• 6 сарын 11, Лхагва
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Хөх хот болон Гуанжоу руу долдугаар сарын эхний 7 хоногт шууд нислэг үйлдэгдэх урьдчилсан төлөвлөгөөтэй байна"

А.Намуун, iKon.mn
2022 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Хөх хот

Монгол Улсын Засгийн газраас 2022 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс БНХАУ-ын Хөх хот болон Гуанжоу хот руу нислэг үйлдэх шийдвэр гаргасан. Харин тухайн улсууд руу хэзээ нислэг үйлдэх болон очих иргэдийг тусгаарлах эсэхийг ГХЯ-наас мэдээлнэ хэмээн зарлаад байсан. Тиймээс энэ талаар тодрууллаа.

Гадаад Харилцааны Яам "Коронавируст халдвар /Ковид-19/-ын нөхцөл байдлын улмаас Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоорондын шууд нислэгийг тодорхойгүй хугацаагаар түр зогсоогоод байсан бөгөөд удаа дараагийн уулзалт, арга хэмжээний үр дүнд 7 хоног тутамд нэг удаа хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэхээр айлын талтай дипломат шугамаар тохиролцоод байна.

Иргэний Нисэхийн Ерөнхий Газраас шууд нислэгийн бэлтгэлийг ханган ажиллаж байгаа бөгөөд “МИАТ” ТӨХК 28 хоногт нэг удаа Гуанжоу чиглэлд, “Аэро Монголиа” ХХК 28 хоногт нэг удаа Хөх хот чиглэлд, “Эйр Чайна” ХХК 28 хоногт 2 удаа Хөх хот чиглэлд шууд нислэг үйлдэхээр төлөвлөөд байна.

Тодруулбал урьдчилсан байдлаар долдугаар сарын эхний 7 хоногт шууд нислэг үйлдэгдэх төлөвлөгөөтэй байна.

Өмнө байгуулсан гэрээ, хэлэлцээрийн хүрээнд шууд нислэгийг сэргээж байгаа юм. Коронавируст халдварын нөхцөл байдлын улмаас Бээжин болон Шанхай хот руу шууд нислэг үйлдэх боломжгүй байгаа.

Монгол Улсаас Хөх хот болон Гуанжоуд очих иргэдэд тавигдах шаардлагыг/тусгаарлагдах эсэх/ нислэгүүд тодорхой болохоор нэгдсэн мэдээлэл өгнө" гэв.

Коронавируст халдвар /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх зорилгоор гадаадын улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ харилцан адилгүй бөгөөд нийтлэг шаардлага нь PCR шинжилгээний сөрөг хариутай байхын зэрэгцээ цахим бүртгэлд урьдчилан бүртгүүлэх шаардлагыг тавьж байгаа юм.