээр хүлээж авах, бичиг баримтаа орчуулах, УБЕГ-аас лавлагаа хүсэх үйлчилгээ авсан байна.
Консулын байранд ирж зөвлөгөө авах үйлчилгээг 95 иргэн авсан бол утсаар болон цахимаар хандсан 50 гаруй хүнд консулын үйлчилгээний мэдээллийг хүргэж ажиллажээ.
Эх сурвалж: АНУ-ын Чикаго хот дахь Монгол Улсын Консулын газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!