ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

Хугацаат цэргийн алба хаагч ЭЕШ өгөөд хүссэн сургуульдаа тэнцжээ

Н.Урантулга, iKon.mn
2022 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ЗХЖШ

Хугацаат цэргийн албаа хаангаа цахимаар их, дээд сургуульдаа суралцах, өөрийгөө бэлтгэж Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрүүдэд оролцож, шалгарах зэрэг олон боломж байдгийг хугацаат албаны зарим дайчин өөрсдийн хичээл, зүтгэлээрээ бусад нөхдөдөө үлгэрлэн харуулж байна.

Тухайлбал Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн ахлах байлдагч Б.Билгүүн цахимаар суралцан дээд сургуулиа дүүргэж, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн байлдагч Т.Гандбадраа БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан баяртай үйл явдлыг залгуулан Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн дэд түрүүч Б.Баясгаланбаатар өөрийн хүссэн сургуульдаа цахимаар шалгалт өгөөд тэнцжээ.

Тэрбээр "Хугацаат цэргийн албанд Дорнод аймгийн Хэрлэн сумаас 2021 оны хоёрдугаар ээлжээр татагдан ирсэн залуу. Цэрэгт ирсэн хойноо яагаад элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн гэхээр миний мөрөөдөл мөрдөн байцаагч болох юм. 2020 онд ангийнхантайгаа хамт шалгалтаа өгөөд Дотоод хэргийн их сургуульд элсэн суралцахаар хүсэлтэй байсан ч оноо хараахан хүрээгүй. Уг нь өөр гурван дээд сургуулийн урилга надад байсан л даа. Гэхдээ би энэ насандаа ажлаасаа аз жаргалыг мэдрэхийн тулд хүссэн мэргэжлээрээ л суралцана гэсэн хүсэлтэй байсан учраас арга буюу өнжсөн. Энэ хугацаанд барилга дээр ажиллах, машин угаах гээд олон л ажил хийсэн.

Тэгээд 2021 оны хавар дахиад шалгалт өгсөн ч бас л тэнцээгүй учраас найз нартайгаа ярилцаж байгаад хугацаат цэргийн албаа хамтдаа хаахаар шийдсэн юм. Аймгийн сагсан бөмбөгийн 4 удаагийн аварга, 2 удаагийн мөнгөн медальт багийнхаа гурван тамирчин найзтайгаа Зэвсэгт хүчний 327 дугаар ангид алба хааж байгаа гэсэн үг. Тэднийг маань дэд түрүүч Х.Одбаяр, байлдагч С.Одбаяр, Эрдэнэхуяг гэдэг.

Өнгөрсөн гуравдугаар сард ангийн захирагч, хурандаа Н.Цэцэнхүүд “Би Дотоод хэргийн их сургуульд элсэхийн тулд элсэлтийн ерөнхий шалгалтаа дахин өгмөөр байна. Цэргийн сургалт бэлтгэлийнхээ хажуугаар хичээлээ бэлтгэж болох уу” гэхэд ихэд уриалгахан зөвшөөрсөн. Тэр цагаас хойш нийгэм, математик, монгол хэл, англи хэл гэсэн дөрвөн хичээлээ бие даан бэлтгэж, шалгалт өгсөн. Дотоодын хэргийн их сургуульдаа ч цахимаар бүртгүүлсэн. Харин өчигдөр орой “Та тэнцлээ” гэсэн мессэж ахын утсанд ирээд бөөн баяр боллоо.

Өнөөдөр манай эмээ, ах хоёр ангийн удирдлагуудад “Манай хүүхдийг сурах бололцоогоор хангасан Зэвсэгт хүчнийхэнд баярлалаа” гээд ирж талархал илэрхийлсэн шүү. Одоо би эрүүл мэндийн үзлэг, спорт ур чадварын шалгалтаа сайн өгчихвөл хүссэн мэргэжлээрээ суралцах боломж нээгдлээ гэсэн үг. Ангийн захирагч надад долдугаар сарын 2-ны өдөр хот явж шалгалтаа өгөөрэй гээд чөлөө өгсөн" хэмээн ярьсан байна.

 

Эх сурвалж: Зэвсэгт Хүчний Жанжин Штаб /Ахлах дэслэгч Д.Болор/