-Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ-
Монгол Улс 2009 онд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод нэгдэн орж, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах, нийгмийн оролцоог дэмжихэд чиглэсэн “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-ийг 2016 онд батлан хэрэгжүүлж байна. 2017 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг үндэсний хөтөлбөрт оруулж, хууль эрх зүйн тогтолцоог хангаснаар 2021 онд Монгол Улсын Засгийн газар Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл (DPUB2)”-ийг хэрэгжүүлж байна.
Энэхүү цуврал нийтлэлээр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллаж буй байгууллага, гэр бүл, хамт олны төлөөлөл зэрэг олон талын байр суурийг онцлон тэмдэглэж, Монгол Улс дахь хөдөлмөр эрхлэлтийн сайн жишээг түгээхийг зорьж байна.
Улаанбаатар хотод хөх ягаан, ногоон өнгөтэй дэлгүүр хаа сайгүй тааралдана. Энэ бол "CU" конвиниенс сүлжээ дэлгүүр юм. 2018 оны 8-р сард БНСУ-ын BGF Retail компанитай мастер франчайзийн гэрээ байгуулж, зургаан салбартайгаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн. BGF Retail компанийн хувьд конвиниенс сүлжээ дэлгүүрийн олон жилийн туршлагатай. Малайз, Монгол, Солонгос зэрэг Азийн орнуудад үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа худалдаа үйлчилгээний салбарын тэргүүлэгч томоохон компани юм. Ковид-19 цар тахлын үеэр ч шинэ салбаруудаа ар араас нь нээж, өдгөө 220 гаруй салбар дэлгүүртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тэд оны төгсгөлд 285 дэлгүүртэй болох төлөвлөгөөтэй шаргуу ажиллаж байна.
“Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХК нь дотоодын зах зээлд амжилттай үйл ажиллагаа явуулж байна. 2021 оны 11-р сард хөрөнгийн бирж дээр үнэт цаасны бүртгэлтэй болж, хөрөнгийн зах зээл дээрх хувьцаа нь өсөлттэй явж байна. Өнөөдөр Улаанбаатар хотоор таван минут алхаад л нэгээс хоёр салбартай тааралдах бөгөөд хотын иргэдийн үйлчлүүлэх дуртай газруудын нэг болжээ.
Тус компани хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг идэвхтэй дэмжин ажилладаг. Нийт 2600 гаруй ажилтантай ба одоогийн байдлаар 100 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллаж байна. Хуульд заасан ажил олголтын квотыг хангах зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулдаг байгууллагууд цөөнгүй. Харин "CU"-ийн хувьд тусгай ажлын зар гаргадаггүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд энгийн ажлын зарын дагуу бүртгүүлэх эсвэл найзаа урих хөтөлбөрийн дагуу ажилд ордог.
Түүнчлэн “нээлттэй сэтгэдэг”, “нийтийн төлөө”, “шулуун шударга”, “зоригтой”, “хувь хүний үнэт зүйлийг бус асуудлыг шүүмжилдэг”, “чухал зүйлд төвлөрдөг”, “тууштай” гэсэн долоон үнэт зүйлсийг эрхэмлэж, ажилтнуудынхаа ур чадвар, өсөж дэвжих боломжийг хөгжүүлэх үүднээс төрөл бүрийн сургалт, семинар зохион байгуулдаг. Тухайлбал, бүх ажилтнуудад зориулан ялгаатай байдлын талаар ойлголт өгөх сургалт ордог юм. Мөн тогтвортой ажиллах боломжийг бүрдүүлэхийн тулд аль болох гэрт нь ойр салбарт хуваарилахыг чухалчилдаг. Хөгжлийн бэрхшээлтэй ажилтнуудын хувьд эмнэлгийн байнгын хяналтад байдаг буюу тогтмол эмнэлэгт үзүүлэх шаардлагатай тохиолдолд ажлын өдөр чөлөө олгох, ажилдаа ирж очих хүндрэлийг тооцоолон гэрт нь хамгийн ойр салбарт хуваарилах зэргээр тохиромжтой арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Өнгөрсөн оны 12-р сараас тус салбарт ажиллаж буй Г.Гүнжидмаа. Тэр бага зэрэг оюуны бэрхшээлтэй. Өөр салбарт дадлага хийсний дараа гэрийнхээ ойролцоох тус салбарт долоо хоногт дөрвөн удаа ажиллаж байна. Гол хийдэг ажил нь хөнгөн цэвэрлэгээ буюу хог шүүрдэх, ширээн дээрх үлдэгдэл хогийг цэвэрлэх, сандал ширээг ариутгаж цэвэрлэх. “Би дэлгүүртээ зардаг гаатай чихэрт их дуртай” хэмээн ярих нь үнэхээр хайр татам.
Г.Гүнжидмаа Өмнөговь аймагт төрсөн. Төрөөд удаагүй байхад гэр бүлийнхэн нь Улаанбаатар хотод ирж суурьшжээ. Тусгай хэрэгцээт сургуулийн тавдугаар ангийн сурагч байхдаа сургууль дээрээ гар утсаа алдсанаас болоод сургуулиасаа гарчээ. Түүнээс хойш гэрийнхээ ажилд туслахын хажуугаар бие муутай аавыгаа асарч байсан ч хэдэн сарын өмнө хайрт аав нь бурхан болсон байна. Энэ үйл явдал Г.Гүнжидмаад их л хүнд тусаж, ээжийгээ ажилдаа явсан хойгуур бурхан болсон аавыгаа үгүйлэн санаж зөндөө уйлдаг байсан гэнэ. Харин ээжтэйгээ зөвлөлдсөний эцэст "CU"-д ажилд орохоор бүртгүүлжээ.
"CU"-д ажиллаж эхэлснээс хойш уйлах нь багассан гэнэ. Ажилдаа дуртай юу гэсэн сэтгүүлчийн асуултад “Ажил хийх үнэхээр гоё, би саяхан ажил хийж, цуглуулсан мөнгөөрөө iPhone 13 утас худалдаж авсан” хэмээн нүүр дүүрэн инээмсэглэн хариулж байлаа. Түүний дараагийн зорилго бол хамгаас хайртай ээжтэйгээ далайн круз аялалд явах.
Г.Гүнжидмааг ажил дээр нь хамгийн сайн ойлгож, тусалж дэмждэг хүн бол салбарын менежер Б.Мөнх-Эрдэнэ. Г.Гүнжидмаа түүнийг Мөөгий ахаа, харин Мөөгий ах нь түүнийг Гүнжээ хэмээн дуудна. Мөнх-Эрдэнийн хувьд “CU”-д хоёр жилийн өмнө ажилд орсон. Өдгөө Барилга.мн салбарыг хариуцан ажиллаж байна. Өмнө нь үүрэн холбооны тэргүүлэх оператор Мобикомд долоон жил ажилласны дараа Солонгос улсад хагас жил орчим амьдарчээ. Солонгост байхдаа "CU"-ээр үйлчлүүлэх дуртай байсан учраас Монголдоо буцаж ирээд “CU”-д ажиллахаар шийдсэн гэнэ.
Түүний хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй анх удаа ажиллаж байна. Анх Гүнжээ манай салбарт ээжтэйгээ хамт ирж байсан. “Охин маань 29 настай ч 6-7 насны хүүхдийн хэмжээнд сэтгэдэг” хэмээн хэлэхийг сонсоод зургаагаас арван насны гурван охидын аав болоод ч тэр үү өөрийн охид шигээ санаад л хандах хэрэгтэй юм байна гэж бодсон доо” хэмээх Б.Мөнх-Эрдэнэ менежерийн яриа сэтгэл догдлуулав.
Эхэндээ дэлгүүрийн тавиурт ундаа, жүүсийг ижил өнгөөр нь ялгаад зэрэгцүүлэн өрөх зааварчилгаа өгч үзтэл бүгдийг нь солонго шиг хооронд нь холиод өрчхөж билээ. Тэр өдрийн орой гэртээ охидтойгоо яриад сууж байтал Гүнжээд яг тохирох ажлыг бодож олсон юм. Хооллох зааланд хөнгөхөн цэвэрлэгээний ажил хийлгүүлэх. Манай салбар өглөө найман цагаас шөнө 23 цаг хүртэл ажилладаг. Ачаалал харьцангуй бага буюу 11-20 цагийн хооронд бусад ажилтнуудын хамт ажиллаж байна. Хамт олон маань Гүнжээгийн бэрхшээлийн онцлогийг нь ойлгож хүлээн авч, санаа тавьж найрсаг ханддаг.
Мөөгий ах, найрсаг хамт олон, хамгаас хайртай ээжийнхээ талаар зогсолтгүй ярих Гүнжээг “миний дүү” хэмээн дотночилж дуудах салбарын менежер нь түүнд үргэлж ажиллах урам зориг өгдөг гэнэ.
“Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХК нь конвиниенс сүлжээ дэлгүүрээс гадна охин компани болох хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Сэнтрал Фүүдс” ХХК-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулдаг.
Хотоос гараад зүүн тийш хурдны замаар нэг цаг гаруй давхисаар Хонхор дахь “CU”-ийн хоолны үйлдвэрийг зорин ирэв. 220 гаруй салбаруудад зарагддаг сэндвич, хачир, бүх төрлийн савласан хоол зэргийн 80 хувийг тус үйлдвэрт бэлтгэдэг. Үлдсэн 20 хувийг хоол үйлдвэрлэх байгууллагуудтай гэрээлэн нийлүүлдэг. Тус үйлдвэрт өдөрт 33 мянга гаруй хоол үйлдвэрлэж байна. Эрүүл ахуйн өндөр стандартын дагуу бүх процесс явагдах бөгөөд өдөр бүр үүрийн дөрвөн цагт үйлдвэрээс 15 том ачааны машин түгээлтэд гарна. Өглөө долоон цаг гэхэд бүх салбар дэлгүүрүүдэд амттай, шинэхэн чигээр нь хүргэдэг ажээ.
Б.Баярмаа хоол үйлдвэрлэлийн газрын захирлаар ажилладаг. Түүний хувьд талх, нарийн боовны салбарт 10 орчим жил технологийн инженерээр ажилласан арвин туршлагатай нэгэн бөгөөд гурван жилийн өмнөөс “Сэнтрал Фүүдс” ХХК-д Хоол үйлдвэрлэлийн газрын захирлаар ажиллаж байна. “Хоол үйлдвэрлэлийн салбарт шинэ стандарт, сайн чанарыг нэвтрүүлэхээр баг хамт олонтойгоо нэгэн зорилгод нэгдэн ажиллах надад үнэхээр сайхан байдаг” хэмээн өөрийн ажлаар бахархан ярьж байлаа.
Тус үйлдвэр 290 орчим ажилтантай ба одоогоор 12 хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллаж байна. Эдгээр ажилтнууд оюун, хэл яриа, сонсголын бэрхшээлтэй бөгөөд агуулахын цэвэрлэгээ, бараа ангилах зэрэг ажлыг гүйцэтгэдэг. Сонсголын бэрхшээлтэй ажилтнуудын хувьд хоолны сав угааж ариутгах хэсэгт ажиллаж байна. Хоол үйлдвэрлэлийн газрын захирал ажилтан нэг бүртэй ганцаарчилсан уулзалт хийж, бэрхшээлийн онцлог болон чадварт нь тохируулан хариуцах ажлыг хуваарилдаг. Тухайлбал, богино хугацааны ой санамжаа алддаг буюу тухайн өдрийнхөө үйл явдлыг санадаг ажилтандаа ажлын дарааллыг гараар зурж ажлын ширээнийх нь урд нь байршуулжээ.
Хөгжлийн бэрхшээлтэй ажилтнуудын төлөөлөл болгож ажилдаа чин сэтгэлээсээ хайртай Б.Очгэрэлтэй ярилцлаа.
Тэрбээр Сэлэнгэ аймагт төрж өссөн бөгөөд 2003 онд Улаанбаатар хотод шилжин суурьшжээ. Төрөлхийн зүүн нүд нь хараагүй ба хөнгөн хэлбэрийн оюуны бэрхшээлтэй. Техник, технологийн дээд сургуулийг хоол үйлдвэрлэлийн технологич мэргэжлээр төгссөний дараа 2020 онд өөрийн амьдардаг Баянгол дүүргээс зохион байгуулсан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагджээ.
Хөтөлбөрийн сургагч багш нь “CU”-д ажлын анкет бөглөхийг зөвлөснөөр Б.Очгэрэл ярилцлагадаа тэнцэж, мэргэжлийнхээ дагуу мөн гэртэйгээ ойр буюу нарны хорооллын ойролцоох үйлдвэрт ажилд орсон байна. Харин одоо Б.Очгэрэл маань өглөө бүр таван цагт сэрээд ажилчдын автобусаар Хонхор дахь ажилдаа ирж очдог. Өөрт оногдсон ажлаа хийж дуусгачхаад цаг гарвал агуулахад ирсэн бараа тоолох, оффисын утсанд хариу өгөх зэргээр өөрийн зүгээс санаачилга гарган үйлдвэрийн бүхий л ажилд тусалдаг. Түүний хувьд ажилдаа, хамт олондоо маш их хайртай. Ажилчдын автобус хаанаас хөдөлж байна, хэн суусан үгүйг Б.Очгэрэл бүртгэнэ. Түүгээр ч зогсохгүй байгууллагын аялал зугаалга Очгэрэлгүй л бол уйтгартай байдаг гэсэн шүү.
Б.Очгэрэл Хоол үйлдвэрлэлийн газрын захирлаа “Ээж” хэмээн дуудна. “Ганц надад бус бүх ажилтнуудад сэтгэлийн урам өгч, үргэлж эерэг талаас нь дэмждэг учраас бидний ээж шиг л санагддаг” хэмээж байлаа. Заримдаа ажлын ачааллаас болоод ядрах, ажлаасаа гармаар санагдаж шантрах үе гардаг. Тэр бүрд яриаг маань анхааралтай сонсож, “Чи бол манай үйлдвэрт хэрэгтэй хүн. Та нар маань л энэ үйлдвэрийг өргөжин тэлэхэд хувь нэмрээ оруулж, хүч хөдөлмөрөө шингээж байдаг шүү” хэмээн үргэлж урам өгч, итгэл хүлээлгэдэг. Хоол үйлдвэрлэлийн газрын захирлын гол баримталдаг зарчим бол “Ажилтнуудынхаа чаддаг болон чаддаггүй зүйлийг нээж мэдэхийн тулд хүн нэг бүрд үнэлгээ хийж, тохиромжтой ажлын байранд хуваарилахыг чухалчилдаг. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй ажилтнууд маань урам зориг дүүрэн, урт хугацаанд тогтвортой ажиллах бүрэн боломжтой хэмээн онцолж байлаа.
“Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХК-ийн хүний нөөц, сонгон шалгаруулалттай холбоотой бүхий л ажлыг тун чиг шаламгай нугалах нэгэн бол хүний нөөцийн сонгон шалгаруулалтын алба хариуцсан менежер Э.Сэвжидмаа. Тэрбээр Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг бизнесийн удирдлагын бакалавр, Санхүү эдийн засгийн их сургуулийг мөн бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Мастерт суралцаж байх үедээ “CU”-д хоёр сарын хугацаатай дадлага хийсний дараа 2019 онд үндсэн ажилтнаар ажилд орж өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Тухайн үед компанийн хувьд нэг жилийн ойгоо тэмдэглэж байсан ба конвиниенс сүлжээ дэлгүүрийн цар хүрээ өдрөөс өдөрт өргөжин тэлж байсан юм. Нийгэмдээ эерэг хандлагатай зөв иргэнийг бэлтгэх, хөдөлмөрч сэтгэлгээг түгээх их үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулах нь шинэхэн төгсөгч миний хувьд маш том боломж гэж харсан учраас би “CU”-д ажилд орохоор шийдсэн.
Э.Сэвжидмаа одоогийн байдлаар 230 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй ажлын ярилцлага хийсэн байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өөрийгөө илэрхийлэх чадвар харилцан адилгүй байдаг учраас хүн бүртэй тохирсон арга барилаар ярилцлагаа зохион байгуулдаг. Энэ хугацаанд би Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс маань бидэнтэй адил гэдгийг маш сайн ойлгож чадсан. Онцгойлон эсвэл тусгайлан хандах шаардлагагүй бөгөөд тэднийг яг байгаагаар нь бодитоор дэмжих хамгийн чухал гэдгийг анзаарч мэдсэн юм.
Салбар дэлгүүрийнхээ менежерүүдээс хөгжлийн бэрхшээлтэй ажилтнуудыг хичээнгүйлэн маш сайн ажиллаж буйг сонсох бүрд урам зориг авч, цаашид өөрийгөө дайчлан хамгийн сайнаараа ажиллах зорилт тавьдаг.
“Хүн бүрийн бэрхшээлийн онцлогт тохирсон ажлын байранд нь хуваарилж чадвал тэд маш хариуцлагатай, үнэнч, гүйцэтгэл сайтай ажилладаг юм шүү. Манайд ажилладаг хөгжлийн бэрхшээлтэй ажилтнууд дундаас өөрийн чадвараа бодитоор үнэлүүлэн тушаал дэвшин салбарын менежер болсон хоёр ч ажилтан бий.” хэмээн Э.Сэвжидмаа онцлон ярилаа.
Өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй хамт ажилласан туршлага байхгүй ч цаашид илүү ихийг сурч мэдэх оргилсон их хүсэлдээ хөтлөгдсөн эрч хүч дүүрэн Э.Сэвжидмаагийн чин хүсэл аль болох олон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрч тэднийг ажлын байраар хангаж нийгэмдээ урам зоригтойгоор хувь нэмэр оруулахад нь дэмжлэг үзүүлэх юм. Өнөөдрийн байдлаар нийт 220 гаруй салбартай сүлжээ дэлгүүрийн хувьд цаашид ч олон салбараа нээхийн сацуу байгууллагын соёл, үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэхийг зорьж байна. Мөн хөгжлийн бэрхшээлийн онцлог тус бүрийн талаарх ажилтнуудынхаа ойлголтыг сайжруулахын тулд цахим сургалтын материал боловсруулахаар бэлтгэл ажилдаа орсон гэнэ.
Монгол Улсад конвиниенс сүлжээ дэлгүүрийн шинэ соёлыг нэвтрүүлэн, олон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулан нийгэмд эерэг нөлөөг түгээж буй “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХК-д ажлын өндөр амжилт хүсье. Цаашид Монгол Япон хоёр улсын Засгийн газрын хүрээнд хэрэгжих “Ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ”-ээр дамжуулан олон олон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хөдөлмөр эрхлэх боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна.
Байгууллагын нэр |
“Сэнтрал Экспресс Си Ви Эс” |
Үйл ажиллагаа |
Конвиниенс сүлжээ дэлгүүр |
Нийт ажилтны тоо |
Ойролцоогоор 2600 хүн |
Үйлдвэрийн ажилтны тоо |
Ойролцоогоор 290 хүн |
Нийт хөгжлийн бэрхшээлтэй ажилтны тоо |
Ойролцоогоор 100 гаруй хүн (Тархины саажилт, сонсгол, хэл яриа гэх мэт ) |
Үйлдвэрт ажиллаж буй хөгжлийн бэрхшээлтэй ажилтны тоо |
Ойролцоогоор 12 хүн (2022 оны 5-р сарын байдлаар) (Хэл яриа, сонсгол, оюуны бэрхшээл гэх мэт ) |
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах болсон шалтгаан |
Хүн бүрд тэгш хүртээмжтэй ажлын байрыг бий болгох |
Авч хэрэгжүүлж буй арга хэмжээ |
Аль болох гэрт нь ойр салбарт хуваарилах, бүх ажилтнуудад зориулсан сургалт зохион байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тохирсон ажлын байранд хуваарилах, хөгжлийн бэрхшээлтэй ажилтан болон салбарын менежерийг хооронд нийцүүлэн тааруулах |
2022 оноос ХНХЯ, ЖАЙКА-ийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран “ААНБ болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг холбон ажиллах ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ”-ний загвар төслийг хэрэгжүүлж эхэллээ.
Тус үйлчилгээний үр дүнд илүү олон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тогтвортой ажлын байраар хангана. Нөгөөтэйгүүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах боломжгүй ААНБ-ын хувьд ажлын байрны төлбөрийг төлж, нийгмийн хариуцлагаа хүлээх шаардлагатай.
Холбоо барих хаяг:
Ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар холбогдоно уу.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
И-мэйл хаяг: info@gadpwd.gov.mn
Утасны дугаар: 77073008, 77032222
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!