Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ тэнгисийн хөлөг устгагч зэвсэг Украинд илгээхээр судалж эхэлжээ

Т.Давааням, ikon.mn
2022 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Пүрэв гарагт АНУ-ын сенат $40 тэрбумын багц тусламжийг Украинд илгээх хуулийн төслийг дэмжиж, ерөнхийлөгч Жо Байденаар батлуулахаар Цагаан ордон руу шилжүүлжээ.

Сенатын гишүүдийн 86:11 харьцаатай саналаар дэмжигдсэн уг багц нь өнөөдрийг хүртэл Украинд үзүүлсэн тусламжийн нийлбэр хэмжээнээс хэд дахин өндөр юм.

Уг тусламжийн хүрээнд Цагаан ордон тэнгисийн хөлөг устгагч пуужингийн системийг Украинд илгээхээр судалж буйг албаны эх сурвалжууд баталжээ.

Оросын тэнгисийн флотын хөлгүүд одоо Хар тэнгисийн худалдааны замуудыг хаагаад байгаа. Үүний улмаас Украины үр тариа, хөдөө аж ахуйн экспорт тасалдаж, дэлхий дахиныг хамарсан хүнсний хомсдол үүсэх аюул нүүрлэсэн юм.

Тиймээс Оросын тэнгисийн хаалтыг эвдэх зориулалттай хүчтэй зэвсэг Украинд илгээх санаа Цагаан ордонд яригдаж эхэлжээ.

Одоогоор хоёр төрлийн пуужингийн систем илгээх хувилбар яригдаж байгааг Цагаан ордон болон Конгрессын хэд хэдэн эх сурвалж мэдээлсэн байна.

Эдгээрийн нэг нь Boeing компанийн бүтээсэн Harpoon, нөгөөх нь Kongsberg болон Raytheon Technologies компаниудын бүтээл Naval Strike Missile (NVS) ажээ.

Эдгээрийг АНУ-аас шууд Украинд илгээх, эсвэл Европын холбоотнуудад байгаа зэвсгийг шилжүүлэх хувилбаруудыг судалж байгаа гэнэ.

Дээрх зэвсгүүд нь өнөөдрийг хүртэл Украинд илгээгээд байгаа Javelin, Stinger зэрэг пуужингийн системүүдээс илүү хүчтэй, илүү алсын тусгалтай юм.

Хоёр системийн тус бүрийн нэг ээлжийн пуужин харвах зардал $1.5 сая болохыг мэргэжилтнүүд мэдээлсэн байна. Одоогоор Хар тэнгист Оросын 20 орчим хөлөг, шумбагч байрлаж байгааг Их Британийн батлан хамгаалах яам мэдээлж байв.

100 км-ийн тусгалтай 12-24 ширхэг Harpoon пуужин Украинд илгээхэд Оросын флотод хангалттай аюул учруулахыг Хадсон Хүрээлэнгийн тэнгисийн хүчний мэргэжилтэн Брайан Кларк ярьжээ.

Нөгөө нэг хувилбар болох NSM (Naval Strike Missile) систем нь Украины эргээс 250 км хүртэл зайд цохилт өгөх чадвартай юм байна. Уг системийг эзэмших сургалтыг Украины цэргүүдэд 14 хүрэхгүй хоногийн дотор өгөх боломжтой гэж мэргэжилтнүүд мэдээлжээ.

NSM-ийн хувьд Украинд тээвэрлэн хүргэхэд Harpoon-аас илүү амархан, ложистикийн асуудал багатай гэгдэж байна. НАТО-гийн гишүүн Европын хэд хэдэн орон уг пуужингийн хөдөлгөөнт харвагчийг Украинд илгээх боломжтой бол пуужинг нь Норвеги улсаас нийлүүлэх боломжтой ажээ.

 

Эх сурвалж: Reuters