Монголын хамгийн залуу инженер Б.Мишээл нь одоо IT-ийн салбарт 2 дахь жилдээ ажиллаж байгаа юм. Ийнхүү түүнтэй ярилцсан ярилцлагыг Та бүхэнд хүргэж байна.
-Мишээл маань өөрийгөө танилцуулахгүй юу?
Намайг Батбуян овогтой Мишээл гэдэг. 2005 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд одоо 16 настай, 10-р ангид суралцдаг. Одоогоор АНУ-ын Сиаттл хотод байрлах Nest Solutions компанид ажиллаж байгаа.
-Мишээлийн мэдээлэл технологийн салбартай хэрхэн холбогдох болсон тухай түүх нь юу вэ? Ялангуяа эмэгтэй хүүхэд энэ салбарт сурч, ажилладаг нь их сонирхолтой санагдаж байна?
Би өөрийгөө ер нь энэ салбарт сурч, ажиллаад байж байна гэж анх төсөөлөөгүй л дээ. 10 жилээ төгсөөд их сургуульд суралцсаныхаа дараагаар амьдрал дээр гараад тэгээд хэн болохоо шийдэх болов уу гэсэн ерөнхий төсөөлөлтэй байсан болохоос өдийд ийм байх байсан гэж огтхон ч төсөөлж байгаагүй юм.
Намайг 8-р ангид байхад Нэст Академи сургууль дээр маань “Мэдээлэл технологийн сурагч инженер бэлтгэх” тухай танилцуулга хийхэд надад сонирхоод үзье гэдэг бодол төрж байсан ч энэ салбарт зөвхөн Математик, Физикийн хичээлдээ сайн, олимпиадад бэлтгэдэг тэгээд ч ер нь эрэгтэй хүүхдүүдийн л чадах зүйл байх даа гэж бодоод би өөртөө итгэлгүй байсан юм.
Дээр нь элсэлтийн шалгалтынх нь талаар сонсоод надаас илүү сайн хүүхдүүд зөндөө байгаа даа, сонгоны хүүхдүүд л тэнцэнэ дээ гээд сонирхож байсан ч гэлээ өөрийгөө чадахгүй гэж бодоод орхичихсон байсан.
-Ер нь нийгэмд эмэгтэй хүүхдэд энэ салбар тохирохгүй гэсэн түгээмэл ойлголт байдаг шүү дээ. Тэр л их нөлөөлсөн юм болов уу?
Тийм ээ. Бид нийгмийн түгээмэл ойлголтоор амьдралд бодлогогүйгээр олон шийдвэр гаргадгийн нэг нь байх аа.
Тэр жилдээ би нэг сургуулийн элсэлтийн шалгалтад бэлдээд бүтэн жилжингээ бэлдэж байгаад шалгалтаа өгтөл хүссэн тэтгэлгээ авч чадаагүй жаахан шантарчихсан байсан.
Тэгсэн аав, ээж маань ах бид хоёрыг Нэст Академи гээд газар байдаг юм байна, элсэлтийн шалгалтад нь ямартай ч бүртгүүлчихсэн шүү, сонирхоод үз гээд зөвлөж байсан юм. Тэр хүртэл би Нэст Академийн талаар огт мартчихсан байлаа. Тэгэхэд нь би энэ удаа оролдоод үзье, энэнд л зориг гаргаад шалгалтаа өгөөд үзье гээд шалгалтаа өгч байсан юм. Элсэлтийн процесс нь шалгалт, ярилцлага гэж явсаар эцсийн хариу нь гартлаа нэлээн удсаны дараа тэнцсэн 40 хүүхдийн тоонд багтсандаа бахархаж, би чадах юм байна гэж урам ороод л 13-тайдаа Нэст Академид суралцаж эхэлж байсан.
-Анх Нэст Академид ороод яг юу сурч байсан бэ?
Эхний үед зөвхөн програмчлалын хичээлүүд ордог байсан. Task буюу даалгавраа дуусгаж чадахгүй нухаад суух хэцүү байдаг ч бичсэн код ажиллаад, амжилттай даалгавраа дуусгах үед авдаг мэдрэмж хамгийн гоё нь байдаг байсан.
Дизайны хувьд надад кодтой харьцуулахад арай жаахан хэцүү санагддаг байсан. Маш олон сонголтууд гарч ирэх ба тэр дундаас би зөвийг нь хийгээд байна уу, үгүй юу гэдгээ сайн мэдэхгүй, хэзээ ч сайжруулж дуусахгүй мэт санагддаг байсан.
Гэхдээ одоо бодоход тухайн үед инээдтэй санагдмаар элдвийн жижигхэн айдсууд зөндөө байсан. Жишээ нь гэхэд л ангийнхаа хүүхдүүд шиг хурдан шивж чадахгүй байх гэх мэт хэрэггүй зүйлд их санаа зовдог байжээ.
Дараагийн шатнаас зөвхөн дизайны хичээлээ гүнзгийрүүлж үзэж эхлээд яг UX/UI дизайн гэж юу вэ гэдэг талаар нарийн ойлголттой болсноосоо хойш энэ чиглэлдээ илүү хайртай болсон. Анх бол би ийм мэргэжил байдаг гэдгийг ч мэддэггүй байсан. Тухайн бүтээгдэхүүн ямар байдлаар ажиллах уу, хэрэглэгчид нь ямар хариу үйлдэл үзүүлэх үү гэдгийг сайтар тооцоолох ёстой мэргэжил юм.
-Олон төслүүд бүтээсэн гэж сонслоо. Энэ тухай дурдаач.
Суралцаж байхдаа хийсэн анхны төсөл маань “Paccies” гэдэг нэртэй бидний сайн мэдэх “Pacman” тоглоомын олон тоглогчтой бөгөөд онлайнаар баг болж өрсөлддөг хувилбар байсан. Тэр тоглоом нь нэг сарын хугацаанд хийгдсэн ба миний хувьд дизайнерын үүрэгтэй байсан ч гэсэн дизайнаа эрт хийж дуусгаад код бичихэд нь оролцож, багийнхандаа тусалсан.
Мөн багаараа анх удаа вэбсайт хийж байхад шинэ асуудлуудтай тулгарсан. Веб бүтээх амархан юм шиг хэрнээ багаараа ажиллахад зарим гишүүдтэйгээ ойлголцохгүй байх болон дизайн гараад бэлэн болчихсон байснаа файл нь устах гэх мэтээс гадна хэдэн зуун хүмүүсийн өмнө тайзан дээр гараад хийсэн төслөө танилцуулах гэх мэт олон давааг давж байсан. Код бичихээс гадна Стив Жобс шинэ бүтээгдэхүүнээ хэрхэн танилцуулж байгааг судлах, багаар ажиллах, танилцуулга хийх, асуудал тулгарахад хамтаараа ярилцаж шийдвэр гаргах гэх мэт олон чадваруудыг сурах хугацаандаа бид авч байсан юм.
-Одоо Сиаттл хот дахь Nest Solutions компанид ажилладаг гэлээ. Ахлах ангид суралцангаа АНУ-ын компанид ажиллах хүнд байдаг уу? Жилд хэдэн удаа АНУ-д очих шаардлагатай байдаг вэ?
Мэдээлэл технологийн салбарын хамгийн том давуу тал нь дэлхийн хаанаас ч ажиллах боломжтой салбар учраас эх орноосоо АНУ-ын цалинг авч ажиллах, том төслүүдэд зайнаас гар бие оролцох боломжтой байдаг бөгөөд зайнаас ажиллалаа гээд үр дүнд огтхон ч муугаар нөлөөлдөггүй.
-Энэ салбарт ажиллахад диплом хэр хэрэгтэй байдаг юм бол оо?
АНУ-ын Tesla, Google, Amazon гэх мэт томоохон компаниуд дипломоор хүнийг дүгнэх боломжгүй гэж үздэг гэхээр хүмүүс эхэндээ гайхаад тийм юм гэж юу байсан юм гээд байдаг байсан юм. Энэ компаниуд нь тухайн хүний ур чадварыг сайн харж, компанид нь ороод үнэ цэн бүтээж чадах уу гэж тодорхойлохоос биш хэн нь илүү том сургуулийн гоё өнгөтэй дипломтой вэ гэдгийг нь харж дүгнэдэггүй л дээ. Хэрвээ Amazon компаниас Харвард төгссөн диплом болон ур чадвартай 16-тай хүүхэд 2-ын алийг нь сонгох вэ гэвэл ур чадварыг л сонгоно гэдгийг итгэлтэй хэлнэ. Өөрсдөө ч тэрийгээ ил тод зарладаг юм.
Ер нь хараад байхад ихэнх тохиолдолд аливаа хүнийг дипломоор дүгнэх боломжгүй гэж хувьдаа үздэг. Юм хийх чадваргүй хүн Харвард төгссөн дипломтой байлаа гээд ямар ч хэрэггүй л болно шүү дээ.
-Магадгүй энэ ярилцлагыг уншсан олон хүүхэд, залуучууд энэхүү салбарыг сонирхох байх гэж бодож байна. Чи уншигчдадаа юуг захимаар байгаа вэ?
Би өөрийгөө мундаг гэж боддоггүй л дээ. Үүний адилаар олон ч хүн өөрийгөө мундаг гэж боддоггүй юм шиг санагддаг. Гол нь миний эсвэл бусдын маань мундаг гэж бодох, бодогдох үгүй нь хэнд ч хамаагүй л дээ. Сониуч бөгөөд бүтээгч байж зорьсон зүйлдээ тууштай бөгөөд өөртөө үнэнч байгаасай гэж хүсэж байгаа. Өөрийнхөө хэцүү үед өөрөө найз байж дэмжиж, тусалж чаддаг байгаасай гэж хамгийн түрүүнд найзууддаа хэлмээр санагддаг. Би өмнө нь хэлсэнчлэн өөрийгөө чи чадна аа Мишээлээ гэж дэмжээд, өөртөө найз байж эхэлсэн болохоороо л энэ салбартаа дурлаад бага ч гэлээ одоогийн үр дүнд хүрч байгаа болов уу гэж боддог.
Би жирийн л нэг байдаг өсвөр насны охин шүү дээ. Зүгээр л сониуч байснаараа код бичиж, дизайн хийж сураад өөрийнхөө хүссэн тоглоом, аппыг бүтээчихдэг л болсон хүүхэд юм уу даа. Сурсан мэдлэгээ чадвар болгож хөгжүүлээд, чадвараа бодит амьдрал дээр гаргаж ирэх нь их чухал болов уу.
-Цалинтай 10 жилийн сурагч байх хэр санагддаг вэ?
Яах вэ бас дажгүй шүү хэхэ. Ямартай ч аав ээжээсээ мөнгө авахаа болиод 2 жил болж байна. Бас хадгаламждаа хааяа нэг мөнгө хийчихдэг юм. Яаж мөнгөө үрдгээ гайхуулдаг хүмүүс жоохон тэнэг санагддаг болохоор ийм зүйл ярихад эвгүй санагдаад байна. /инээв/
-Өөр шиг нь Нэст Академид код бичиж, дизайн хийж сурна гэвэл яаж суралцах боломжтой байдаг вэ?
Тэр талаар би дэлгэрэнгүй мэдэхгүй байгаа ч Нэст Академи нь 13-18 насныхны HOP, 18-аас дээш насныханд зориулсан Leap гээд 2 хөтөлбөртэй байдаг. Би HOP хөтөлбөрт суралцаж төгссөн юм. Жилд 1 л удаа элсэлт авдаг. Миний сонссоноор бол энэ жил 6-р сарын 10 хүртэл элсэлт явагдана гэсэн. Суралцах сонирхолтой бол аль болох эрт шийдвэрээ гаргаж бүртгүүлээд шалгалтаа өгсөн нь дээр болов уу гэж бодож байна.
-Мишээлдээ ярилцсанд нь баярлалаа. Чамайг илүү олон амжилт үзүүлнэ гэж найдаж байгаа шүү. Амжилт хүсье.
Танд баярлалаа. Би ч нээх амжилтанд хүрсэн юм болов уу даа. Ямартай ч илүү хичээнэ ээ. Олон хүүхэд, залуучуудад урам зориг өгөөсэй гэж хүссэн учраас Та бүхэндээ ярилцлага өглөө. Энэ ярилцлагыг маань мөн цаг гаргаж уншсан уншигч Танд мөн баярлалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!