Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Дөлгөөн: Төр засгаас логистикийн асуудлуудыг нэг бодлогоор зангидаж, дэмжих хэрэгтэй байна

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Өнөөгийн байдлаар КОВИД-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас Тяньжин, Эрээн боомтод олон мянган тооны чингэлэг гацаж, Орос Украины дайны улмаас Европоос ирэх ачаа бараа саатаад байна. Уг хүндрэлийн голлох шалтгаанаар гадаад нөхцөл байдал нэрлэгдэж буй ч манай улсын тээвэр, ложистик, худалдааны чиглэлээр авч хэрэгжүүлэх бодлого мөн хангалттай сайн байгаагүйтэй холбоотой. 

Монгол орны гадаад худалдааны эргэлт эрчимтэй өссөөр 2021 онд 16.1 тэрбум ам.долларт хүрч, 2000 оныхоос ойролцоогоор 16 дахин нэмэгдсэн. 2017 оны байдлаар ДНБ-ий 55%-ийг эзэлж байна гэдэг нь Монгол Улсын эдийн засаг гадаад худалдаанаас хэт хамааралтай, эмзэг болсныг харуулж байна" гэдгийг Монголын Бизнесийн Зөвлөлийн бүх гишүүддээ зориулсан "Монгол Улсын Худалдаа, Тээвэр Логистикийн салбарт тулгарч буй хүндрэлтэй асуудлууд цаашдын гарц гаргалгаа” сэдэвт уулзалтын үеэр онцоллоо. 

Уг уулзалтыг Монголын Бизнесийн Зөвлөл, Далайд Гарцгүй Хөгжиж буй Орнуудын Олон Улсын Судалгааны Төв болон Монголын Авто тээвэрчдийн Нэгдсэн Холбоо хамтран зохион байгуулсан нь энэ юм. 

Сүүлийн хоёр жилийн хугацаанд эдийн засгийн өсөлтөд дарамт учруулж байсан цар тахал тодорхой хэмжээгээр намжсан, геополитикийн хүндрэлтэй асуудлууд залган гадаад худалдаа, тээвэр логистик, түүнчлэн эдийн засагт сөргөөр нөлөөлж, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд дарамт учруулж буйг мөн уулзалтын үеэр Монголын Бизнесийн Зөвлөлөөс онцолсон. 

Жишээлбэл, цар тахлын улмаас эрдэс бүтээгдэхүүн буюу цайрын баяжмал, төмрийн хүдэр, газрын тос, жоншны экспортын хэмжээ 2022 оны эхэн үед өмнөх жилийн мөн үеийнхтэй харьцуулахад эрс багассан. Зэсийн баяжмал 26%, нүүрс 75%- аар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Зөвхөн зэсийн баяжмал, алт, нүүрсний экспорт улсын нийт экспортын 86 орчим хувийг бүрдүүлж байна.

Гадагш урсах валютын зардал жилээс жилд өсөн нэмэгдэж, импортын бараа бүтээгдэхүүнээс хэт хамааралтай болсон нөхцөл байдал нь эдийн засагтаа эргээд дарамт үүсгэж байна.

Түүнчлэн үнийн өсөлтийн 50.9% нь импортын барааны хязгаарлалтын улмаас үүссэн гэсэн статистик тоо баримт бий. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Уулзалтын үеэр Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн гүйцэтгэх захирал Д.Дөлгөөн "Монгол Улсын ашиглаж буй чингэлгийн эргэлт сард дунджаар 4,000-5,000 чингэлэгт буюу нэг жилийн 60-70 мянган TEU (twenty-foot equivalent unit буюу хорин футтай тэнцэхүйц чингэлгийн хэмжээ) гэсэн тооцоолол байна.

Тяньжин боомт дээр Монгол Улсын импортын 4,000 гаруй чингэлэг дунджаар 50-80 хоногийн хугацаатай хүлээлгэд (2021 оны 5-10 сарын байдлаар) зогсож байна. Олон улсын хэмжээнд тулгамдаад буй асуудлаа тавьж шийдвэрлэхэд бүхий л боломжтой тусламж дэмжлэгийг үзүүлэх, дотооддоо оновчтой шийдэлд хүрч, нэгдсэн бодлогоор ажиллах хэрэгтэй. 

Дотооддоо шийдвэрлэх асуудлуудын тухайд,

  • Төр засгаас логистикийн асуудлуудыг нэг бодлогоор зангидаж, дэмжих
  • Тээвэр логистикийн салбарт Засгийн газар, төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран ажиллах
  • Логистикийн салбарынхны дуу хоолойг нэгтгэх
  • Тээвэр зуучийн үйл ажиллагааны ерөнхий нөхцөлийг журам болгох талаар холбогдох яам, байгууллагууд хамтран хэлэлцэж шийдвэр гаргах
  • Худалдааг хөнгөвчлөх үндэсний хороо нь гадаад худалдаатай холбоотой бүх гомдол, хүсэлтийг хүлээж авах нэг цонхны механизм бий болгох хэрэгтэй" гэв. 
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав